Судалгаанаас үзэхэд 4 төрлийн эцэг эх байдаг бөгөөд тэдэн дундаас зөвхөн нэг нь л хүмүүжил төлөвшлийн хувьд чадалтай хүүхдийг төлөвшүүлж чаддаг байна.
Эцэг эхчүүдийн ямар арга барил хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлдэг вэ?
Мэдээж эцэг эх байна гэдэг нэгэн төрлийн хариуцлага бөгөөд амаргүй. Өнөөдөр бидний дурдах арга барилуудаас аль нь илүү судлагааны үндэслэлтэй бөгөөд хүүхдийг бусадтай нийцтэй харилцаатай, өөртөө итгэлтэй болгон төлөвшүүлдгийг мэдэж авах нь эцэг эхчүүдэд юугаар ч сольшгүй хэрэгтэй мэдлэг байна гэдэг нь ойлгомжтой.
Юуны өмнө эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжилтэй холбоотой 4 төрлийн арга барил байдаг бөгөөд эхлээд тэдгээрийг танилцуулья:
1. Хайнга - Анхаарал халамж муутай байдаг тул хүүхдийн төлөвшлийн тал дээр сайнгүй нөлөө үзүүлдэг.
2. Захиргаадагч - Хүүхдэдээ өндөр шаардлага тавьдаг ч тэднийг яах ёстойг нь залруулж хэлж өгөх, зөвлөх тал дээр анхаарал бага хандуулдаг. Алдаа гаргасных нь төлөө юуны өмнө шийтгэхээ урдаа барьдаг. Эцэг эх болон хүүхдүүдийн хооронд хүйтэн хөндий харилцаа зонхилох бөгөөд хүүхдийн хувьд аялдан дагагчдыг бий болгох талтай байдаг.
3. Нөлөөтэй - Захиргаадагчаас ялгаатай нь хүүхдэдээ халамжтай, анхаарал сайн хандуулдаг бөгөөд мөн зохих хэмжээний шаардлагыг ч тавьж чаддаг. Ийм төрлийн эцэг эхтэй хүүхэд өрсдийн гэсэн бодолтой болж төлөвшихийн сацуу эцэг эхийн зөвлөгөөг ч хэрэгтэй үед авдаг.
4. Зөөлөн - Дүрэм журам бага тогтоодог бөгөөд хүссэн бүхэнд нь зөвшөөрөх хандлагатай. Тэд хүүхдэдээ хайраар дутаахгүй гэсэндээ эцэг эх шиг нь гэхээс илүү найз шиг нь байдаг.
Сайн эцэг байхад туслах судалгааны үндэслэлтэй арга:
Эдгээр төрлүүдээс судлаачид Нөлөөтэй арга барил гэж үздэг бөгөөд үүн дээр нэмэх нь хүүхдэдээ хүссэн үед нь анхаарал хандуулж чаддаг, хил заагийг сайн тогтоодог байх нь чухал гэж зөвлөж байна.
Учир нь: Энэ төрлийн эцэг эх хүүхдээ сайн сонсч, тэдэнд анхаарал хандуулан, хэрэгтэй үед нь хариу өгч байдаг болохоор тэдний хооронд итгэл бий болдог байна.
Түүнчлэн нөлөөтэй эцэг эхчүүд хүүхдэдээ өөрийн гэсэн чадвартай болоход нь эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг ойлгосон байдаг.
Хэдийгээр хүүхдүүдийн темперамент нөлөө үзүүлэх ч энэ төрлийн эцэг эхтэй хүүхдүүд дараах байдлаар төлөвшдөг гэжээ. Үүнд:
- Илүү бие даасан, хариуцлагатай, сайн шийд бие дааж гаргадаг болдог. Учир нь эцэг эх нь тэдэнд хангалттай шийд гаргах эрх чөлөө олгож байсных.
- Эцэг эхээ болон бусдыг хүндэлдэг.
- Эцэг эх нь тэдний төлөө байна гэдэгт итгэдэг.
