Хүүхэд бүхэн аливаа ажлыг хийх, шинийг сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй байдаг бөгөөд зарим нь түүнийгээ хадгалж үлдэж чадаж байхад зарим нь яагаад том болох тусам тэр чанараа алддаг вэ? Эцэг эхчүүд энэ чанарыг хадгалж үлдэхийн тулд юу хийх ёсой вэ?
Хүүхдийнхээ энэ чанарыг хэрхэн хадгалж үлдээх талаар зөвлөгөө бичлээ.
Хоосон магтахын оронд дэмждэг байх
Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хийж буй үйлдэл бүрийг нь хоосон магтаад байдаг. Энэхүү магтаал нь гэвч хүүхдэд "эцэг эх нь тэднээс илүү сайн байхыг хүсээгүй" гэсэн мессеж өгдөг. Мөн хүүхдэдээ "гоё зурсан байна" "мундаг шүү" гээд магтаад байхаар тэд эцэг эхдээ таалагдах гэж л хийх нь илүү чухал гэсэн мессежийг өгдөг.
Том болоод ажил дээр гарахад нь магтаал ирэхгүй тохиолдолд урам зориггүй болчихдог.
Бид хоосон магтахын оронд харин тэдний хичээл зүтгэлийг нь үнэлдэг байх хэрэгтэй. Жишээ нь: тоглоомоо хураасанд баярлалаа, хөглүүлсэн зүйлээ хураасан чинь сайн байна гэх хэрэгтэй. Эсвэл миний хүү энэ номыг бүтнээр нь уншсан чинь үнэхээр хичээл зүтгэл гаргажээ гэх зэргээр хичээл зүтгэлийг нь дэмжих хэрэгтэй. Ийнхүү хичээл зүтгэлийг нь дэмжснээр тэд бидэнд таалагдахын тулд биш гүйцэтгэл дээрээ илүү анхаарах болно.
Шагнахаас татгалзах
Хүүхдээрээ ямар нэг зүйл хийлгэхийн тулд шагнал өгөхөөс татгалзах хэрэгтэй. Сөрөг тал нь хүүхэд аливаа зүйл хийхдээ шагнал хардаг, хүсдэг болдог.
Хүүхдээрээ ямар нэг зүйл хийлгэхийн тулд шагнал санал болгох нь тухайн үедээ үгэндээ оруулахад үр дүнтэй арга шиг байх боловч үнэн хэрэгтээ илүү сөрөг талтай бөгөөд буруу хандлагыг хүүхдэд суулгадаг. Энэ нь хиймлээр мотивац өгч байгаа хэрэг бөгөөд судалгаанаас үзэхэд тухайн ажлыг ирээдүйд хийх хүслийг нь үгүй болгодог. Шагнал амласнаар хүүхдэд тухайн ажил нь таагүй юм байна, шагнал байхгүй л бол би заавал хийх ёсгүй юм байна гэх мессежийг тэдэнд өгдөг.
Шагнал болон магтаал нь сөрөг талтай юм бол хүүхдээ зөв идэвхжүүлэхийн тулд бид яах ёстой вэ?
Алдах нь айгаад байх зүйл биш
Хүүхэд байглаасаа сониуч байдаг бөгөөд шинэ зүйлийг оролдож үзэхийг хүсэж байдаг. Гэвч тэд эхний оролдлого дээрээ бүтэлгүйтвэл цаашид оролдож үзэх хүсэл нь буурдаг, үгүй болдог.
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа ч тэр, өөрсдөө алдаа гаргахдаа гаргаж буй үйлдлээрээ ч тэр хүүхдэдээ алдаа гаргах нь суралцах явцад байдаг, хэвийн гэх хандлагыг үзүүлэх хэрэгтэй.
Алдсаныг нь засахын тулд "буруу" гэж хэлэх бүрт хүүхдээ "чи бол чадваргүй" гэх мессежийг өгчих гээд байдгийг анхаарах хэрэгтэй.
Хамгийн гол нь тухайн хүүхдэд зөв хариултыг нь өгөхөөсөө илүү хүүхдийн тухайн зүйлийг хийж, оролдож үзэх хүслийг нь хамгаалах нь илүү чухал.
Хүүхэд мөн томчуудын алдаа гаргачихаад үзүүлэх хариу үйлдлээс суралцаж байдаг. Хүүхдэдээ ямар нэг зүйл хийгээд бүтэлгүйтсэн тохиолдолд тайван байгаагаа харуулж байх нь алдаа гаргах нь байдаг зүйл, оролдож үзэх нь чухал юм гэдгийг ойлгуулна.
Даалгавар тэдэнд таарахаар байх
Багш нарын хувьд хүүхэд бүрт ижил даалгавар даалгахын оронд аль хүүхдэд ямар бодлого таарахаар байна түүнийг өгдөг байвал илүү сайн. Хэрэв тухайн бодлого хэтэрхий амархан байвал тухайн хүүхэд уйддаг. Хэрэв хэцүү байвал хүүхэд шантрах талтай учир.
Гэрт ч мөн адил эцэг эхчүүд хэрэв хүүхэд уншиж сурч байгаа бол аль болох уншихад хялбар ном өгөх нь тэднийг урам зоригтойгоор чадвараа нэмэгдүүлэхэд нь туслах болно.
Тухайн хүүхэд хичээллэн ахиц гаргахад нь яг таарах хэмжээний бэрхшээлтэй буюу чадвараа нэмэгдүүлэх, улмаар сайжирч байгаагаа мэдэрч чадах боломжтой байх үед тэдэнд илүү сайн мотивац өгч байдаг.
Суралцах явцыг үлгэрлэн үзүүлэх
Бага насны хүүхэд том хүн юу хийнэ тэр бүгдийг дууриадаг, хийхийг хүсдэг. Хүүхдэдээ аль болох ямар нэг шинэ зүйл сурч байгаагаа харуулж байх хэрэгтэй.
Энэ нь шинэ жор ашиглан хоол хийхээс эхлээд хөгжим тоглож сурах гээд юу ч байж болно. Гагцхүү хүүхэдтэйгээ яагаад шинэ зүйл сурахыг хүсэж байгаа талаараа ярилцан энэ нь хэдий сурахад амарүй ч ийм ашиг тустай гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэцүү байгаа ч оролдлогоо зогсоохгүй байгаагаа түүнд харуулах хэрэгтэй.
Хүүхэд том хүмүүс гэхээр л бүх зүйлийг амархан хийчихдэг гэх ойлголттой байдаг тул аливаа зүйлийн бэрхшээлтэй талыг нь сайн мэддэггүй. Тэдэнд шинэ зүйл сурахад амаргүй, бэрхшээлтэй байх хэвийн үзэгдэл юм гэдгийг ойлгуулж чадвал тэд бэрхшээлийн өмнө шантрахгүй, оролдлогоо зогсоохгүй байх зан чанарыг өөрсдөө сурах болно.
Шинийг сурч мэдэж байх хүсэл тэмүүлэлтэй, хийсэн ажлынхаа ард гарч чаддаг хүүхэд төлөвшүүлэх нь амаргүй. Энэ нь хүүхдээ дуулгавартай томоотой байлгах гэсэндээ үйлдэл бүрийг нь засаж заагаад байх тухай биш юм. Энэ нь хүүхдэдээ төрөлхөөс нь тэдэнд байдаг шинэ зүйлийг сурч мэдэх хүсэл сонирхлыг нь хэрхэн унтраалгүй авч үлдэх, хөгжүүлэх, хамгаалах тухай юм.