Экстрим спортод яагаад дурладаг вэ?

Эрх чөлөөг амтлах мартагдашгүй тэр мэдрэмж, адреналиныг ядаж нэг удаа мэдэрсэн хэн ч болов энэ тэнэглэлийг дахин давтахыг хүсдэг. Хэдийгээр бусад хүмүүс тэдэнд ямар их эрсдэлтэй болохыг хэлдэг ч энэ нь тэдэнд ямар ч нөлөөгүй байдаг. Юу чухам тэднийг амь насаараа дэнчин тавин барин тэрхүү мэдрэмжид дурлахад хүргэдэг вэ?

Сэтгэл судлаачид үүнд хэд хэдэн шалтгаан байдаг гэж үздэг. Нэгдүгээрт энэ нь эрх чөлөөг мэдрэх мэдрэмж болон өөрийн доторхи эмоцийг гаргах боломж гэжээ. Өдөр тутмын амьдралд биднийг элдэв төрлийн дүрэм журмууд, бусдын үзэл бодлууд хязгаарлаж байдаг. Экстрим спорт нь нэг бодлын бүх төрлийн дүрэм журам, баригдмал байдлаас чөлөөлөгдөх боломж, нэгэн төрлийн дасгал юм. Хоёрдугаарт энэ нь эргэн тойрныхондоо өөрийгөө сул дорой нэгэн биш, зоригтой гэдгээ харуулах хүсэл сонирхолтой холбоотой гэсэн бол гуравдугаарт адал явдал хайдаг өөрсөдтэгээ ижил төрлийн сонирхолтой найз нөхөд олж авах боломж гэж үздэгтэй холбоотой гэсэн байна.

Хамгийн өргөн тархсан экстрим спортын төрөлд нь сноуборд, уулын голын завь, уулын цана, серфинг, усан доогуур шумбах зэрэг төрлүүд юм. Нэлээд эрсдэлтэй төрлүүд нь шүхрээр үсрэх, уулын уруу дугуйгаар буух болон бусад төрлүүд орно. Эдгээр нь бүгд өндөр эрсдэлтэй бөгөөд багахан алдаа ч азгүйтэлд хүргэж болохоор байдаг.

Хэдийгээр экстрим төрлийн спорт сонирхогчдод их эрсдэл, аюул тулгарч байдаг ч энэ нь тэдэнд их хэмжээний адреналин өгдөг, өөрийгөө ялах боломж олгодог, мартагдхааргүй мэдрэмж, эрх чөлөөг мэдрүүлдэг учираас тэд татгалзаж чаддаггүй байна.