Хүүхдүүдийнхээ өөртөө итгэх итгэлийг өөрчилдөг гол эзэд бол томчууд бид

Хүүхэд бүрт “өөртөө итгэх итгэл” байдаг. Түүнийг нь унтраалгүй хэрхэн хөгжүүлэх вэ?

Хүүхдийн инээд, баяр хөөр бидний сэтгэлийн гүнд мэдрэгдэж байгаа нь тухайн хүүхэд өөртөө итгэх итгэлээр дүүрэн байгаан шинж юм.  Өөртөө итгэх итгэл нь гений хүчээр бүх хүүхдэд өвлөгддөг байгалийн хүч юм. Хүүхдийн мэдрэлийн систем нь хөгжиж, нийгэмших үйл явцын хамгийн эхний алхам нь “инээх” үйлдэл байдаг. Хүүхэд эхээс мэндлээд төд удалгүй инээмсэглэдэг. 3-4 сартайдаа өхөөрдөм дуу авиатай инээж эхэлдэг. Энэ үйлдэл нь хүүхдийн цаашдын оюун ухааны хөгжлийг илэрхийлэх чухал дохио юм. Эсрэгээрээ, “инээхээ болих”, “нүүрний хувиралгүй болох” зэрэг нь хүүхдэд маш том аюул, эрсдэлд ойр байгааг илтгэх SOS дохио болдог.

Орчинг нь бүрдүүлээгүй байж хүчлэн, стресст оруулж байсны улмаас төрөлхийн хөгжлийн бэрхшээлээс гадна өөр асуудал үүсдэг. Үүнийг хөгжлийн дам бэрхшээл гэдэг. Гэмт хэрэг үйлдэх, нийгмээс хоцрогдох гэх мэт хүндхэн асуудлуудын шалтгаан нь хөгжлийн дам бэрхшээл буюу өөртөө итгэх итгэлийн хямралтай холбоотой байдаг.

Хайрт хүүхдүүдийнхээ өөртөө итгэх итгэлийг хэрхэн хамгаалж, нэмэгдүүлэх вэ?

Юу хийж болохгүй зүйлсийн тухай дэлгэрэнгүй авч үзье.

Дооглох, үл тоомсорлох, уур уцаартайгаар загнах байдлаар хүүхэдтэйгээ харьцаад байвал өөртөө итгэх итгэл нь унадаг тул хүүхдээ загнахын өмнө хэсэг хором тунгаагаарай.

Хүүхдийн зүрх сэтгэл нь эмзэг, ариухан байдаг тул хамгийн дотны ээж нь түүнийг үгүйсгэх үед өөртөө итгэх итгэлээ тодорхой хугацаанд алддаг. Ийм өдрүүд олон давтагдвал өөрийгөө хамгийн сүүлд тавин “би ч угаасаа чадахгүй л дээ...” гэж томоохон боломжуудыг алдах болдог.

  • Хүүхдээ бусадтай харьцуулалгүй жижиг зүйл дээр ч магтаж байвал өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг.

Ингэхэд ер нь “өөртөө итгэх итгэл” гэж юу вэ?  Хүүхэд тань өөрийгөө “энэ хорвоод мэндэлсэн минь ямар их аз вэ? гэж бодох явдал юм. Үүнийг л биелүүлж чадвал хүүхдээ амжилттай өсгөлөө гэж бодож болно.

Хүүхэд өөртөө итгэх итгэлээ алдах бол тэр нь насанд хүрэгчдийн буруу байдаг. Тэгвэл хэрхэн өөртөө итгэх итгэлийг хадгалах вэ? Хүүхдэдээ багаас нь “хичээвэл чаддаг” гэх туршлага, дурсамжуудыг аль болох олон мэдрүүлэх юм. Спорт ч, хичээл ч, үсэг заахдаа ч, зураг зуруулахдаа ч гэнэт шахаж сургах гэж тулгах хэрэггүй. Хүүхэд байхад нь заавал ялагдлыг мэдрүүлэх албагүй шүү дээ.

