Хүүхдэдээ асуудалд дүн шинжилгээ хийх чадвар суулгах 5 арга

Миний бодлоор хүн амжилттай амьдрахад багагүй үүрэгтэй байдаг гол чадваруудын нэг бол олон хувилбаруудаас зөвийг нь сонгон зөв шийдэлд хүрэхийн тулд дүн шинжилгээ хийх чадвар гэж боддог. Гэхдээ эцэг эхчүүдийн хувьд бага насны хүүхдэд энэ чадвар нь ямар хэрэгтэй юм гэж бодож байж магадгүй. Өнөө үед багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдэд багаас нь энэ чадварыг суулгах нь ямар чухал болох талаар ярьж байна. 

Бага насны хүүхдүүдийн хувьд энэ чадвар нь сайтар хөгжөөгүй байдаг. 

Хэрхэн энэхүү чадварыг хүүхдэдээ багаас нь суулгах вэ?

Багш, эцэг эхчүүд энэ чадварыг хүүхдэдээ багаас нь оюуныг нь бэлдэж өгөх, улмаар дунд сургуульд орохдоо өөрөө цааш нь хөгжүүлэх үндэс суурийг нь бий болгох хэрэгтэй юм. Үүний үр дүнд тэд оюутан болсон хойноо энэ чадвараа илүү хүнд асуудал шийдэхэд үр дүнтэй ашиглаж сурах боломжтой болно. 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэдэдээ энэ чадварыг нь хөгжүүлэхийн өмнө үүнд ямар дүн шинжилгээний чадварууд багтдагийг болон, энэ нь тэднийг амжилттай хүн болгоход хэрхэн тусладгийг сайн ойлгох нь ач холбогдолтой байна.

Яагаад энэ чадвар хэрэгтэй вэ?

Энэ чадвар нь тухайн сэдвийн талаар логиктойгоор ойлгон тулгамдаж буй асуудлыг нь шийдэхийн тулд дүн шинжилгээ хийх чадвар юм. Тухайн сэдвийн хүрээнд сайтар дүн шинжилгээ хийж сурах нь том болоод ажил болон их сургуульдаа амжилттай байхад нь их тус болох төдийгүй өдөр тутмын асуудлуудаа сайн зохицуулж сурахад нь ч мөн хэрэг болох юм. 

Энэ нь энгийн чадвар суулгахтай адил амаргүй бөгөөд эцэг эхчүүд хүүхдэдээ цэгцтэйгэйгээр дүн шинжилгээ хийж сурахад туслах оюуныг багаас нь хөгжүүлэх тухай асуудал юм.  

Critical thinking чадвар гэж юу вэ?

Critical thinking ухагдахууныг илэрхийлэхэд туслах дараах шинж чанаруудад анхаарлаа хандуулна уу. Үүнд:

  • Өөр өөр хувилбаруудыг нээлттэйгээр харгалзан үздэг.
  • Тухайн ауудалд нэгээс илүү зөв хариулт байж болно гэдгийг ойлгодог. 
  • Өөрсдийн санал, үзэл бодолдоо бодитой нотолгоо хайдаг. 
  • Асуулт асуухдаа нотолгоонд үндэслэдэг.

Хэрхэн эдгээр чадваруудыг багаас нь хөгжүүлэх вэ?

Дүн шинжилгээ хийдэг болгоход туслах 5 арга. 

1. Хүүхдээсээ нээлттэй асуултууд асууж байх

Та хэзээ хамгийн сүүлд хүүхдэдээ ном уншиж өгсөн бэ? Магадгүй та хүүхдэдээ ном уншиж өгсний дараа асуулт асуусан байх. Тэр асуулт нь тийм эсвэл үгүй гэж хариулахаар байсан уу? Ийм асуулт нь ганц үгээр л хариулчихаж болдог тул дүн шинжилгээ хийдэг болгоход туслахгүй. Түүний оронд асуултанд хариулахын тулд бодох хэрэгтэй байдаг, хариулахдаа бүтэн өгүүлбэрээр хариулж байх асуултыг бодож олохыг хичээх хэрэгтэй. Хариулахгүй удвал зөв чигт нь чиглүүлж өгч болно. 

