Жирэмсэн ээжүүдэд зориулсан зөвлөмж

“Энхрий үрээ хэвлийдээ тээн, уулзах өдрөө хоног тоолон суугаа үзэсгэлэнт ээж танд зориулав. Энэ л дахин давтагдашгүй нандин үе минь бидэнд аз жаргалыг бас үүрэг хариуцлагыг мэдрүүлдэг. Өөрийн болон удахгүй мэндлэх үрийнхээ эрүүл мэндийн төлөө баталгаатай, эх сурвалжтай мэдээллийг авч, чанартай үйлчилгээг өөрсдөдөө зориулаарай”

ЖИРЭМСЭН ҮЕД ЯАГААД НЭМЭЛТ ВИТАМИН УУДАГ ВЭ?

Хүний бие мах бодид амин дэм, эрдэс бодис үүсдэггүй тул тэдгээрийг өдөр тутам хоол хүнсээр зайлшгүй авах шаардлагатай байдаг. Аминдэм, эрдэс бодисыг “бичил тэжээл” гэж нэрлэдэг бөгөөд хүний бие мах бодид маш бага хэмжээгээр шаардагдах боловч хэвийн өсөлт хөгжил, бодисын солилцоо, аливаа өвчнөөс сэргийлэхэд чухал үүрэгтэй. Ялангуяа амин дэмийн хэрэгцээ нэмэгдэх үе буюу жирэмсэн үед та өөрт шаардлагатай байгаа эрдэс, витаминыг заавал нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй. Энэ нь бидний болоод бидний ургийн өсөлт хөгжилтөд амин чухал хэрэгцээ болж өгдөг.

ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХООЛЛОЛТ

Бид хоол тэжээлээр дамжуулан хэрэгцээт макро шим тэжээл болох уураг, нүүрс ус, өөх тос, микро шим тэжээл болох амин дэм, эрдэс бодисыг авч байдаг. Жирэмсэн үед бие мах бодийн бодисын солилцоо идэвхжиж, энергийн зарцуулалт нэмэгддэг хэдий ч их идэх биш зөв идэх нь хамгийн чухал байдаг. Жирэмсний эхний 3 сард нэмэлт илчлэг шаардлагагүй бол хоёр дахь сард 300ккал, гурав дахь  сард 450ккал нэмэлтээр авбал зохилтой. Энэ үед эрдэс бодис, амин дэмээр баялаг цагаан идээ, шинэ жимс, ногоо, үр тариа, уургаар баялаг мах, шош, самар сайн хэрэглэж, боловсруулсан болон лаазалсан бүтээгдэхүүн, халуун ногоо, кофе, чихэрийн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

ЖИРЭМСЭН ҮЕД УУХ БОЛОН ТАТГАЛЗАХ АМИН ДЭМҮҮД

Биед сайн гэсэн бүхнийг биш яг хэрэгтэй зүйлээ хэрэглэх нь хамгийн зөв. Жирэмсэн үед зарим төрлийн витамины тун ихсэх нь эсрэгээрээ ургийн гажиг үүсгэх ч эрсдэлтэй байдаг тул эрдэс, амин дэмийн хэмжээгээ тодорхойлсны үндсэн дээр уух нэмэлтээ сонгох хэрэгтэй. Жирэмсэн үед заавал нэмэлтээр авах витаминд фолийн хүчил, В12, В6, С байдаг бол тосонд уусдаг витамин буюу А, Д, Е, К витаминыг нэмэлтээр хэрэглэхдээ тун, хэмжээнд анхаарах шаардлагатай байдаг. Жишээ нь ургийн төв мэдрэлийн тогтолцооны хөгжилд чухал үүрэгтэй фолийн хүчлийг эхний 3 сард хэвийн тунгаас 3 дахин ихээр авах хэрэгтэй байдаг тул энэ нь хоол хүнсээр хангалттай нөхөгдөх боломжгүй юм.

ЖИРЭМСНИЙ ВИТАМИН УУСНААС ХҮҮХДИЙН БОЛОН ЭХИЙН БИЕИЙН ЖИН НЭМЭГДЭХ ҮҮ?

Эрдэс, витамин нь илчлэггүй буюу калоргүй байдаг тул бидний биеийн жинд нөлөөлдөггүй. Харин төмөр гэх мэт зарим эрдэс нь өтгөн хатахад нөлөөлдөг тул эслэг өндөртэй хүнс илүү ихээр хэрэглэх шаардлагатай байдаг.

АНХААРУУЛГА: Хүний биед эрдэс, амин дэм хэрэгцээ ИЛҮҮДЭХ, ДУТАГДАХ аль аль нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас та бүхэн зөв зохистой, эрдэс, амин дэмийн тэнцвэржүүлсэн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та жирэмсэн, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эхлээд цусанд байх эрдэс, амин дэмийг тодорхойлуулсны дараа нэмэлтээр хэрэглэх эсэхээ шийдэх нь таны жирэмсний явц болон ирээдүйн хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөд чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.