Та анзаарсан бол сүүлийн үед томоохон байгууллагуудын захирлууд зөв хандлагатай хүнийг олж аваад ажлын байран дээрээ сургаад ажиллуулах нь дээр юм гэх болсныг анзаарсан байх. Тэгвэл зөв хандлага гэдэг нь хувь хүний хандлагатай нь холбоотой чадвар бөгөөд "21-р зууны чадвар" хэмээн хэлэгддэг, ямар нэг тодорхой ажилтай холбоотой биш чадварууд юм. Энэхүү чадварууд нь бусад хүмүүстэй харилцахад тусладаг чадвар бөгөөд ихэнхдээ багын хүмүүжлээс төлөвшдөг чадварууд юм.
Эдгээр чадварууд нь цаашдаа илүү эрэлттэй байх бөгөөд ажил олгогчид эдгээр чадваруудыг эзэмшсэн хүнийг олж аваад өөрсдөө ажлын байрандаа сургах сонирхолтой байна. Гэвч энэ хандлагатай холбоотой чадвар сул бол цаашдаа ажил олж авахад амаргүй байх нь.
Судалгаанаас үзэхэд шийдэлд хүрэхийн тулд асуудалд үнэлэлт өгөх, дүн шинжилгээ хийх, асуудал шийдэх чадвар, бүтээлч байх болон харилцааны чадварууд дутагдалд орж байгаа юм байна. Аль салбарынх байхаас үл харгалзан дээрх чадваруудтай ажилтнууд цаашдаа эрэлт ихтэй бөгөөд цалин нь ч өндөр байхаар байна.
Аль ч их сургуульд сурч байлаа гэсэн, ажлын байранд амжилттай байхын тулд эдгээр чадварууд нь хөгжүүлж болох чадварууд бөгөөд үүнд үндсэн 6 чадвар багтана. Эцэг эхчүүд эдгээр чадваруудыг хүүхдэдээ багаас нь төлөвшүүлэх тал дээр анхаарлаа хандуулж чадвал хүүхдээ ирээдүйд ажлын байраа олоход нь санаа зовохгүй болох нь.
1. Харилцааны чадвар.
Хүмүүстэй аятайхан хэл амаа ололцох чадвар бол ямар ч ажлын байрны хувьд ялгаагүй магадгүй хамгийн чухал чадвар. Өнөө үед оюутан залуус ихэнхдээ олон нийтийн сүлжээгээр харилцдаг болж байгаа нь нүүр нүүрээ харж ярилцах үед хүндрэлүүд үүсч эхлэж байна.
Энэ чадварт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг байх, аман болон бичгэн хэлбэрээр санаагаа илэрхийлэх, ярилцаж буй хүнээ анхааралтай сонсох, ойлгох зэрэг чадваруудын бүрдэл гэж ойлгож болно. Дээрээс нь цахим ертөнц хөгжиж байгаа өнөө үед мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээх, хуваалцах чадвартай байх нь мөн чухалд тооцогдох чадвар байх юм. Эцэг эхчүүд харилцааны чадварыг багаас нь суулгах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна.
2. Багаар ажиллах, хамтарч ажиллах.
Ихэнх ажлын байрны хувьд багаар ажиллах чадварыг ихээр шаардах болж байна. Залуу ажилтнуудын хувьд зөвхөн өөрсдийн хүсэл сонирхлыг чухалчлахаас илүүтэй байгууллагынхаа нэгдмэл зорилго, эрх ашгийн төлөө бусадтайгаа зохицож ажиллах хэрэгтэй байдаг. Сургуулиа төгсөөд шинээр ажилд орохдоо мэдээж шууд дарга болчихгүй тул багаар ажиллаж сурах хэрэгтэй болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аль ч ажлын байран дээр байсан байгууллагынхаа гол зорилготой уялдаж ажиллах бусад ажилтнуудаа дэмжиж нягт хамтарч ажиллах тухай юм. Хүүхдэдээ энэ талын чадвар суулгахын тулд багаас нь цэцэрлэгт явуулах, багаар ажиллуулж сургахад анхаарал хандуулах хэрэгтэй.
3. Хувийн зохион байгуулалт.
