Заримдаа бага насны хүүхдүүд ээж аавынхаа өөдөөс тайлбар тавих явдал байдаг. Ялангуяа өглөө цэцэрлэг, сургуульдаа явах гээд хувцсаа өмсөөрэй гэхэд урдаас тайлбар тавьдаг, дургуйцдэг. Эцэг эхчүүдэд хүүхэд нь урдаас тайлбар тавихад алгадаад авах шиг хэцүү байдаг.
Яагаад хүүхэд эцэг эхийн өөдөөс тайлбар тавьдаг, зөрдөг вэ?
Үнэндээ хүүхэд урдаас тайлбар тавих нь сайн зүйл биш боловч бас учиртай. Учир нь тэд тайлбар тавих үедээ хэргээр хүндэтгэлгүй хандах гэсэндээ биш, цаанаа өөрсдийн хүслээ илэрхийлж байдаг.
Хүүхэд тайлбар тавихдаа “би өөрийн бодлоо илэрхийлмээр байна” гэсэн утгатай.
Мэдээж ямар ч эцэг эх хүүхдээ том болоод үеийхэнтэйгээ, танихгүй хүнтэй, том хүнтэй, эсвэл ажлыхантайгаа харьцахдаа сөргөөцөлдөхөөс айсандаа юу ч болж байсан өөрийн үзэл бодлоо илэрхийлэлгүй дуулгавартай зөвшөөрдөг нэгэн болгохыг хүсэхгүй л болов уу.
Хүүхдэд мэдээж хэрэг эелдэг, зөв байдлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж сурах чадварыг хөгжүүлэх боломж сургууль дээр нь тэр бүр олдохгүй. Тийм боломж олгох гол газар нь мэдээж гэр нь юм.
Энэ төрлийн чадвар нь сургуулилт хийж байж байж л төлөвшдөг учраас эцэг эхчүүд хүүхдэдээ өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх орчинг бий болгоход анхаарал хандуулах хэрэгтэй:
- Хүүхдийнхээ юу гэж бодож байгааг нь сайн сонсдог байх.
- Дэлхий болон улс оронд болж буй үйл явдлуудад санал сэтгэгдлийг нь сонсож харилцан ярилцдаг байх.
- Хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэтгэлтэй сонсож инээх болон “чимээгүй бай” гэх зэргийг аль болох хэлэхгүй байхыг анхаарах.
- Хүүхдийн тань илэрхийлсэн зүйлс нь зөв байвал таны үзэл бодлоос өөр байсан ч хамаагүй хүлээн зөвшөөрөх байдал илэрхийлж байх.
- Хүүхдээсээ амралтаараа хаашаа явах, аль ресторанд хоол идэх гэх зэрэг гэр бүлээрээ гаргадаг шийдвэрүүдэд саналыг нь асуудаг байх.
Ялангуяа өсвөр насны охидуудын хувьд нийгмийн зүгээс их дарамт ирдэг тул тэдний санал бодол гэрт чухал юм шүү гэдгийг тэдэнд сайн ойлгуулж байх нь тэд насанд хүрээд дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлдэг болоход нь тустай.
Тэгвэл хүндэтгэлгүй харьцааг нь яах вэ?
Хүүхдийнхээ санаа бодлыг нь сонсож байна гэдэг нь тэдний хүндэтгэлгүй харьцааг өөгшүүл гэсэн үг бас биш юм.
Эцэг эхчүүд хүүхдээ тэд юу гэж бодож байгаагаа илэрхийлэхийг зөвшөөрөхийн сацуу хэрхэн үзэл бодлоо зөвөөр илэрхийлэхийг нь зааж, үлгэрлэн үзүүлэх ёстой юм.
Гэхдээ хүүхдэдээ хэрхэн зөвөөр үзэл бодлоо илэрхийлэхийг нь заахын өмнө тэд хүндэтгэлгүй харьцдаг гол шалтгаанууд нь айх, цөхрөх, өлсөх, ядрах гэх зэргээс болдог гэдгийг мэддэг байх хэрэгтэй.
Эцэг эх рүүгээ орилох, өөдөөс нь тайлбар тавих зэрэг нь тэднийг эсэргүүцэх гэсэндээ биш тул эцэг эхчүүд өөрийгөө хүүхдийнхээ оронд тавьж үзэхэд илүүдэхгүй. Хүүхдээ өөрийнхөө эсрэг тал гэж үзхээ болиод өөрийгөө тэдний дасгалжуулагч нь гэж бодох хэрэгтэй.
Өөрөөрөө үлгэрлэн үзүүлэх нь шилдэг арга юм. Судалгаанаас үзэхэд үлгэрлэн үзүүлэх нь тэдэнд хандаж зэмлэж хэлэхээс илүү хүчтэй нөлөө үзүүлдэг гэсэн байна.
Гэхдээ заримдаа сэтгэлийн хөдлөлтэй хэлсэн үг ч гэсэн хүчтэй нөлөөлдөг гэдгийг санах хэрэгтэй.
Бид тэдний дасгалжуулагч байж, жишээ нь иймэрхүү байдлаар хэлэх хэрэгтэй:
- Чи мэдээж ганцхан цаг зурагт үзэх нь шударга биш байна гэж үзэж байгаа байх, гэхдээ саяын хэлсэн үгээ надад дахиад нэг тайвнаар хэлж өгөх үү? гэх.
- Би чамайг өрөөгөө цэвэрлэх дургүй байгааг чинь ойлгож байна, гэхдээ үүнийгээ чанга дуугаар хэлж байгаа чинь надад огт таалагдахгүй байна, ийм байдалтай байвал найзтай чинь тоглуулахгүй шүү гэх.
Хүүхдэдээ өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлдэг болгох нь нэг хэрэг гэхдээ өөрсдийн хэлэх гэсэн зүйлээ эелдэг хэлэхгүйгээр тэд хол явахгүй.
Анхаарах: Хүүхэд санал бодлоо илэрхийлж байх ёстой гэдэг нь тэдэнд чанга дуугаар хэлэх бүрт нь шууд зөвшөөрч бай гэсэн үг биш юм. Мөн тэд найзындаа шөнийн 2 цаг хүртэл тоглох сонирхолтойгоо илэрхийлэхэд нь шууд зөвшөөрч бай гэсэн үг ч биш.
Эцэг эх ямар байдлаар харилцах ёстой вэ?
Хүүхдээ тайвширсных нь дараа: “бид яагаад хувцсаа өмсөхгүй байгаа талаар чинь ярилцаж болох уу” хэмээн эелдгээр хэлэх хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань – “Би энэ цамцанд дургүй” гэж хэлж болох бөгөөд ингэснээр дургүй байгаа шалтгааныг нь олж мэдэх боломжтой болно. Дараа нь хүүхдэдээ: “Дараагийн удаа ямар нэг зүйлд дургүйцсэн бол миний хүү хэлэх гэсэн зүйлээ тайван хэлж байгаарай, тайван байх тусмаа бид асуудлаа амархан шийдэх болно” хэмээн тайван бөгөөд итгэлтэйгээр хэлэх хэрэгтэй.
Иймэрхүү зөрчлүүдэд эцэг эхчүүд үргэлж уураа баран, ширүүн дуугаар зэмлэхгүй байх нь хэдий амар биш боловч ийнхүү тайван байдлаа хадгалж чадсан тохиолдолд илүү амархан шийдэлд хүрэн тэдэнд өөрөөрөө үлгэрлэн ойлгуулах боломжтой болдог.
Контентийг боловсруулсан: Компассо ХХК