Гэрийн даалгавраа цаг тухайд нь хийж сурвал хүүхэд хичээл зүтгэлтэй, бие даасан болоход гол үүрэг гүйцэтгэдэг. Хэрхэн хүүхдээ гэрийн даалгавараа шаардуулахгүйгээр өөрсдөө бие даан хийдэг болгох вэ?
Хүүхдүүд ялангуяа бага насныхан гэрийн даалгавраа хийхэд хэцүү хэмээн бодсноос болж залхах маягтай болдог. Ихэнх тохиолдолд гол асуудал нь хэт их даалгавраас биш, цагаа сайн төлөвлөөгүйгээс, өөрөөр хэлбэл 7 хоногийн өмнө өгсөн даалгаврыг цагийг нь тулган яг өмнөх өдөр нь барьж авдагт байдаг.
Зарим эцэг эхчүүд хүүхдээ багаас нь бие даалгаж сургах гэсэндээ хүүхдээ хэдийд гэрийн даалгавраа хийж байхыг нь өөрсдөд нь хариуцуулах гээд байдаг. Гэтэл эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ цагаа хэрхэн зөв зохион байгуулах тал дээр нь зөвлөгөө өгч байх их чухал юм.
Хүүхдэдээ хэрхэн зөв аргаар гэрийн даалгавраа хийхэд нь туслах вэ?
Хүүхдэдээ цагийн менежментийн талаар болж өгвөл эрт зааж өгөх хэрэгтэй.
Анхаарах ёстой нэг зүйл бол хүүхдэдээ цагаа хэрхэн зөв зохион байгуулахыг нь тэдэнд өөрсдөө сурна гээд орхичхож болохгүй.
Энэхүү цаг зохион байгуулалтын талаарх мэдлэг тааруу байх нь хүүхэд өөрөө гэрийн далгавраа дуртай хийдэг болоход нь саад болдог гол бэрхшээл юм.
Хүүхдэдээ энэхүү чадварыг суулгахын тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй:
Хүүхдэдээ гэрийн даалгавар хийж байх тусгайлсан сандал, ширээ, өрөө бэлдэж өгөх. Хүүхдэд гал тогооны өрөөнд ч биш, том өрөөнд ч биш тусгайлсан өрөө байвал мэдээж сайн. Ингэснээр анхаарлаа зурагт гэх мэт зүйлст сарниулахгүйн дээр хүүхэд гэрийн даалгавартаа илүү хүндэтгэлтэй хандана.
Гол нь гэрийн даалгавар хийж байх зуршил бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхэд өдөр бүр даалгавар хийж байх ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Өдөр бүр нэг цагт байх албагүй бөгөөд эцэг эх хүүхдээрээ хэдээс хэдэн цагийн хооронд даалгавраа хийж байхыг нь өөрсдөөр нь сонгуулвал зүгээр байдаг. Хүүхэд өдөр бүр гэрийн даалгавар хийж байх ёстой цаг байгаа гэдгийг ухамсрласнаар хийх ёстой зүйлээ цаг тухайд нь гүйцэтгэж байх зуршил бий болдог.
Хүүхдэдээ сануулж байх. Гэрийн даалгавраа хийх ёстой цаг нь дөхөхөд сануулж байх уу гэдгийг хүүхдээсээ асуух хэрэгтэй.
Хүүхдэдээ гэрийн даалгавраа эхлүүлэр үед нь тодорхой хэмжээнд туслаад түр орхин тэдэнд өөрөө хийх боломжийг олгох. Бага насны хүүхэд гэрийн даалгавраа зүгээр л хийж эхлэхийн оронд хэт их бодох тохиолдол бий. Эцэг эх хүүхдэдээ гэрийн даалгавраа хийхдээ гол чигээ мэдэж буй эсэхэд нь туслах хэрэгтэй. Эхний дасгалаа амжилттай хийж дуусгасных нь дараа түр хугацаанд орхиж явснаар тэд өөрсдөө бие дааж бусдыг нь гүйцэтгэх боломж олгох нь зөв байдаг.
Өдөрт олон цаг хичээлд суусны дараа ядарсан байдаг тул гэртээ ирсэний дараа даалгавраа хийхээс өмнө хүүхдэдээ түр амрах цагийг олгож байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд 40 минут байвал тохиромжтой байдаг. Энэ цаг нь хүүхдэд дахин цэнэглэгдэх боломж олгон илүү төвлөрч ажиллах чадварыг нь нэмэгдүүлэх болно.
Болж өгвөл хүүхдэдээ гэрийн даалгавраа долоо хоногоор нь төлөвлөхөд нь туслаж байх.
Хүүхэд болгон адилгүй. Гэхдээ эцэг эхчүүд дээр дурдсан байдлаар нэгээс хоёр жил ажиллаж чадсан тохиолдолд ихэнх хүүхэд өөрсдөө бие дааж гэрийн даалгавраа хийх чадвартай болсон байдаг.
