Эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээж сайн сайхныг хүсдэг. Бидний хүүхдүүдэд маш их чадварууд бий бөгөөд тэрхүү чадваруудыг нь нээж илрүүлэх, зөв тийш нь залах, чадвараа бүрэн ашиглахад нь туслах нь эцэг эхчүүдээс их шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө тэдний хүсэл сонирхол нь юунд байгааг олж мэдэх, авьяас чадварыг нь нээж илрүүлэх зэрэгт эртнээс анхаарал хандуулах хэрэгтэй юм.
Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Энэхүү нийтлэлээрээ хэд хэдэн чиглэл өгье гэж бодлоо. Үүнд:
1. Спорт
Хүүхдээ багаас нь спортоор хичээллэхийг дэмжих хэрэгтэй. Энэ нь тэдний тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг бөгөөд мөн тэдэнд багаар ажиллах, бусадтай хамтарч ажилахыг зааж өгдөг.
Тэднийг 6-8 настайгаас нь эхлэн усанд сэлэлт, таеквондо, тэшүүр, ширээний тенис, финтнесс, харваа, боулинг, газрын теннис зэргээс сонгоод хичээллүүлэх, 9 наснаас эхлэн багийн спорт болох сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг гэх зэрэг спортуудаар хичээллүүлж эхэлвэл зүгээр. Учир нь энэ насанд тэд олонтой харилцах чадвар нь сайжирсан байдаг.
2. Академик чадвар
Сургууль нь хүүхдэд суралцах үндэс суурийг тавьдаг бөгөөд математик, уншлага, уран бичлэг зэрэг тусгай сургалтуудад хамруулж болно.
3. Хөгжим болон урлагийн бусад төрөл
Судалгаагаар хөгжим тоглож сурснаар хүүхдийн зүүн болон баруун тархи зэрэг хөгждөг гэсэн байна. Хүүхдэдээ гитар, төгөлдөр хуур, хийл, морин хуур зэрэг хөгжмөөр хичээллүүлэн тоглож сургавал тэдний тархины хөгжилд нь тустайгаас гадна тэдэнд далд авьяас байхыг ч үгүйсгэхгүй.
Тэднийг өөртөө итгэлтэй болоход нь, өөрийгөө сайн илэрхийлдэг болоход нь тусладаг бусад төрлүүд нь дуу, бүжиг, балет, жүжиглэх зэрэг төрлүүд бөгөөд эдгээрээс хүүхдийнхээ сонирхож буй төрлийг сонгоод хичээллүүлээд үзэх хэрэгтэй.
4. Хувь хүний чадварыг нь хөгжүүлэх
Олны өмнө ярьж сургах, эсвэл загвар үзүүлэх зэрэг чиглэлээр дугуйлан байж болно. Сургуулийн насныханд бол франц, орос, англи, герман гээд гадаад хэл үзэж эхлэвэл тохиромжтой нас байх болно. Мөн хүүхэд тань хоол хийх сонирхолтой бол хоол хийх, талх, нарийн боов хийх зэрэг хичээлүүдэд ч хамрагдаж болох юм.
5. Аялал
Аялах дуртай хүүхдүүдийн хувьд тэднийг ууланд авиралтын дугуйланд хамруулж болохоос гадна морин аялал болон бусад төрлийн аяллуудад хамруулж байгальтай харьцах чадварыг нь хөгжүүлж болно.
6. Дүрслэх урлаг
Хэрэв хүүхэд тань уран бүтээлч хандлагатай бол авьяасыг нь нээж илрүүлэх, хөгжүүлэхийн тулд уран зураг, баримал, гэрэл зураг зэрэг төрлүүдээр хичээллүүлээд үзэх хэрэгтэй.
7. Дижитал технологи
Ихэнх эцэг эхчүүд мэдээж гар утас, цахим тоглоом зэргийг сөрөг талаас харах нь их байдаг. Гэхдээ өнөөдөр бүх зүйл хурдан өөрчлөгдөж байна, хүүхдүүд ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн технологийн шинэ боломжуудыг хурдан өөрийн болгож хэрэглэх болсон дижитал эринд эцэг эхчүүд зүгээр л сөрөөд байх нь утгагүй. Өнөөдөр код бичих, апп, тоглоом зохиох, электроник, дүрс бичлэг эвлүүлэг, график дизайн зэрэг төрлүүдийн эрэлт хэрэгцээ ихсэж, ажлын байр ч мөн их байх хандлага бий тул хэрэв хүүхэд тань сонирхож байгаа бол дээрх чиглэлүүдээр яагаад сурахыг нь дэмжихгүй гэж?
8. Ирээдүйн төлөө өнөөдөр хөрөнгө оруул
Дээр дурдсан чиглэлүүдэд суралцуулна гэдэг төсөв мөнгө, нааш цааш зөөх гээд асуудлууд байх ч эцэг эхчүүд энэ нь ирээдүй рүү чиглэсэн хөрөнгө оруулалт гэж үзэж хүүхдийнхээ авьяас чадварыг багаас нь илрүүлэх, хөгжүүлэхэд одооноос анхаарлаа хандуулбал тэдний ирээдүйд хэрэгтэй юм.