Хүүхдүүд эцэг эхчүүдээсээ бид яагаад өглөө хүүхдийн будаа иддэг вэ? Онгоц яагаад нисдэг вэ? гэх зэргээр яагаад хэмээх асуултуудыг олноор нь тавьдаг үе байдаг. Заримдаа энэ яагаад гэх асуултууд нь хэзээ ч дуусахгүй юм шиг санагддаг байх.
Та яагаад хүүхэд "яагаад" гэж асуудаг вэ гэж бодож байсан уу?
Ийнхүү асуудаг үе нь хэдийгээр эцэг эхчүүдэд амаргүй байдаг ч энэ нь хүүхдийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг тул энэ үеийг эцэг эхчүүд хүүхдээ өөрийн итгэдэг, бие даасан болоход нь туслах боломж гэж харах хэрэгтэй.
Энэ үеийг эерэг талаас нь харснаар хүүхэд яагаад "яагаад" гэж асуудаг болохыг ойлгоход танд туслах болно.
Бид хүүхдээ байглиасаа л аливаа зүйлийг сонирхдогийг нь болон бие даасан байхыг эрмэлздэг болохыг мэднэ.
Судалгаанаас үзэхэд хүүхэд 3 наснаас эхлэн орчноо таньж мэдэх тал дээр идэвхтэй хандлага гаргаж эхэлдэг бөгөөд үүнийгээ хэрэгжүүлдэг гол арга нь төрөл бүрийн асуулт асуух явдал байдаг. Ийнхүү асуултууд асуух явцдаа хүүхэд өөрийн дүн шинжилгээ хийх чадвараа сайжруулан суралцаж байдаг.
Өмнө нь хийж байсан судалгаагаар хүүхэд долоо, найман нас хүртлээ тухайн үйлдэл, юмс үзэгдлийн нарийн учир шалтгааныг сайн ойлгодоггүй гэж үздэг байсан бол саяхны судалгаагаар 3 настай хүүхэд учир шалтгааныг ойлгох чадвартай байдгийг тогтоожээ. Юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд асуулт асууж байхдаа тухайн асуудал яагаад болж байгааг, учир шалтгааныг нь ойлгох чадвартай гэсэн үг юм.
Энэ нь эцэг эхчүүд хүүхдэдээ хорвоо ертөнцийн учир холбогдол бүхий зүйлсийг эрт зааж өгөх боломжтой гэдгийг илэрхийлж буй хэрэг юм.
2012 онд 2-10 настай хүүхдүүдийн 1000 ээжүүд дунд хийсэн судалгаанаас үзэхэд хүүхдүүд гэртээ байх хугацаандаа өдөрт дунджаар 228 яагаад гэх асуулт тавьж байсан.
Эндээс харахад туршлагатай эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн энэ үе нь амаргүй байж болохыг харж болохоор байна.
Нэг зүйлийг сануулж хэлэхэд хүүхэд хайртай бөгөөд итгэдэг хүнээсээ л "яагаад" гэх асуултыг асуудаг. Энэ асуултын хариу нь тэднийг оюун ухааны хувьд өсөхөд нь болон сурч мэдэх хүслийг нь тэтгэх гол хүчин зүйл нь болдог. Мэдээж асуултандаа зохих хариулт авсан хүүхэд шинэ мэдлэг авч байгаа болохоор илүү өөртөө итгэлтэй болоход нь нөлөөлдөг байна.
Яагаад гэдэг нь хүүхдүүдийн хувьд яг юу гэсэн үг вэ?
Насанд хүрэгчдийн хувьд "Яагаад" гэх үг нь тодорхой нэг утгыг илэрхийлдэг бол хүүхдүүдийн хувьд энэ нь олон утгыг илэрхийлдэг. Судлаачдын тайлбарласнаар яагаад гэдэг нь үргэлж яагаад гэх утгыг илэрхийлдэггүй, энэ нь зарим тохиолдолд хүүхдүүдийн хувьд асуулт асуухад хэрэглэгддэг үг байдаг.
Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд ямар зорилгоор асуулт асууж байгааг нь олж мэдэх нь чухал юм. Хүүхдүүд зарим тохиолдолд өөрт нь анхаарал хандуулаасай гэсэндээ асуулт асуудаг байна.
Хүүхдийн хувьд хэрэв асуултандаа хангалттай хариу авч чадаагүй бол тухайн асуултаа дахиж тавих нь элбэг байдаг бөгөөд мөн тэд дэлгэрүүлсэн дараагийн асуулт тавих хандлагатай байдаг.
Эцэг эхчүүдийн хувьд асуулт асуухад нь аргалаад /хариулсан болоод/ өнгөрөх биш тэднийг шинэ зүйл мэдэж авах боломж гэж үзэж, аль болох сэтгэлээсээ, хангалттай сайн хариулж байхад анхаарах хэрэгтэй.
