Амьдрал дээр гарахаас нь өмнө хүүхдэдээ зааж өгөх ёстой 8 хичээл

Эцэг эхчүүдийн хувьд бид амьдрал дээр амжилттай байхын тулд яах хэрэгтэйг их, бага хэмжээгээр мэддэг болсон. Бид хүүхдэдээ тэр мэдлэгийг багаас нь зааж өгөх хэрэгтэй юм. 

Хүүхдэдээ хэрхэн өөрсдөө асуудлаа шийдэхийг, хэн нэгэнтэй санал зөрсөн тохиолдолд хэрхэхийг, хэрхэн цагаа зөв зохион байгуулах зэргийг зааж сургах хэрэгтэй. Бид өөрсдөө эдгээр асуудлуудыг хэрхэн шийдэхийг мэдэх болохоор хүүхдэдээ бүгдийг нь зааж сургах нь бидний үүрэг юм. 

Эцэг эхчүүд хүүхдийнхээ багштай сурлагынх нь талаар уулздаг, яагаад хүүхдээ энэ жил сургуулийн хөлбөмбөгийн багаас хасагдсан талаар багш дасгалжуулагчтай нь уулздаг, хажууд нь суугаад гэрийн даалгаврыг нь хийлгэдэг. Гол асуудал нь хүүхдийнхээ өмнүүр орж бүх асуудлуудыг нь шийдэж өгөх нь хүүхдэдээ асуудлаа өөрөө шийдэж сурах боломжоос нь хулгайлж байгаагаас өөрцгүй юм. Эдгээр асуудлуудыг өөрөө тулгарч байж, өөрөө шийдэж, сонголт хийж, оролдож үзэж байж л хүүхдэд туршлага болж суух учиртай юм. 

Хүүхдэдээ гэртээ байхад нь тэдний асуудлуудыг нь сонсож, зөвлөгөө өгч болох бөгөөд, гол нь тэдэнд өөрсдөө сонголт хийх, өөрсдөө сонголтынхоо үр дагаврыг зөв ч бай буруу ч бай мэдрэх тэр эрхийг олгох хэрэгтэй. 

Хүүхдээ нас биед хүрэх хүртэл өөрсдөө суралцах ёстой зөвлөгөөг орууллаа. Эдгээр чадварт суралцснаар амьдрал дээр гарахад нь тэдэнд туслах юм. 

1. Өөрийнхөө төлөө том хүнтэй ярилцах

Томчууд өөрсдийнхөө төлөө хэн нэгэнтэй уулзах тохиолдолд олон байдаг. Жишээ нь: Захиралдаа цалингаа нэмүүлэх талаар хэлэх, танихгүй хүн дэлгүүрийн дугаарлалтанд санамсаргүй урдуур орох үед энэ талаар түүнд хэлэх г.м.

Эдгээр тохиолдлууд зарим үед хэцүү юм шиг байдаг ч хүүхдүүд үүнтэй адил тохиолдлуудад багшдаа өөрийнхөө төлөө өөрсдөө хүсэл сонирхлоо хэлж сурахгүй бол яах вэ?

Мэдээж эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ өмнөөс багштай нь асуудлынх нь талаар уулзах явдал гарах хэдий ч энэ байдалд аль болох хүүхдээрээ өөрөөр нь шийдүүлж байвал тэдэнд сайн хичээл болох болно, тэд асуудлаа бие дааж шийдэх бүрт өөртөө итгэх итгэлийг олж авах болно. 

Гэхдээ мэдээж энэ нь хүүхдээ асуудлаа өөрөө шийд гээд орхих биш тэдний асуудлыг нь сонсож тэд хүссэн бол зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй.

2. Танихгүй хүнтэй ярилцах 

Хүүхэд дэлгүүрийн худалдагч, үсчин гээд олон хүмүүстэй өдөр тутам тааралдах болно. Хэрэв тэд танихгүй хүнтэй уулзахдаа хэрхэн харилцахаа, үзэл бодлоо илэрхийлэхээ мэдэхгүй бол, туршлагажихгүй бол, эцэг эх нь үргэлж өмнөөс нь яриад байвал харилцааны чадвар нь сул хэвээр байх бөгөөд ирээдүйд ажлын ярилцлаганд ороход нь ч хүнд байх болно. 

Зарим эцэг эхчүүд хүүхдээ танихгүй хүнтэй ярьж болохгүй гэдэг нь зарим нэг талаар тэдний төлөвшилд сөргөөр нөлөөлөх талтай. 

3. Зөрчилдөөнийг даван гарах

Хэн нэгэнтэй бие болсон зөрчилдөөнийг шийдэхээс айдаггүй хүмүүс хувийн амьдрал дээр ч, бизнест ч амжилт үзүүлэх нь их байдаг байна. 

Мэдээж хүүхдээ хэн нэгэнтэй асуудалтай байхыг нь харах эцэг эхчүүдийн хувьд хүнд байна. Гэхдээ тэр болгон дээр өөрсдөө өмнөөс нь оролцоод байвал хүүхдээ зөрчилдөөнийг шийдвэрлэх чадварт суралцах боломжийг нь хааж байна гэсэн үг. 

Эцэг эхчүүд өөрсдөө оролцохын оронд хүүхдэдээ тулгарч буй нөхцөл байдалд бие хэрхэн авч явах, юу гэж хэлж болох талаар зөвлөгөө өгөх хэрэгтэй юм. 

