Эцэг эхчүүд хүүхдээ мөрөөдлийнхөө хойноос тууштай хөдөлмөрлөж чаддаг, өөртөө итгэлтэй нэгэн болж өсгөхийг хүсдэг. Хэрхэн хүүхдээ өөрсдийгөө хэн болж төрсөндөө сэтгэл хангалуун байхад нь туслах вэ? Хэрхэн тэднийг зорилгынхоо төлөө итгэлтэйгээр урагш явж чадах нэгэн болоход нь туслах вэ?
1. Тэдэнд сонголт хийх боломж өгч байх.
Амьдрал бол нэг бодлын олон сонголтууд болон шийдлүүдийн нэгдэл юм. Хүүхэд бага насны байх тусам эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс шийд гаргадаг. Тэд том болох тусам өөрсдөө шийд гаргаж байх боломжийг бий болгож байх хэрэгтэй.
Хэрэв та хүүхдэдээ өөрсдийнхөө орчинг өөрөө шийдэж байх тэр боломжийг олгож байвал тэдний өөртөө итгэх чадварыг нь хөгжүүлэх болно. Юу өмсөх, ямар тоглоомоор тоглох, юу идэх зэргээ өөрөө шийддэг байснаар тэдний аливаа асуудлын хувилбаруудаас сонгох чадвар нь хөгжих болно.
Жишээ нь: "тоглоомоо дүүдээ тоглуул" гэж хэлэхийн оронд "дүүдээ машинаар тоглуулмаар байна уу эсвэл онгоцоор тоглуулмаар байна уу" гэх байдлаар тэдэнд сонголт хийх боломж олгож байвал сайн.
2. Хүүхдээ сонсдог байх.
Өөрийн ярьж буй зүйлийг, үзэл бодлыг бусдад сонсуулахаас илүү тайвшруулдаг зүйл гэж үгүй. Завгүй биш үедээ хүүхдэдээ цаг гаргаж гар утсаа түр цааш нь тавиад хүүхдээ үнэн сэтгэлээсээ сонсож байгаарай. Хэрэв тэд танд ямар нэг санаа зовж байгаа зүйлийнхээ талаар ярьвал түүнийг нь сайтар сонсож хэрхэн шийдэх тал дээр санал бодлоо хуваалцаж байгаарай.
Хэрэв хүүхэд тань танд юуны ч талаар хамаагүй санаа зоволтгүй ярьж чаддаг бол тэдний өөртөө итгэх чадвар нь илүү өсөх болно.
3. Тэдэнд эрсдэлтэй алхам хийхийг зөвшөөрөх.
Эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийн инстинктээрээ амьдралд нь тохиолдож болох муу зүйлүүдээс хамгаалдаг. Гэхдээ бид алдаанаасаа суралцдаг, алдаж байж дараагийн удаа яавал дээр болохыг мэдэж авдаг, алдаагаа давтахгүй болдог.
Тэгэхээр хүүхдэдээ аливаа зүйлийг өөрсдийнхөөрөө шийдэж байхыг нь, тодорхой хэмжээнд алдаа гаргахад нь ширүүлэлгүйгээр, юу нь буруу байсныг нь хэлж өгч дараагийн удаа яавал зөв байхыг нь хэлж өгөх хэрэгтэй.
4. Тэднийг мөрөөдөхийг нь дэмжих.
Хүүхдэдээ тэд ягаад мэргэжлийн хөлбөмбөгчин болж чадахгүйг нь хэлэхгүй, ойлгуулахгүй байна гэдэг магадгүй амаргүй байх л даа гэхдээ тэгэж хэлэхээ түр хойш тавиад тэдний мөрөөдөх боломжийг битгий хаагаарай.
Хэрэв мэдээж амжилт гаргасан бүх хүүхдүүдийг ээж аав нь унтраагаад байсан бол хэн ч амжилт гаргаж чадахгүй байх байсан. Хүүхдүүд ихэвчлэн дэврүүн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ хэрэв шаргуу хөдөлмөрлөн өөрсдөдөө итгэвэл юунд ч хүрч, хэн ч болж чадна гэдгийг сайтар ойлгуулж байх нь зүйтэй.
Багаасаа мөрөөдсөн зүйлийнхээ төлөө тууштай байж чадвал хаана хүрэхийг хэн хэлж мэдэх билээ. Хүүхдийнхээ сайн хөгжөөн дэмжигч нь байж мөрөөдөлдөө хүрэхэд нь тэдэнд туслаж байгаарай. Хэрэв тэд замын дунд шантарвал энэ нь зүгээр, зорилгодоо хүрэх өөр олон арга замууд байгааг хэлж, эцэст нь хэрэв оролдож үзэхгүй л бол амжилтанд хүрэхгүй шүү гэдгийг хэлж өгөх хэрэгтэй.