Хүүхдээ өөрсдөө бие дааж хийж байх чадвартай болсон эсэхийг нь яаж мэдэх вэ? Хүүхдээсээ дараах асуултуудыг асуух хэрэгтэй.
Чи энэ даалгавруудыг хэрхэн зохион байгуулах вэ?
Хүүхдээ гэрийн даалгавраа тогтмол бөгөөд хугацаандаа дуусгахаар зөв зохион байгуулж байгааг нь харсан үедээ эцэг эхчүүд хүүхдээ чадвартай болсон байна гэж үзэн өөрсдөө оролцохоо болин тэд өөрсдөө бие дааж хийж байх боломжийг олгох ёстой.
Эцэг эхчүүдийн хувьд анхаарах ёстой зүйлс:
Гэрийн даалгаврын ажилд нь хэт өндөр чанарын шаардлага тавиад хэрэггүй. Эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол гэрийн даалгавраа хамгийн сайнаараа хийхийг хүсдэг. Гэхдээ хэт их чанарт ач холбогдол өгөх, тэднээс илүү сайн хийхийг хүссэнээр тэднийг залхаах талтай гэдгийг санахад илүүдэхгүй. Гэрийн даалгаврын гол зорилго нь ялангуяа бага насныханд тэд бие дааж өөрсдийн санаачлагаараа суралцах зуршлыг бий болгоход нь дасгал сургуулилт болох ёстой юм.
Чанарын тал дээр багш нь илүү анхаарал хандуулах ёстой юм. Эцэг эхчүүд хүүхдэдээ илүү туслах гэсэндээ, эсвэл буруу хийлгүүлэхгүй гэсэндээ зааж зөвлөж, засаж байна гэж боддог боловч алдааг нь хэт их, байнга сануулснаар хүүхдэдээ "чи бол чадваргүй" гэсэн мессежийг өгч байна гэдгээ анзаардаггүй.
Хэрэв хүүхэд гэрийн даалгавраа хийхгүй гэвэл эцэг эх уурлалгүйгээр тэдэнд хандаж дараах үгийг хэлвэл зохино: - Хүүхдийнхээ гэрийн даалгавраа хийхгүй байгааг багшид нь мэдэгдэх болно. Магадгүй хүүхэд тань ядарч байгаагаа болон бусад хийхэд хэцүү байгаа шалтгаануудаа дурдаж болно.
Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийх үед нь хэт их оролцож болохгүй. Эцэг эхчүүдийн хувьд түгээмэл гаргадаг алдаа нь даалгавар хийхэд нь хэт их оролцдог бөгөөд үүнээс болж хүүхэд өөрсдөө бие даан хийх гэхээр ганцаараа хийх хэмжээний туршлага суудаггүй. Эцэг эхчүүд юуг хэрхэн хийхийг нь зааж өгөөд тэдэнд өөрсдөө хийх боломжийг олгохын тулд түр орхих ёстой юм. 7 болон 8 настнууд өөрсдөө бие даан гэрийн даалгавраа хийж сурах ёстой.
Хүүхдэдээ "Тэд чадваргүй юм" гэсэн мессежийг хэрхэвч өгч болохгүй. Хүүхдийн хийж буй ажлыг нь байнга засаж өгч, хийж чадах зүйлсийг нь урдуур нь орж хийж өгөх, тэднийг өөрсдөө оролдож үзэн, алдаа гаргахыг нь зөвшөөрөхгүй байснаар бид хүүхдэдээ "чи чадваргүй" гэсэн мессежийг өгдөг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ багаас нь аль болох бие даалгах тал дээр илүү анхаарлаа хандуулах ёстой юм.
Тэдэнд өөрсдөө оролдож үзэхийг нь зөвшөөрөхийн хамт дасгалжуулах.
Амаргүй даалгавар хийхээр оролдон ядарсан үед нь эцэг эхчүүд хүүхдэдээ цагаа төлөвлөхөд нь дараах байдлаар туслах хэрэгтэй.
"Хамтдаа суугаад энэ долоо хоногт гэрийн даалгавраа хэзээ хийвэл илүү тохиромжтой болохыг үзье", "Чи гурав дахь өдөр сагсны дугуйлантай учир Даваа болон Мягмар гаригт хийх хэрэгтэй" гэх маягаар туславал зүгээр.
7 хоногийн даалгавар хийх өдрүүдээ бичиж тэмдэглэснээр аль өдөр нь даалгавраа хийхээ эргэж санаж байх боломжтой болох бөгөөд явц дундаа гэрийн даалгавар хийхэд хэр хэмжээний хугацаа зарцуулдаг талаар ойлголттой болсон байна. Мэдээж хэрэгжүүлэх явцад бага зэрэг хүндрэлүүд гарах ч тогтмол цагт сууж заншснаар хичээлийн жилийн төгсгөл гэхэд гэрийн даалгавраа өөрөө бие даан хийх зуршилтай болох бөгөөд цагт нь хийж дуусган, цагтаа орондоо ордог болсон байх болно.
Контентийг боловсруулсан: Компассо ХХК