4. Хэрхэн зөвөөр санал нэг биш байгаагаа илэрхийлэх

Зөв байдлаар санал нийлэхгүй байна гэдэг хүүхдүүдийн хувьд тэр бүр хараад байх зүйл биш. Тэд хэрэв санал нийлэхгүй байгаа бол хэрхэн үүнийгээ зөв аргаар илэрхийлэх вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Үүнд:

Найзтайгаа эсвэл дэлгүүрийн хүнтэй санал нийлэхгүй тохиолдолд хэрхэн илэрхийлж болохыг үзүүлэх. 

Хэн нэгэнтэй санал нийлэхгүй байгаа бол энэ нь хэвийн гэдгийг ойлгуулах, ингэхдээ энэхүү байдлаа эөв байдлаар илэрхийлэх хэрэгтэй гэдгийг ойлгуулах. 

Энэ чадварт багаасаа суралцаж бусадтай санал нийлэхгүй ч хүндэтгэлтэй харилцах чадвартай болбол том болоход нь гэр бүлийн хүнтэйгээ, хамтрагчтайгаа, ажилтнуудтайгаа учираа олоход нь амар байх болно. 

5. Бүтэлгүйтэл 

Хүүхдээ бүтэлгүйтэхийг нь харахад хэцүү байх нь мэдээж. Хэдийгээр энэ нь хэцүү боловч хүүхдийн хувьд амьдралд нь цаашид сургамж болох учир суралцах боломж талаас нь харах хэрэгтэй. 

Зарим судлаачид эцэг эхчүүд хүүхдийнхээ алдааг нь өмнөөс нь шийдэж өгөхийг буруу гэж үздэг. Учир нь тулгарах хэцүү асуудлаа хүүхэд өөрөө учраа олоогүй тохиолдолд том болоод ажил, амьдралд нь гарах хүндрэлүүдийг өөрөө шийдэх чадвар суухгүй байх талтай. 

6. Урам хугарах

Хүүхдээ бүтэлгүйтлээс болон урам хугарах үед нь сэтгэл санааг нь засахын тулд бэлэг өгөх зэрэг нь богино хугацаандаа сайн юм шиг боловч энэ нь тус болохоосоо илүү ирээдүйд нь ус болох талтай. Тэд энэ мэдрэмжийг авч байж цаашид дахин ийм байдалд орохгүйн тулд шийдэл хайх бүртээ туршлагажиж байвал тэдэнд хэрэгтэй юм. Тэднийг тайвшруулах гэж оролдох нь та хүүхдээ тухайн асуудлыг шийдэж чадахгүй гэж бодож байгаа гэсэн мессежийг өгдөг. 

Энэ үед нь эцэг эхчүүд юу гэж хэлэх ёстой вэ? Ямар хандлага гаргах ёстой вэ? 

"Одоо чамд хэцүү байгааг ээж нь /аав нь ойлгож байна. Гэхдээ энэ байдлаас юу сурч болохоор байна?" гэж асуух хэрэгтэй. 

Мөн хүүхдэдээ урам хугарсан зүйлийнх нь учир шалтгааныг шийдэх ямар арга зам байгааг олоход нь туслах хэрэгтэй. 

Хүүхдэдээ энэ байдлаас гарч, тууштай хичээл зүтгэл гаргаснаар зорилгодоо хүрэх боломжтой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. 

7. Том хэмжээний шийд гаргах

Хүүхэд насанд хүрч амьдрал дээр гарахад өөрсдөө бие дааж том хэмжээний шийдвэрүүдийг гаргаж эхэлнэ. Ямар их сургуульд орох вэ? ямар мэргэжил сонгох вэ? хаана амьдрах вэ? гэх зэрэг. 

Та магадгүй хүүхдээ ямар анги сонгох, ямар спортоор хичээллэх, зуныг хэрхэн өнгөрөөх зэрэг асуудлуудыг шийдэхэд нь оролцдог байж болох юм. Эцэг эхчүүд өмнөөс нь шийдэж, тэднийг өөрсдөө шийдэх боломжийг нь хааж байснаар хүүхдээ ямар нэг шийдвэр гаргах чадваргүй гэсэн мессежийг тэдэнд өгдөг бөгөөд энэ нь хүүхдийн хувьд өөртөө итгэх байдалд нь сөргөөр нөлөөлж байдаг. 

Түүний оронд эцэг эхчүүд тэдэнд өөрсдөө шийд гаргах боломжийг олгож өөрсдөө зөвлөгч, дасгалжуулагч байдлаар хандвал зүгээр юм. 

8. Цагийн менежмент

Хүүхэд амьдрал дээр гарахаасаа өмнө цагаа удирдаж сурвал тэд илүү амжилттай байх болно.

Хичээлээ тарж ирээд тоглохоосоо өмнө илүү чухал ажил болох гэрийн даалгавраа хийж сурах нь чухал. Багаасаа сурвал том болоод их сургуульд орохоороо цагийн хуваариа зөв гаргах, даалгавраа цагт нь амжуулдаг болоход нь, ажил дээр гараад төслөө амжилттай дуусгадаг болох зэрэгт нь тустай байх болно. 

Хамгийн гол заах ёстой зүйл нь хамгийн чухал ажил аль нь болохыг эрэмблэж сургах юм.