Бага багахан амжилтуудыг мэдрүүлж “ Чи .... мундаг байна”, “..... сайн чадаж байна” гэж магтах хэрэгтэй. Магтахдаа тухайн хүүхэд ямар зүйл дээр сайн байгааг тодорхой хэлэх нь чухал.  Чи  Хүүхэд байхдаа амжилтын амтыг их мэдэрсэн хүн хүчтэй байдаг. “Хийвэл чадна”, “өөрийнхөө байгаа байдалд дуртай” гэх бодлууд нь хүүхдэд маш том хүч болж өгдөг. Аливаа зүйлийг хийж сайн чадсан үед нь “мундаг, мундаг” гэж алга ташин баяр хүргээрэй. Бүтэлгүйтсэн ч гэсэн “оролдож үзсэн нь сайн байна” гэж магтах хэрэгтэй.

“Үргэлж магтаад байвал биеэ тоохгүй гэж үү?” гэж бодож байвал та санаа зовох хэрэггүй. Эргэлзэх зүйлгүй чин сэтгэлээсээ магтаарай.

Багшдаа, аав ээждээ, танихгүй томчуудад байнга загнуулах хүүхэд олон байдаг. Дээрх төрлийн хүүхдүүдийг өсгөж буй ээжүүдээс “хүүхдээ загналгүй, магтах байдлаар ямар нэг зүйлд сургаарай” гэж хүсье. Зарим тохиолдолд сөрөг үгсийг эерэг үгээр солих нь хүүхдийн хөгжилд чухал үр дүнтэй байдаг.

Жишээ нь:

“Гудамд битгий гүй, аюултай болохгүй” - “Гудамд зөөлөн алхацгаая”

“Битгий шуугиад бай, чимээгүй” - “Цоглог дуугарч байна, одоо чимээгүй байж чадах уу”

“Яасан муухай бичдэг юм, уншиж болохгүй байна” – “Аажуухан дахиад нэг бичээд үзэх үү”

“Юмаа мартаж болохгүй шүү” – “Хамтдаа авч явах зүйлсийн жагсаалтыг нь шалгая” гэх мэт.

Сөрөг хэлбэрийг, эерэг хэлбэрт шилжүүлэхээр чихэнд хялбар сонсогддог. Шууд хэрэглээ болгож чадахгүй байвал нийтлэг хэрэглэдэг үгсээ жагсааж бичээд үзвэл үр дүнтэй байж магадгүй.

Эцэг эхийн хүүхэд өсгөх зовнил стресс нь хүүхдийн “өөртөө итгэх итгэл”-ийг бууруулах эрсдэлтэй.

Хүүхэд өсгөх тухай ямар ч номын зөвлөгөөн  дээр “бусадтай харьцуулж болохгүй” гэж байдаг. Хэдий “харьцуулж болохгүй” гэж хэлсэн ч, харьцуулах боломж байвал ашигладаг нь хүний мөн чанар байж магадгүй.

Бусадтай харьцуулагдан загнуулж өөртөө итгэх итгэлээ алдаад байсан хүүхэд өөрийн сайн чадах дуртай зүйлийг олж мэдсэнээр түүнийгээ шимтэн хийх болж, өөр хүн шиг болдог. Генээс шалтгаалах төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд ч бусадтай харьцуулагдахаа болимогц өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж ихэд өсч хөгждөг. Та хэрвээ хүүхдээ харьцуулмаар байгаа бол 1 сарын өмнөх , хагас жилийн өмнөх тухайн хүүхдийг өөрөө өөртэй нь харьцуулах нь зүйтэй. Хүүхдүүд нийгмийн амьдралд хөл тавиад амжилт олох уу, аз жаргалтай амьдралыг бий болгож чадах уу өөрийнхөө байгаа байдалд сэтгэл хангалуун байж энэ хорвоод мэндэлсэндээ баярлах болов уу гэдэг нь тухайн хүүхэдтэй хамт байх хүмүүсийн хүнлэг байдлаас шалтгаална. Бид бүхний үүрэг бол хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхэд бүх анхаарлаа хандуулах явдал юм. Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хамгийн том хүч бол ээжийн өөртөө итгэх итгэл байдаг. Энэ хүүхдийг төрүүлсэн хүн нь би, “ийм хүүхэдтэй болсондоо баяртай байна” гэх бодол сэтгэл нь ээжүүдийн өөртөө итгэх итгэлийг ихэд өсгөдөг. Генээр өвлөж авсан авьяасыг цэцэглүүлэх “ач ивээлийн ус” бол өөртөө итгэх итгэл юм. Тэр дундаа ээжийнх нь өөртөө итгэх итгэл л хүүхдийн авьяасыг нээх гол түлхүүр билээ.