- Бусдыг ойлгодог, найрсаг, халамжтай болдог.
- Илүү тэвчээртэй байдаг.
Энэ нь юу гэсэн үг вэ?
Хүүхдийнхээ асуултуудад идэвхтэй хариу өгдөг, тэдэнд хэрэгтэй үед нь тусладаг, тэгэхдээ бас хил хязгаараа мэддэг байх нь амархан юм шиг хэрнээ хэрэгжүүлэхэд тийм ч амар зүйл биш юм.
Жишээ нь: Таны хүүхэд тооны даалгавраа хийхгүй цааргалаад байна гэж үзье. Энэ тохиолдолд хэрхэх вэ?
Нэг талаас хүүхдэдээ тоогоо бодоход нь туслах итгэл төрүүлэхэд таны тус дэм хэрэгтэй байна, нөгөө талаас тооны даалгавраа хийлгүй өнгөрөөх нь ямар үр дагавартай болохыг тэдэнд мэдүүлэх хэрэгтэй байна гэсэн үг юм.
Энэ тохиолдолд нөлөө өндөр эцэг эх хэрхэн шийддэг вэ?
Тэд ихэнх тохиолдолд хүүхдэдээ хэрэгтэй үед нь тусладаг, гэхдээ хэрхэн зөв туслахыг буюу хил заагийг зөв ялгаж салгадаг. Хүүхдэдээ тулгарах асуудлыг шийдэж байхын тулд дараах хоёр асуултанд хариулт өгөх хэрэгтэй байдаг:
1. Хүүхэд минь тэдэнд тулгарах аливаа санаа зовнил, айдас, эргэлзээ зэрэгтээ тохирох сайн хариултыг авч чадаж байна уу?
2. Миний дэмжлэг туслалцаа хүүхдийн минь ирээдүйн амьдралд нь тус болох хэрэгтэй чадваруудыг төгч чадаж байна уу?
Эхний асуулт нь хүүхдийнхээ сэтгэлийг мэдэрч, тэднийг сонсож хүндэтгэлтэй хандаж чадаж буй эсэхэд хариу өгнө. Тэдэнд хэлэхдээ: "Чи үнэхээр тоондоо дургүй юмаадаа, гэхдээ чиний дургүй байх математик гэж юу байх билээ" гээд одоо таныг анхаарал хандуулж байгааг тэд мэдсэн болохоор "яагаад гэрийн даалгавраа хийх нь чухал" болох талаар илэн далангуй ярилцах хэрэгтэй. Тэднээс юун түрүүнд хэрхэн шийдэж болох талаар өөрсдийнх нь саналыг асуух хэрэгтэй.
Мэдээж бүх зүйл амар байхгүй ...
Бид хүүхдээ сайтар сонсон зөв шийдэл, гарц бий болгохыг оролдсон ч хүүхэд хүлээж авахгүй байх тохиолдол ч тулгарна.
Энэ тохиолдолд бууж өгөхийн оронд оролдлогоо орхихгүй байх хэрэгтэй!
Эхний ээлжинд хийх ёстой зүйл бол хүүхдийнхээ анхаарлыг татах явдал юм. Түрүүн дурьдагдсан тооны жишээний хувьд хэрэв хүүхэд гэрийн даалгавраа хийхээс татгалзсан хэвээр байвал: "За яахав, хэрэв бид үүнийг шийдэж чадахгүй бол" гээд найзуудтайгаа тоглох, зурагт үзэх гэх зэрэг дуртай зүйлүүдэд нь зохих хязгаарлалтуудыг тогтоох хэрэгтэй.
Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амар ажил биш. Хэрэгжүүлэх явц дунд эцэг эхчүүд алдаа гаргах тал ч байдаг. Гэвч оролдлоготой байж нөлөө өндөртэй эцэг эхийн арга барилыг зөв хэрэгжүүлж чадвал хүүхдээ зөв төлөвшихөд нь туслах болно. Энэ нь ирээдүйд хүүхдийн тань амьдралд юугаар ч сольшгүй тус болно шүү дээ.