2. Хүүхэд буруу хариулахаасаа айхгүй байх орчинг бүрдүүлэх

Хүүхдэд дүн шинжилгээ хийх чадварыг сургуульд зааж өгөх нь мэдээж. Гэтэл хүүхдүүд тухайн яригдаж буй асуудалд өөрсдийн санал бодлоо илэрхийлхээс айгаад байвал яах вэ? Буруу хариулснаас болж ангийхандаа шоолуулахвий гэх айдас хүүхдүүдэд багагүй байдаг. Дүн шинжилгээ хийн зөв хувилбарыг сонгож сурах чадварыг хөгжүүлэхийн тулд ямар ч айдасгүйгээр үзэл бодлоо илэрхийлж байх тийм орчинг бий болгох тал дээр багш нар анхаарал хандуулах хэрэгтэй. 

Хэрэгжүүлэхийн тулд хүүхдэд зарим тохиолдолд буруу хариулах нь зүгээр, бид алдаанаасаа суралцдаг гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Тэднийг өөрсдийн санал бодлоо айхгүйгээр илэрхийлүүлж байхын тулд багшийн зүгээс тэднийг сайтар сонсож байгаагаа илэрхийлж байх хэрэгтэй. 

3. Өөр өөр үзэл бодол байж болно гэдгийг ойлгуулах

Хүн бүр өөр өөр мэдээлэлтэй, амьдарч буй орчноосоо шалтгаалан өөр өөрийн үзэл бодолтой байдаг ч хүүхэд бага насандаа аливаа асуудалд зөвхөн ганц л үнэн байдаг гэдэгт итгэдэг. Хүүхдэд аль болох бусдын үзэл бодлыг тухайн хүний өнцгөөс нь ойлгож байхыг дэмжиж байх хэрэгтэй. 

4. Багаар ажиллахыг дэмжих

Мэдээж нэг толгойноос хоёр толгой илүү байх тул хүүхдээ найзуудтайгаа хамтарч багаар ажиллаж байхыг нь дэмжиж байх нь тэднийг өөр үзэл бодлыг ч мөн харгалзан үздэг болоход нь туслах болно. Багш нарын хувьд суралцагчдад бусдын санаа бодлыг сонсдог болгохын тулд багаар хуваах ажил даалгаж байх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувьд найзуудтайгаа хамт тоглох, ямар нэг зүйл хэрэгжүүлэх боломжийг нь дэмжиж, олгож байх нь чухал байна. 

5. Нотолгоо ашиглах

Асуудалд дүн шинжилгээ хийн шийдэлд хүрэх чадвараа хөгжүүлж буй хүүхдийг тухайн асуудалд хэрхэн хандаж байгааг ажиглах хэрэгтэй. Тэд дүгнэлтэнд хүрэхийн тулд идэвхтэйгээр асуулт асууж байна уу? Тэрхүү асууж буй асуулт нь тэдний судалж буй асуудалтай нь холбоотой байж чадаж байна уу? Тэднийг тухайн асуудлыг судлахдаа зөв асуулт асууж сурахад нь туслан, чиглүүлж байх хэрэгтэй. Туршлага суухын хэрээр судлаж буй асуудалдаа тохирох зөв хариулт олохын тулд зөв асуултаа олох чадвартай болно. 

Хүүхэд их энгийн байдлаар боддог болохоор аливаа асуудалд дүн шинжилгээ хийн, шийдэлд хүрэх чадварыг заах нь эхлээд хэцүү байх ч энэ нь мэдээж нэг өдрийн дотор сурчих зүйл биш, хүүхдийн суралцах явцад нь зааж хөгжүүлж байх ёстой чадвар юм. Дээр дурдсан аргуудыг ашиглан тэднийг багаас нь дасгалжуулж байвал тэд том болсон хойноо аливаа асуудалд шийдэл олоход нь тэдэнд илүү амар байх болно.