Их сургуулиа төгсөөд ажил дээр гарахад залуу хүмүүсийн хувьд хувийн зохион байгуулалтын хувьд олон өөрчлөлтүүд хийх хэрэгтэй болдог. Хариуцлага нэмэгдэнэ, цаг барих, хариуцлагатай байх, зохион байгуулалттай байх зэрэг зуршлуудыг бий болгох хэрэгтэй болно. Цаг барина гэдэг нь хэдийгээр амархан юм шиг боловч хамгийн чухал чадвар нь бөгөөд 8 цагаас ажлаа эхлүүлнэ гэдэг нь яг 8 цагтаа эхлэх, энүүгээр тэрүүгээр өрөө хэсээд яриа үүсгээд бай гэсэн үг биш юм. Багаас нь хүүхдээ гэрийн даалгавраа хэдэн цагаас хийж байх, орондоо хэдэд орсон байх ёстой зэргийг сургах замаар цагийн хуваарийг нь болж өгвөл өөрөөр нь төлөвлүүлж сургах хэрэгтэй.
4. Идэвх зүтгэл, санаачлага.
Ажил олгогчид лидерийн чадвар бий эсэхийг чухалчилдаг. Гэхдээ энэ нь ямар нэг төслийг ахлах тухай, эсвэл ямар нэг хэлтсийн захирал байх тухай биш бөгөөд энэ нь ямар нэг чадварын хувьд манлайлах тухай ойлголт юм. Үүнд: ажлаа төлөвлөх, зохион байгуулах, аль чухлаас нь ажлаа эхлүүлэх, үүрэг даалгавраа цаг тухайд нь сахилга баттайгаар хийж чаддаг байх, ажлаа хэн нэгнээр хэлүүлэхгүйгээр санаачлагаараа хийх тухай юм. Ихэнх тохиолдолд аливаа хүнийг идэвх санаачлагатай байлгахын тулд багагүй хэмжээний урамшуулал шаардагддаг учраас ажилтнуудын хувьд энэ нь яах аргагүй чухалд тооцогдох чанар юм.
Эцэст нь залуу ажилтнууд өөрсдийн гүйцэтгэлээ зорилгодоо хүрсэн эсэхийг болон хийх ёстой зүйлээ цагтаа хийж чадаж байна уу гэдгийг өөрсдөө дүгнэдэг чадвартай байвал сайн.
5. Асуудалд үнэлэлт өгөх, дүн шинжилгээ хийн шийдэл олох чадвар.
Энэ нь аливаа асуудалд үнэлэлт өгч, дүн шинжилгээ хийн шийдэл олох чадвар юм. Энэ нь зөвхөн өнөөдрийн боломжуудыг судлахаас гадна ирээдүйд ямар боломжууд байх боломжтойг ч мөн судладаг. Эцэг эхчүүд энэ чадварыг хүүхдэдээ багаас нь төлөвшүүлснээр тэд ажилд ороод уг чадвараа ашиглан мэдээлэлд дүн шинжилгээ хийн тухайн асуудалд үр дүнтэй шийдэл санал болгох чадвартай болсон байх болно.
6. Глобал хандлага.
Өнөөгийн ертөнцөд ажилтнууд дэлхийд юу болж байгаа талаар өргөн хүрээний мэдлэгтэй байвал нэмэх оноо гэсэн үг. Глобал хандлагатай байна гэдэг нь олон янзын соёл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, улс төрийн байр суурь, шашин шүтлэгтэй хүмүүстэй нээлттэй, мэдрэмжтэй бөгөөд хүндэтгэлтэй харилцаж чаддаг чадвартай байхыг хэлнэ. Түүнчлэн глобал чадварт өнөөгийн эдийн засагт чухал ач холбогдолтой байх дижитал чадварыг багтаах ба энэ нь сошиал медиа сувгуудыг ашиглаж чаддаг байх мэдлэг болон онлайнаар хэрхэн харилцах талаар зохих хэмжээний мэдлэгтэй байх тухай юм.
Эдгээр чадваруудыг хэрхэн хүүхдэдээ багаас нь суулгах тал дээр эцэг эхчүүд анхаарч ажил хэрэг болгож чадвал ирээдүйд ажлын байрандаа хэрэгтэй хүн болж цаг үетэйгээ хөл нийлүүлэн амжилттай байхад нь туслах гол чадварууд болж байна.