Хүүхдүүд өөрсдийгөө эцэг эхдээ хэрэгтэй хүн гэж мэдрэгдэхийг хүсдэг. Мэдээж хүүхэд бага наснаасаа эхлэн бусдад тусладаг нэгэн болж төлөвшвөл сайн. Хүүхдийнхээ туслалцааг байнга аван тэдэнд сургаж байх нь ихэнх эцэг эхчүүдийн хувьд орхигдох гээд байдаг. Учир нь хувцсаа хураах, хоол ундаа хийх, гэрээ цэвэрлэх зэргийг бид өөрсдөө хийвэл хүүхдэдээ заагаад тэднийг ажиглаж байснаас илүү хурдан бөгөөд амар байдаг болохоор.
Хүүхдэдээ аль болох багаас нь тусад сургахын тулд хамгийн гол нь тэдэнд гэрийн ядаргаатай ажил гэж харагдуулахгүйгээр харин хүүхэд тань өөрсдөө туслаж, өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байхаар зохицуулахгүй бол болохгүй.
Хүүхэд хэрхэн туслах вэ?
Бид мэдээж хувиа хичээсэн хүүхэд өсгөхийг хүсэхгүй тул хүүхдэдээ "Би танд яаж туслах вэ?" хэмээн үргэлж асууж байх зуршлыг багаас нь суулгахыг хичээх хэрэгтэй юм. Хэрэв эцэг эхчүүд өөрсдөө зөвхөн тэдний л хэрэгцээг анхаарч үзээд байвал тэд хувиа хичээгчид болж болзошгүй юм. Бусдыг гэх үзлийг суулгах тал дээр АНХААРАХ хэрэгтэй.
Хүүхдэдээ итгэх
Хэрэв та анзаарсан бол хүүхэд бага насандаа туслах дуртай байдаг. Гэхдээ тэд эв дүй муутай учраас эцэг эхчүүд ихэнхдээ тэдэнд итгэдэггүй нь алдаа юм. Хамгийн гол нь тэдний энэ дуртай байгаа үеийг алдалгүй, туслах дуртай байдлыг нь дэмжиж өгөн тэдэнд зуршил суулгахад анхаарах хэрэгтэй. Бид юм болгон дээр тэднээр туслуулж чадахгүй ч тэд юу хийж чадах вэ? Хувцсаа эвхэж чадна, хуванцар аяга тавга ширээн дээр тавьж, хурааж чадна гэх мэт. Хамгийн гол нь хүүхэд өөрийгөө туслаж байнаа гэдэг мэдрэмжийг авах нь чухал юм. Түүнчлэн хүүхдээрээ арилгасан ногоогоо цэвэр усанд зайлах зэргээр туслаж чадна.
Хүүхдийн өөрсдөө чаддаг зүйлийг нь өмнөөс нь хийж өгөхгүй байх
Хүүхдэдээ халбагадаж хооллох, хувцсыг нь өмсгөж өгөх зэргээр өөрсдөө хийж чаддаг зүйлсийг нь өмнөөс нь хийж өгөөд байдаг эцэг эхчүүд байдаг.
Үүний сул тал нь юу вэ? Энэ нь тэдэнд бие даах боломж өгдөггүй бөгөөд эцэст нь тэд бүх зүйлийг хэлүүлж байж хийдэг муу занг сулгадаг. Хүүхэд өөрсдөө хийж чадах зүйлсээ өөрсдөө хариуцан хийж байх ёстой.
Амжилттай байхад нь туслах орчинг бүрдүүлэх
Бүүр бага байхаас нь эхлэн тэд өөрсдөө бие даан аливаа зүйлийг хийж байх орчинг хүүхдэдээ бий болгоорой.
Жишээ нь: хувцас хатаах зориулалттай хатаагчийг хүүхдэдээ өөрсдөө угаасан хувцсаа тохох боломжийн өндөртэй байлгахыг бодолцох хэрэгтэй. Гал тогооны өрөөнд буй аяга тавга, хөргөгчний хаалга, уух зүйлс зэргийг, бусад өрөөн дэх түүний үздэг ном, хувцас зэргийг бүгдийг нь хүүхдэдээ өөрсдөө авч чадах өндөртэй, тохиромжтой газар байршуулахад анхаарснаар тэд илүү бие даасан болж өсөх болно. Ширээнийх нь ойролцоо жижиг гүцэнд тэд өөрсдөө тонгойлгоод ууж болох шингэн зүйлийг нь байлгаж заншснаар тэд өөрсдөө аягандаа усаа амжилттай хийж чадсныхаа дараа өөрсдөөрөө бахархах болно. Тэрхүү бахархах сэдэлийг нь дэмжиж өгөх хэрэгтэй.
Хамтдаа хийж байх
Бага насны хүүхэд эцэг эхээ дууриадаг. Хогоо асгах, угаалгын машинд хувцсаа хийх гэх зэрэгт хүүхдээрээ туслуулахаар тэдэнд хандаж байгаарай.
Аливаа ажлыг хамтдаа хийвэл энэ тэрийг ярилцаад ганцаараа хийдэг шиг уйтгартай биш байдаг тул тухайн ажлыг хурдан дуусгачихдаг, хэцүү зүйл хийж байгаа юм шиг санагддаггүй тул хамтдаа хийвэл хүүхэд дуртай байх болно. Аав, ээж нар жишээ нь: "За бид өрөө өрөөнөөс хураагаагүй тав таван хувцас олон хураах болно" хэмээн хүүхдүүддээ уралдаан зарлах байдлаар хэлбэл хүүхдүүд дуртай байдгийг санахад илүүдэхгүй.
Гэр бүл гэдэг бол гэртээ буй аливаа асуудлыг бүгд хамтран шийдэж байдаг нэг баг гэх мессежийг хүүхдүүддээ өгөх, тийм байдлаар хандаж сургах хэрэгтэй.
Санамсаргүй гаргасан алдааг нь уучилж байх
Хэрэв хүүхэд ямар нэг зүйл унагаан хагалах, эсвэл асгах үед хүүхдээ загинаж, шийтгэж огт болохгүй, харин ч тэдэнд туслаж байх хэрэгтэй байдаг. Тэд өөрсдөө цэвэрлэх боломжтой байсан ч хүүхдэдээ тусласнаар тэд таниас үлгэрлэн суралцах болно. Тэднийг загинах, буруу зүйл хийсэн хэмээн зэмлэл хүртэх биш тэдэнд туслан, ойлгож буйгаа илэрхийлэх хэрэгтэй. Ийм зан төлөв дунд байсан хүүхэд том болоод ч мөн адил хүлээцтэй нэгэн болж төлөвших болно. Хүүхдийн гаргах аливаа бүтэлгүйтэл болгон бидний хувьд тэднийг ямар байгаасай гэж хүсэж байна түүнээ үлгэрлэх байдлаар заах боломж гэдгийг санаарай.
Эерэг байх
Хүүхэд туслаж байх үед ямар нэг байдлаар шүүмжлэх, үйлдлийг нь засахыг оролдохгүй байвал зохино. Хүүхэд тань өрөөн дэх цэцгүүдийг тань услахад эсвэл гэрээ шүүрдэхдээ таны хүссэнээр биш арай өөрөөр хийж буй тохиолдолд тухайн үед нь шүүмжлэхгүйгээр, буруу хийж буйг нь аль болох эвтэйхэн хэлж ойлгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үргэлж тэднээс алдаа олж байхаас аль болох зайлсхийх хэрэгтэй, гол нь тэдний туслаж буй тэр байдлыг нь дэмжиж байх хэрэгтэй юм.