Хүүхэд тань хүүхэд хазах, майжих асуудал гараад байна уу?

Яагаад хүүхэд ийм зан гаргаад байна гэсэн бодол эцэг эхчүүдийн толгойд эргэлддэг. Хоёр орчим настай хүүхдүүдэд хазах, майжих, чимхэх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Энэ нь тэдний хөгжлийн онцлогтой холбоотой. Гэхдээ хүүхэд болгон  бусдыг хазаад, майжаад байдаггүй. 

Гэтэл, ялангуяа цэцэрлэгт хажуунаас нь барьж байсан тоглоомыг нь булаагаад авах, эсвэл түүнийг түлхдэг. Тэгээд өөрт бодогдож, мэдрэгдэж байгаа зүйлээ хүүхэд үгээр тайлбарлан ойлгуулж чадахгүй болохоор гомдлоо илэрхийлэхдээ бусдыг хазах, майжих, цохиж авах зэргээр илэрхийлнэ. Хэл ярианы хөгжил тааруухан хүүхдэд ийм байдал илүү ажиглагддаг байна.

Ийнхүү түрэмгий зан байдал гаргах нь өөрийгөө хянах чадвараар зохицуулагдах бөгөөд энэ насанд тэд ийм чадварыг хараахан эзэмшээгүй байдаг.

Балчир хүүхдийн орон зайн мэдрэмж тааруухан байдаг. Иймд тэд заримдаа олон хүүхдийн дунд байхдаа өөртөө зай талбай гаргахын тулд бусдыг хазах, цохиж авах тал байдаг. Мөн хүүхэд заримдаа ядрах, өлсөх, урам хугарах эсвэл орчноосоо хэтэрхий их цочрол (олон жижиг хүүхдийн уйлаан шуугиан) авах тохиолдолд өөрийгөө удирдах чадвар дутмагаас дээрх авир үйлдлийг гаргах нь бий.

Хэрэв энэ зан байдлыг нь засах оролдлого үр дүнгээ өгөхгүй байвал хүүхдийн түрэмгий үйлдэл бас өөр шалтгаантай байж болно. Хүүхэд харшлын эсрэг эм хэрэглэх, гэрийнхэн нь хэрүүл маргаан, зөрчилтэй байх, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөх (байр сууц нь өөрчлөгдөх, дүүтэй болох гэх мэт)  зэрэг нөхцөлд мөн иймэрхүү зан авир илрэх талтай. 

Эцэг, эхийн хийж болох зүйлс:          

Чөлөөтэй, зайтай байлгах - Бачуу өрөөнд олон жижиг хүүхэд байхад тэдэнд тааламжгүй. Тэгэхээр цэцэрлэг дээрээ хүүхдүүдээ аль болох бие биенээсээ зайтай, чөлөөтэй байлгахыг багшаас нь хүсэх.

Зөв харьцахад сургах - Сайн байсан тохиолдлууд тухайлбал, тоглоомоо бусдад өгсөн, ээлжилсэн гэх мэт үйлдлийг магтан урамшуулах.

Хаздаг хүүхдийг уурлаж, зодож хашраана гэж байхгүй. Тэгээд ч хүүхэд хорон санаалж, хүмүүжилгүйдээ хазаж байгаа хэрэг биш, өөрийгөө илэрхийлж буй байдал нь тэр юм. Тэгэхээр аль болох аядуу зөөлөн хандаж, тэдэнд яавал “сайн” үйл байж болох вэ гэдгийг мэдрүүлж, өөрийгөө илэрхийлэх өөр арга замаа олоход туслах нь чухал. Цаашдаа гайгүй болох байлгүй дээ гээд зөнд нь орхивол хэрэгцээгээ хангахын тулд “ингэж бас болдог юм байна” гэсэн ойлголт авч болзошгүй.