Яагаад гэх асуултанд эрхэн хариулах вэ?
Хэрэв хүүхэд их асуулт асуудаг бол мэдээж бүгдэнд нь хариулна гэдэг амар биш. Эцэг эхчүүд хүүхдийн асуултуудыг аль нь илүү тэдэнд чухал байна, аль нь анхаарал халамж хүссэн асуулт байна гэдгийг ялгадаг байх хэрэгтэй.
Судалгаанаас үзэхэд асуултанд нь бага анхаарал хандуулдаг эцэг эхчүүдийн хүүхдүүд сэтгэл илрэлийн хувьд илүү өөрсдийгөө хамгаалах хандлагатай болдог гэсэн байна. Тиймээс эцэг эхчүүдийн тэднийг асуулт асуухад идэвхтэй сонсож, аль болох тогтмол харилцаа үүсгэж байх нь чухал ач холбогдолтой.
Ямар ч тохиолдолд тэднийг асуулт асуухад нь идэвхтэй хариулж байх хэрэгтэй бөгөөд энэ нь тэдний бие даасан, өөртөө итгэлтэй болоход нь нөлөөлдөг.
Хүүхдийнхээ асуултанд хариулж байхдаа аль болох идэвхтэй, биеийн хэлэмж болон дууны өнгө байдлаараа сонирхож байгаагаа илэрхийлж харилцан ярилцан, дараа нь тэднээс асуулт асуух замаар тэдний асуудал шийдэх чадварыг нь хөгжүүлэхэд туслаж байх хэрэгтэй.
Хүүхэдтэйгээ ийм байдлаар харилцаж байх нь эцэг эх, хүүхдүүд хоорондын харилцааг сайжруулаад зогсохгүй тэднийг илүү бие даасан хүн болгон төлөвшүүлэхэд туслах болно.
Хүүхдийнхээ хариулахад хэцүү асуултанд хэрхэн хариулах вэ?
Сэтгэл судлаачид энэ тохиолдолд аль болох үнэнээр нь хариулж байхыг зөвлөж байна. Эцэг эхчүүд өөрийн өнгөрсөнд хийсэн алдаатай зүйлтэй холбоотой асуулт хүүхдээсээ авсан тохиолдолд үнэнээ хэлж алдаанаасаа юу сурсан талаараа хэлж, бид хүн болохоор заримдаа алдаа гаргадаг, гэхдээ энэ нь ертөнцийн төгсгөл гэсэн үг биш, гол нь алдаанаасаа суралцах ёстой гэдгийг ойлгуулж байвал сайн.
Хүүхдтэйгээ багаас нь нээлттэй байснаар тэдэнд асуудал тохиолдоход тэд танд итгэн ярьдаг болно. Хүүхдийнхээ асууж байгаа асуултанд нь үнэнээр хариулж байх нь тэдэнд илүү их итгэл төрүүлдэг бөгөөд тэд ч мөн үүнээс амьдралын талаар ойлголт авах болно.
Яагаад гэж асуух үе тэднийг өсөж хөгжихөд нь хэрхэн туслах вэ?
Судалгаанаас үзэхэд эцэг эхчүүдийн зүгээс сэтгэл зүйн хувьд дарамт бага үзүүлдэг байсан хүүхдүүдийн хувьд амьдралдаа илүү сэтгэл ханамжтай байсан байна. Өөрөөр хэлбэл илүү найрсаг, илэн далангуй хүүхэдтэйгээ харилцдаг эцэг эхчүүдийн хүүхдүүд сурч мэдэх сонирхол илүү өндөртэй, олон нийт дунд биеэ авч явах, харилцах тал дээр ч илүү байдаг байна.
Хүүхэд асуулт асуухад сайн хариулт өгч байх нь тэдний асуудалд дүн шинжилгээ хийн шийдвэр гаргах чадварыг нь хөгжүүлэх боломж бөгөөд тэднээс илүү дэлгэрүүлэх асуулт асууж байх нь тэднийг тухайн юмс үзэгдлийн учир шалтгааныг илүү сайн ойлгох, судлахад идэвхжүүлдэг байна.
Өөртөө итгэлтэй хүүхэд илүү бие даасан болдог. Учир нь тэд хүрээлэн буй орчны талаар хангалттай мэдэж авдаг ба энэ нь тэдэнд аливаа зүйлийг бие дааж хийх сонирхлыг бий болгодог, энэ хэрээр өөртөө илүү итгэлтэй болж төлөвшдөг, цаашид тэдэнд тусламж хэрэг болоход зөв хүнээсээ зөв асуулт асуух өөртөө итгэлтэй болж төлөвшдөг байна.
Яагаад гэж асуух үе бол бүхий л амьдралынхаа туршид тасралтгүй суралцаж, хөгжиж байх хүүхдийг багаас нь төлөвшүүлэх боломжоос гадна эцэг эх, хүүхэд хоорондын харилцааг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.