Цагийн менежментийн талаар хүүхдэд заана гэдэг тийм ч амар зүйл биш. Цагаа зөв төлөвлөхийг хэрхэн багаас нь сургах талаар мэдээлэл орууллаа.
Магадгүй та хүүхдэдээ "гэрийн даалгавраа хэзээ хийх вэ?" гээд байнга л асуудаг байх. Ихэнх эцэг эх хүүхдэдээ заримдаа хэт олон удаа хэлэх буюу янших гээд байдаг.
Хүүхдүүдийн хувьд тоглоом тоглох, найзуудтайгаа тоглох г.м сатаарах зүйлс их байдаг учраас цагаа зөв хуваарилж хийх ёстой зүйлсээ цаг тухайд нь хийнэ гэдэг мэдээж амаргүй байдаг.
Хэрхэн тэднийг цагаа төлөвлөгөөтэй өнгөрөөдөг болоход нь туслах вэ?
Яншихгүйгээр цагийн менежменийн талаар заах.
Бид хүүхдэдээ хэт их яншснаар хүүхдэд байдаг аливаа зүйлийг өөрөө хийх хүслийг нь үгүй хийдэг.
Бидний байнгын сануулга нь тэднийг залхаагаад зогсохгүй, хүүхдэд "чи өөрөө бие дааж хийх чадваргүй юм" гэх мессежийг өгдөг.
Бие даан санаагаараа хийдэг болохын тулд хүүхэд тухайн ажлыг хэн нэгний туслалцаагүйгээр өөрөө хийж чадна гэж үзэж байгаа тохиолдолд бий болдог.
Хүүхдүүддээ цагаа өөрсдөө төлөвлөж сургахад нөлөөлөх гол хүчин зүйл нь: тэдэнд "өөрсдөө санаачлагаараа хийж байна" гэх мэдрэмжийг төрүүлэхэд байгаа юм. Үүний тулд олон арга хэрэглэх, хүүхэдтэйгээ харилцах хэрэгтэй бөгөөд эцэг эхчүүдийн гол зорилго нь тэдэнд өөрсдөө цагаа төлөвлөх чадвартай гэсэн итгэлийг өгөх явдал юм.
Захиран тушаах биш, өөрсдөөр нь төлөвлүүлэх
Жишээ нь: Хүүхэд хувцсаа хураагаагүй байвал "энийгээ хураа" гэх тушаах хандлагаас аль болох татгалзаж "өнөөдөр хэдэн цагаас хувцсаа цэгцлэх вэ?" гээд асуугаад үзэх хэрэгтэй.
Та хэрэв анзаарсан бол хүүхэд аливаа зүйлийг захирангуй хэлэхэд дуртай биш байдаг. Харин тэдэнд өөрийн хийх зүйлээ өөрсдөө төлөвлөж хийхийг зөвшөөрсөн тохиолдолд дуртай байдаг.
Урт хугацаат ажлуудыг төлөвлөх
Жишээ нь: Зуны амралтаар даалгавар өгдөг. Хүүхэд л болсон хойно тоглож, амарч байтал нэг мэдэхэд хичээл орох хугацаа ойртсон гэрийн даалгавраа хийгээгүйгээ гэнэт санадаг.
Урт хугацаанд төлөвлөж сургахын тулд хүүхдээрээ төлөвлөгөө гаргуулаад үзэх хэрэгтэй бөгөөд энэ нь дараах тустай байна:
- Энэ нь ажлыг хариуцах чадварыг суулгахаас гадна хувь заяагаа өөрсдөө атгах боломж олгож байгаа хэрэг юм. Энэ нь тэдэнд эцэг эхийн зүгээс "өөрсдөө төлөвлөгөө гаргаж чадна гэдэгт итгэж байна" гэх мессежийг өгөх учир өөртөө итгэх байдалд нь эерэгээр нөлөөлөх болно.
- Бичгэн төлөвлөгөө гаргачихаар зөрчихгүй байх гэж хичээх болдог. Жишээ нь: Өдөрт 3 хуудас ном уншиж байна гээд төлөвлөгөө гаргачихвал зорилгодоо хүрэхийн тулд, хэрэгжүүлэхийн тулд байнга төлөвлөгөөгөө эргэж харж байх болдог.
- Цагийн менежмент бол урт хугацаанд төлөвшүүлэх чадвар бөгөөд төрөлхийн эзэмшсэн байх эсвэл дорхноо сурчих зүйл биш юм. Хүүхэд багаасаа цагаа төлөвлөж сурах тусам том болоод илүү хүнд даалгаварыг гүйцэтгэх, ажил дээр гараад төсөл, төлөвлөгөө боловсруулахдаа ажирахгүй байх болно.
Хүүхдээсээ тэд энэхүү чадварыг шууд хэвшүүлчихнэ гэсэн том хүлээлттэй байх хэрэггүй. Гол нь тэд өөрсдөө оролдож үзэж, төлөвлөж байж, алдаж байж энэ чадварт сургалцахад байгаа юм. Бүрэн чадвартай болоход мэдээж цаг хугацаа хэрэгтэй бөгөөд эцэг эхчүүдэд тэвчээр хэрэгтэй.