5. Тэдний талаар эерэгээр ярих.
Хүүхдийнхээ талаар аль болох эерэгээр ярьж байхыг өөрийнхөө гол зорилгоо болгох хэрэгтэй.
Тэднийг "бүтэлгүй", "өөртөө итгэлгүй" гэж тэдэнд хандаж ч тэр, бусдад ярихдаа ч тэр ерөөсөө хэлж болохгүй. Харин эсрэгээр хүүхдэдээ тэд ухаантай, тууштай хэмээн тогтмол хэлж заншвал тэд өөрсдөдөө итгэж эхэлдэг, итгэл нь мэдээж үйлдэлд нь нөлөөлдөг.
Мэдээж хэн ч төгс биш хэрэв та хүүхдээ тэдний оролдлого болгон дээр нь, тэдний зоригтой байсан тохиолдлууд болгон дээр магтаад байвал саад бэрхшээл тохиолдоход өөрсдөө шийдэж чадна гэдгээ нотлоход нь хангалттай дэмжлэг болох бөгөөд хэрэв тэд алдаа гаргалээ гэхэд юу ч болж байсан эцэг эх нь үргэлж түүнд хайртай гэдгийг мэдрүүлж байх хэрэгтэй.
6. Амьдралд тохиолдох жижиг сажиг зүйлс.
Амьдралд зарим нэг саад тотгор тулгарахаас гадна, жижиг сажиг стрессүүд ч бий болох шалтгаан мундахгүй. Хүүхдэдээ өдөр тутмын жижиг сажиг зүйлсээс ч баяр баясгаланг олж чаддаг болохыг зааж өгөөрэй.
Завгүй амьдралдаа түр азнаад тэнгэр өөд хараад хэрхэн баяр баяслыг олохыг зааж өгөөрэй.
Цайны цагаар хамтдаа суугаад тухайн өдөр сургууль дээр нь юу болсон талаар асуу. Хэрэв хүнд өдөр байсан бол хүүхдээ сонсохын хажуугаар тэр дунд жаахан ч гэсэн эерэг зүйл юу байж болохыг хамтдаа олохыг оролдоод үзээрэй. Эсвэл ямар нэг бэлтгэлгүйгээр хамтдаа голын эрэг явах, мөхөөлдөс авч идэх, гадуур салхилах зэргээр цагийг зугаатай өнгөрөөж байх хэрэгтэй.
7. Тэд хангалттай сайн гэдгийг хэлж байх.
Урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр илүү их хайрлагдах, үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй гэдэгт итгэдэг нийгэмд бид амьдарч байна.
Олон нийтийн сүлжээнээс болж хүүхэд магадгүй өөрсдийгөө төгс зүйлтэй харьцуулах, өөрсдийгөө хэзээ ч тийм болж чадахгүйдээ сэтгэлээр унаж, өөртөө итгэх итгэлээ алдаж болох юм. Тэдэнтэй сошиал медиад бидний харж буй зүйлс нь бодит амьдралаас өөр юм шүү гэдгийг сайтар хэлж ойлгуулж байх хэрэгтэй.
Тэд хэн ч байсан гэсэн энэ дэлхийд цор ганц хувилбар гэдэг талаас нь, хэн ч төгс биш, хангалттай байна гэдэг нь хэвийн гэдгийг ойлгуулж өөртөө итгэлтэй байхад нь туслах хэрэгтэй.
8. Аз жаргалтай үеийг үнэлдэг байх.
Амьдралыг чимэх, хожим хойно санаж урам зориг авч байх жижиг амжилт бүхий үйл явдлууд хүүхдүүдэд маань тохиолдоно.
Шилэн сав олоод хүүхэд тань сургууль дээрээ эсвэл амьдралд нь тохиолдсон амжилттай үйл явдал бүрт юу тохиолдсоныг товч он, сар, өдөртэй нь бичээд шилэн савандаа хийж байх.
Жижиг үйл явдлуудаас эхлээд том амжилтуудыг ч гэсэн оруулах хэрэгтэй. Энэ нь хэзээ юу тохиолдож байсныг одоотойгоо харьцуулж үзэж байхад хэрэгтэй бөгөөд амьдралдаа тохиолдож байсан аз жаргалтай үе бүрийг эргэн санаж байх нь юунд хүрсэндээ болон ямар гайхалтай зүйлтэй учирч байсандаа баярлаж байхад нь туслах болно.