Сурагчийн амьдралаас оюутны амьдрал руу

Шинэхэн оюутнууд болон тэдний эцэг эхчүүдэд зориулсан –8 зөвлөмж

... Аливаа нэг шинэ орчин, шилжилт бүхэн биднийг стресст оруулах хүчин зүйл болдог билээ. Тэр дундаа хүний амьдралд тохиолдох томоохон суурь өөрчлөлт бол ахлах сургуулиас их дээд сургууль руу чиглэсэн шилжилт юм. Энэ үед үүсэх олон эргэлзээ нь, айдас түгшүүрийг үүсгэж, шилжилтийн үеийн стрессийг нь улам нэмэгдүүлж болох юм. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, ойлгож дэмжих нь хамгийн чухал бөгөөд энэхүү шилжилтийн үеийг хөнгөвчлөх 8 зөвлөмжийг хүргэе.

            1. Хүлээлт нь бодит байгаа эсэхийг шалгах

Их сургуультай холбоотой тэдний төсөөлөл, сэтгэгдлийн талаар ярилцаарай. Ихэнх тохиолдолд хэт өндөр хүлээлт болон айдас нь стрессийн шалтгаан болох тул бодит байдлын тухай хэлж, зөрүүтэй ойлголтуудыг нь нэгтгэхэд туслаарай.

            2. Ганцаараа биш гэдгийг нь ойлгуулах

Нийгмийн хүрээлэл томрохын хэрээр өөртөө эргэлзэх, дутуу дулимаг санагдаж магадгүй бөгөөд энэ нь ч жижиг орчноос томоохон орчинд шилжиж буй хүн бүхэнд нийтлэг тохиолддог, хэвийн үзэгдэл гэдгийг ойлгуулах.           

            3.  Ялалт мөнхөд үргэлжлэхгүй

Амьдралд олон сорилт тулгарах бөгөөд дандаа ялах, юм бүхэн төгс байх боломжгүй юм. Асуудал, ялагдал бол дараагийн хожилд хүргэх сургамж болохыг ойлгуулаарай.

           4. Бие даах боломжийг нь олгох

Өөрийнх нь гаргасан шийдвэрийг хүндэтгэж, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх боломжийг нь олгоорой. Нэгэнт л та дандаа хамт байж, бүх асуудлыг нь өмнөөс нь шийдэж чадахгүйгээс хойш юм бүхэнд нь оролцохоос татгалзаарай.5.Стрессээ даван туулах зөв аргуудад сургах

            5. Чанартай нойр, эрүүл хоол, идэвхтэй дасгал хөдөлгөөн зэрэг нь амьдралын тэнцвэрийг бий болгож, стрессийг даван туулахад туслах энгийн аргууд юм.

            6.  Сөрөг бодлуудаас зайлсхийх

Стресс сөрөг бодлуудыг бий болгож, эдгээр нь бидний мэдрэмжинд нөлөөлдөг. Иймээс аль болох сөрөг бодлуудаа өөрчлөхөд анхаараарай.

             7. Бусадтай харьцуулахгүй байх

Юм бүхэн бидэнд харагдахгүй өөр нэг талтай бөгөөд амжилтанд хүрсэн хүмүүст ч алдаа дутагдал, сул талууд бий. Өөр хүний явсан зам, арга барил таньд тохирохгүй байж болно. Тиймээс бусдын үзүүлэлттэй өөрийгөө харьцуулахын оронд, өөрийнхөө өнөөдрийн түвшингээс нэг шат ахих  нь л чухал гэдгийг сануулаарай.

            8.  Мэдрэмжийг нь хуваалцах

Бидний ихэнх нь зүгээр л мэдрэмжээ хуваалцах тал дээр асуудалтай байдаг. Тиймдээ ч хэцүү зүйлс тохиолдсон ч нуугаад л өнгөрөөдөг. Аль ч үед, ямар ч сэдвийн талаар ярилцаж болох хүн нь байгаарай.

 

Эцэст нь хэлэхэд бидний хэн нь ч төгс биш бөгөөд алдаа гаргах вий гэдэг дээр бүү төвлөрөөрэй. Энэ нь биднийг улам бүр төөрөлдүүлж, юу хүсч буйгаа умартахад хүргэдэг билээ.

Эх сурвалж : https://www.psychologytoday.com/intl/blog/singletons/201807/15-tips-ease-the-transition-high-school-college?fbclid=IwAR1xFJ7wSM6P9jL8_3-FVFR2GpUe4H4JgBa6sn3g2MuBSAQsXYxHCYxM6Jw