В витамины төрлүүд болон ач тус

Хүний биед хэрэгтэй бүх л амин дэмүүд В витамины төрлүүдэд агуулагддаг ажээ. Дотроо 9 өөр төрөл байх бөгөөд тус бүртээ биед үзүүлэх үр нөлөө, ашигтай чанараараа ялгаатай байдаг байна. В витаминаар баялаг хоол хүнсний мэдээлэл:

1. "В1" 

Дархлааны системийг сайжруулж, танд эрч хүчийг бэлэглэх болно. Энэхүү витамин нь ядаргааг тайлж, сэргээх үйлчилгээтэй. Харин тус витамин биед дутагдсан үед хоолны дур болон биеийн жин буурах, дотор муухай оргих, цочромтгой болж, амархан уурлаж уцаарлахад хүргэдэг байна.

Өдөрт авах ёстой хэмжээ: Эмэгтэй хүн 1.1 мг, эрэгтэй хүн 1.2 мг

"В1" витаминаар баялаг хүнс: гахайн мах, самар, наран цэцгийн үр, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, ногоон вандуй, хар шош

2. "В2"

Стресс бухимдлыг дарах шидтэй тус витамин нь таныг сэргээж, эрч хүчээр цэнэглэхээс гадна, биеийг эрүүлжүүлж, дотроос тань цэвэрлэнэ. Хоолой өвдөж, уруул хагарч, үс хуурайших, арьс загатнах, толгой өвдөх болон нүд өвдөх тохиолдолд тус витаминыг ууж, асуудлаа шийдвэрлэх боломжтой. 

Өдөрт авах ёстой хэмжээ: Эмэгтэй хүн 1.1 мг, эрэгтэй хүн 1.3 мг

"В2" витаминаар баялаг хүнс: Мах, бяслаг, тараг, ногоо, өндөг, бүх үрийн гурил, бүйлсэн самар болон мөөг

3. "В3"

Витамин "В3" нь биед хэрэгтэй холестеролыг нэмэгдүүлж, дархлааны системийг сайжруулдаг. Олон төрлийн өвчинөөс таныг сэргийлэх бөгөөд хоол боловсруулах системийг дэмждэг аж. Харин биед тус витамин дутагдсанаар арьс хуурайшиж, хоол шингэхгүй болж, дотор муухайрч, толгой өвдөж, гүйлгэж эхэлдэг байна.

Өдөрт авах ёстой хэмжээ: Эмэгтэй хүн 14 мг, эрэгтэй хүн 16 мг

"В3" витаминаар баялаг хүнс: Туна загас, салмон загас, тахиан мах, гахайн мах, элэг, мөөг болон наранцэцгийн үр

4. "В5" 

Арьсыг толигор, гялалзсан болгож, батгыг эмчлэх тустай "В5" витамин хэрэглэж байгаарай. Энэ нь арьс болон үсэнд эерэг сайнаар нөлөөлж, үзэсгэлэнтэй харагдахад тусладаг байна.  

 

Өдөрт авах ёстой хэмжээ: Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан 5 мг

"В5" витаминаар баялаг хүнс: Наранцэцгийн үр, мөөг, салмон загас, авокадо, өндөг, гахайн мах, тахиан мах болон амтат төмс

5. "В6"

"Пиридоксин" хэмээх нэрээр хүмүүст танигдсан "В6" витамин нь тархины үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлж, зүрхний шигдээс, мартах өвчнөөс сэргийлэх бөгөөд тухтай амрахад туслах болно. Үүнээс гадна, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх төдийгүй жирэмсэн эмэгтэйчүүд тус витаминыг авснаар өглөөдөө хордлого өгч, өвдөх нь багасах юм. 

