Хүүхдээ хэрхэн сайн шийдвэр гаргадаг болгон өсгөх вэ?

Хүүхдэдээ амжилттай, аз жаргалтай болгоход нь туслах гол арга зам нь тэднийг сайн шийд гаргадаг нэгэн болгон өсгөх бөгөөд тэднийг шийдвэр гаргах чадварт багаас нь сургах хэрэгтэй. 

Тэд хэн болоход нь, амьдралын ямар харгуйг сонгоход нь тэд хэр сайн шийдвэр гаргаж сурахаас шалтгаалах болно. 

Гэтэл ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ сайн шийдвэр гаргадаг болгоход туслахын оронд ихэнхдээ өмнөөс нь шийдвэр гаргадаг. 

Муу шийд 

Хүмүүс яагаад тэнэг шийд гаргадаг вэ? 

  • Зарим нь удсанаас болсон гэдэг
  • Үр дагаварыг нь сайн тооцоогүй гэдэг
  • Тухайн үедээ хөгжилтэй санагдсан гэдэг

Хүүхдүүд хангалттай туршлагагүй болохоор үр дагаварыг нь сайн тооцдоггүй, цаадахыг нь буюу урт хугацааны үр дагаварыг нь хардаггүй. 

Хүүхдүүд муу шийд гарган алдаж байж, тухайн үр дагаварыг нь амсаж байж ирээдүйд илүү туршлагаждаг. Гэтэл буруу шийдвэр үргэлжлээд байвал яах вэ? 

Ямар тохиолдолд буруу шийд гаргалт үргэлжлэх вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдээ буруу шийд гаргалтынх нь үр дагаварыг өөрт нь хариуцуулахгүй, тэдний өмнөөс асуудлыг нь шийдэж өгөөд байхаар хүүхдэд тухайн буруу шийдвэрийнхээ үр дагаварыг өөрөө хариуцахгүй юм чинь гэсэн төлөв байдалд суралцдаг бөгөөд үр дагавараас нь айхгүй буруу шийд гаргахаа үргэлжлүүлсээр байдаг. Гэвч урт хугацаандаа тэдэнд сөргөөр нөлөөлж шийдвэр гаргах чадваргүй болж төлөвшдөг. 

Хэрхэн сайн шийдвэр гаргадаг болгох вэ?

Тэдний нас болон шийд гаргаж байсан өмнөх туршлагад нь үндэслэн сургах хэрэгтэй. Жишээ нь: хүүхэдтэйгээ дэлгүүр орохдоо тэдэнд тодорхой хүрээнд буюу бохь, тараг, жүүс гэх зэргээс алийг нь авахыг шийдэх эрх олгох хэрэгтэй. Нас нь нэмэгдэхийн хэрээр боломжит сонголтынх нь тоог нэмэгдүүлэх, ямар дугуйланд явахыг нь, орондоо хэдийд орох гэх зэргээр шийдвэр гаргалтынх нь төрлийг нэмэх хэрэгтэй. Гол нь тэд гаргасан шийдвэр болгоныхоо үр дагаварыг нь өөрөө мэдрэх, хариуцах, дүгнэх чадварт суралцах ёстой юм.

Сайн шийд гаргаж сурах

Сайн шийд гаргах чадварт суралцахын тулд хугацаа хэрэгтэй бөгөөд амаргүй. Хүүхдэдээ шийдвэр гаргах талаар заахаас эхэлнэ. Хэрэв хүүхэд тань байнга үсэрч харайдаг бол түүнийг нь зогсоохоос эхлэ. Тэд юу ч бодолгүй харайх үйлдлийг хийдэг бөгөөд тухайн үйлдлийнх нь өмнө нь зогсоогоод заах, бодуулах хэрэгтэй. Тэд өөрсдөөсөө "Би яагаад үүнийг хийхийг хүсэж байна вэ?" хэмээн асуух хэрэгтэй бөгөөд тэднийг тухайн шийд гаргахад юу хөтөлж байгааг нь тэдэнд ойлгуулах хэрэгтэй юм. Тэд магадгүй тухайн зүйлийг хийх нь тэнэг хэрэг гэж боддог ч нийлдэг найзуудаас нь нөлөө үзүүлж байж болно. Цөөн хүүхдүүдийг эс тооцвол, зөв зүйл болон найзууддаа таалагдах гэсэн хоёроос сонгохдоо хүрвэл ихэнх нь хоёр дахийг сонгодог байна. 

Тэдний өөрсдөөсөө асуух дараагийн асуулт нь: "Миний сонголт аль нь вэ?""Ямар үр дагавар гарч болох вэ?" хэмээн өөрөөсөө асуун, гарч болох эрсдэл болон шагналыг нь тооцож үзэх хэрэгтэй. Гол асуудал нь хүүхэд ихэнх тохиолдолд үр дагаварын нөлөөллийг дутуу үнэлэх хандлагатай байдаг. Үүнд эцэг эхчүүдийн үр дагаварын талаар тэдэнд хэр сайн ойлгуулснаас шалтгаалдаг. 

Өөр нэг асуулт бол: "Миний шийдвэр бусдад хэрхэн нөлөөлөх вэ?" гэх асуулт юм. Хүүхдүүдийн хувьд багад нь би гэх үзэл давамгайлах талтай байдаг тул бусдад хэрхэн нөлөөлөх талаарх ойлгоц нь сайнгүй байдаг. Тэдэнд энэ талаар ойлгуулж байх нь тэдэнд шийд гаргахдаа бусдыг ч мөн адил харгалзан үздэг байхад сургах болно. 

Хүүхэд өөрсдөөсөө асууж байх хамгийн гол асуулт нь: "Энэ шийдвэр нь миний хувьд яг хүссэн зүйл мөн үү" гэх асуулт юм. Тэд өөрсдийнхөө юу хүсэж байгаагаа ойлгох нь чухал. Хүүхдэдээ аливаа шийд гаргахад нь туслах эдгээр асуултуудыг бичсэн цаасыг гэртээ аль болох ил харагдаж байх газар хадах хэрэгтэй.

Сайн шийд гаргахад нь дасгалжуулах

Хүүхдээ сайн шийд гаргадаг болоход нь туслахын тулд тэднийг шийд гаргахад үед нь дээр дурдсан асуултуудад хариулахад тэдэнд туслаж байх хэрэгтэй. Шийдвэр гаргасных нь дараа тухайн шийдвэр нь хэр сайн шийд байсан талаар юу гэж бодож байгааг нь асуух, өөрийн бодлоо хэлэх, хэрэв сайнгүй байсан бол ирээдүйд эндээс юу суралцаж болох талаар харилцан ярилцаж байх хэрэгтэй. Мэдээж хүүхэд бага насандаа үргэлж энэ аргаар шийдвэр гаргахгүй ч хэрэв та хүүхэдтэйгээ ойр байж энэ талаар байнга ярилцдаг байсан бол тэд насанд хүрсэн хойноо байнга ашигладаг болж төлөвших болно.