Өдөрт авах ёстой хэмжээ: Эрэгтэй, эмэгтэй адилхан 1.6 мг

"B6" витаминаар баялаг хүнс: Гадил, мах, шош, загас, овъёос, самар, үр болон хатаасан жимс, жимсгэнэ

6. "В7" 

Эрүүл, толигор арьстай, намирсан сайхан гэзэгтэй болохыг хүсвэл та "B7" витаминийг хэрэглээрэй. Энэ нь таны арьсыг гэрэлтсэн сайхан болгохоос гадна үс, хумсны ургалтанд нөлөөлдөг төдийгүй бие дэх холестрины хэмжээг тэнцвэржүүлдэг аж. 

Өдөрт авах ёстой хэмжээ: Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан 30 мг

"B7" витаминаар баялаг хүнс: Загас, амтат төмс, бүйлсэн самар, лууван, гадил, бор будаа, амтат чинжүү, өндөгний шар, сүү, бяслаг болон тараг

7. "В8"

Уур бухимдлыг үгүй хийж, таныг тайвшруулах шидтэй "В8" витамин нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Энэ нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, жин хасахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж. 

Өдөрт авах ёстой хэмжээ: Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан 300 микрограм

"B8" витаминаар баялаг хүнс: Үхрийн мах, будаа, исгэлэн жимс, элэг, самар болон бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн

8. "В9"

Эмэгтэй хүн бүрийг зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, ой санамжаа алдах, хорт хавдартай болох өвчнүүдээс хамгаална. Ялангуяа жирэмсэн эхчүүдийн хамгийн сайн найз болдог бөгөөд ургийг эрүүл өсч торниход ихээхэн тус хүргэдэг аж. Мөн уураг шим тэжээл өгч, ядаргааг давхар бууруулдаг.

Өдөрт авах ёстой хэмжээ: Эрэгтэй, эмэгтэй хүмүүс 400 микрограм, жирэмсэн эмэгтэй 600 микрограм

"B9" витаминаар баялаг хүнс: Жүржийн шүүс, гүзээлзгэнэ, шош, өндөг, бууцай болон броккли

9. "В12" 

Хүн бүр энэхүү витаминыг зайлшгүй авч байх шаардлагатай. Бодисын солилцоог хэвийн явагдахад туслахаас гадна, уургийн нийлэгжилтэнд чухал ач холбогдол үзүүлдэг. Зүрхний өвчин, санах ой алдагдах, цус багадалт өвчнөөс таныг хамгаалж, эрүүл аж төрөхөд туслах болно. 

Өдөрт авах ёстой хэмжээ: Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан 2.4 микрограм

"B12" витаминаар баялаг хүнс: Бяслаг, өндөг, загас, мах, сүү болон тараг

Зөв хоол хүнсийг сонгох

Та дээр дурдсан витаминуудыг авахын тулд маш олон төрөл бүрийн хоол хүнсийг идэх шаардлагатай болно. Үүний оронд хоолоо хийхдээ тэдгээр хүнсийг нэг дор ашиглаж, В витаминуудыг авч болох юм. Жишээлбэл бууцайны салатыг чанасан өндөг, наранцэцгийн үртэй хамт идсэнээр та олон төрлийн В витаминыг нэг дор авах боломжтой. Мөн Та аяганы дөрөвний нэг хэмжээтэй наранцэцгийн үр идсэнээр өдөр тутамд авах хэрэгтэй В1-ийн 43 хувь, В6-ийн 24 хувь, В5-ийн 24 хувь, В9-ийн 20 хувь, В3-ийн 18 хувийг нэг дор авна. Үхэр, гахай, хонины маханд танд хэрэг болохуйц В витамин агуулагдаж байдаг бөгөөд үүнийг тохируулан идсэнээр та өдөрт авах ёстой В витаминаа бүхэлд нь авч байгаа хэрэг юм.

Бууцай нь В2, В6, В7 болон В9 витаминаар, Өндөг нь В2, В5, В7 болон В12 витаминаар, Бүхэл үрийн талх нь В1, В7, В9 витаминаар баялаг тул таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, олон төрлийн амин дэмийг өгнө. Танд эрүүл энхийг хүсье.