Эцэг эхчүүдийн хэрүүл маргаан хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эцэг эхчүүдийн харилцаа ямар байсан ч зөрчлүүд гардаг. Судалгаанаас үзэхэд эцэг эхчүүдийн хэрүүл нь хүүхдийн оюуны төлөвшилд сөргөөр нөлөөлдөг гэсэн тул эцэг эхчүүд ямар ч тохиолдолд хүүхдүүддээ хэрүүл маргаанаа үзүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.  

Эцэг эхчүүдийн маргаан яагаад сөргөөр нөлөөлдөг вэ?

Судалгаанаас үзэхэд эцэг эхчүүдийн ширүүн үгс 6 сартай хүүхдэд сөргөөр нөлөөлдөг гэсэн байдаг ч бодит байдал дээр /өөр судалгаагаар/ зөвхөн бага насны хүүхдэд төдийгүй 19 нас хүртэлх насны хүүхдүүдэд ч мөн адил эцэг эхчүүд хоорондын маргаан нөлөөлдөг гэсэн байна.

Судлаачид тогтмол хэрүүл уруултай гэр бүлд өссөн хүүхдэд дараах шалтгаануудын улмаас оюун санааны хувьд сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ. 

  • Хүүхэд өөрийгөө аюулгүй гэсэн мэдрэмжээ алддаг. Хэрэлдэх, маргахад хүүхдэд гэр бүл нь ямар нэг хэмжээгээр тогтворгүй болох вий, эцэг эх нь салахвий гэсэн айдсыг төрүүлдэг. 
  • Хэрүүл маргаантай байх нь эцэг эхчүүдэд өөрсдөд нь стресстэй байдаг бөгөөд ийм байдалд байгаа эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж чадахгүй байх нь их байдаг. 
  • Гэрт таагүй уур амьсгал бий болгодог. Гэрт бий болсон таагүй уур амьсгал нь хүүхдийн төлөвшилд сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хүүхдийн оюун санааны хувьд хэвийн хөгжих боломжинд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

АНУ-ын дундаж орлоготой айлуудаас нэгэн судалгаа авчээ. Эцэг эхчүүдийн маргаан хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас эхлэн дунд сургуулийн 7-р анги хүртэлх хугацаанд хэрхэн нөлөөлснийг судлаж үзжээ. Хүүхдүүд нь цэцэрлэгийн насны байх үед нь эцэг эхчүүдээс хэр их маргалддаг болохыг, бие биенээ хэр их шүүмжилдэг болох талаар болон ямар асуудлаас болж хэрэлддэг болохыг нь асуусан байна. 7 жилийн дараа тухайн гэр бүлийн гишүүдтэй дахиж ярилцсан бөгөөд хүүхдүүдээс болон эцэг эхээс аль алинаас нь хэрэлддэг эсэх талаар нь болон хүүхдүүдийн зан төлөвийнх нь талаар асуусан байна.

Эцэг эхчүүд нь байнга хэрэлддэг айлын хүүхдүүдийн хувьд сэтгэл санаа болон зан төлөвийн хувьд асуудалтай гэсэн үр дүн гарчээ. Түүгээр ч зогсохгүй дараах асуудлууд хүүхдүүдэд тулгарч байсан байна:

  • Оуюн санааны хувьд чадамж нь буурсан. Судлаачдын үзэж байгаагаар эцэг эхчүүд нь үргэлж муудалцдаг тохиолдолд тухайн хүүхдэд үзэл бодол, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд хүндрэлтэй болдог гэж үзжээ. Асуудлыг шийдэх болон шинэ мэдээллийг тусгаж авах чадваруудад нь сөргөөр нөлөөлснийг тогтоосон байна. 
  • Харилцааны чадварт сөргөөр нөлөөлсөн. Бусадтай найрсаг харилцах чадвараа алдах нь элбэг байдаг. Хүүхэд багаасаа юу харна түүнийгээ дуурайдаг учраас эцэг эхчүүд асуудлаа хэрхэн шийддэг байсаныг нь шууд хуулбарладаг учраас нас биенд хүрсэн хойноо асуудлыг эерэгээр шийдэх тал дээр асуудалтай тулгарах талтай байдаг байна. 
  • Зан төлөвшлийн хувьд асуудалтай байх. Эцэг эхчүүдийн хоорондын маргаан нь хүүхдэд уур уцаартай байх, сөрөг үйлдэл хийх, анги хамт олонтойгоон нийцтэй байх тал дээр асуудалтай байх зэргээр нөлөөлдөгийг тогтоожээ. 
  • Суралцах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
  • Өөрсдийгөө сөргөөр харах буюу өөртөө итгэлгүй болох. Амьдралыг үзэхдээ сөрөг талаас нь илүү харах талтай болох магадлалтай бөгөөд энэ нь өөртөө итгэх итгэлд нь мөн сөргөөр нөлөөлдөг.  

Яагаад гэр бүлийн хэрүүл нь хүүхдэд асуудал болдог вэ?

Хэрүүл маргаантай байдал нь хүүхдэд хайр сэтгэлийн харилцааны талаар ямар ойлголт өгөхийг бодож үзэх хэрэгтэй. Эцэг эхчүүд бие биенээ хүндлэхгүй бол хүүхэд нь өсөж том болоод тийм зан авир гаргах нь хэвийн гэж үзэх бөгөөд өөрөө ч тийнхүү ааш авир гаргах болно. Өөрөө тийм байдлаар аашлах учраас бусдыг ч мөн өөрт нь тийм зан гаргахыг зөвшөөрнө гэсэн үг. 

Зарим тохиолдолд хэрүүл маргааныг шийдэхэд хэцүү байдаг. Нэг нь нөгөөдөө хүлээн зөвшөөрөхөд хэцүү зүйлийг хэлээд байдаг, нөгөө нь хүүхдүүд нь сонсож байгааг ч бодох сөхөөгүй чанга хашгирах байдалтай байдаг. 

Хүүхдэдээ учруулах хохирлыг сэргийлэх аргагүй гэж бас бодож болохгүй. Хүүхдүүдийн сонссон, харсан тэр зүйлсийн нөлөөг бууруулах зарим нэг зөвлөгөө байдаг байна. Хэрэв хосууд хэрэлдээд өнгөрсөн тохиолдолд хүүхдэдээ нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулахын тулд дараах зүйлсийг хийвэл зохино:

  • Болж өнгөрсөн маргааны талаар ярилцах. Эцэг эхчүүд хүүхдэдээ болж өнгөрсөн маргааны талаар дэлгэрэнгүй тайлбарлах албагүй ч ийм байдлаар тайлбарлаж болно: "Бид хоёрын хувьд чухал байх асуудал дээр бид ижил байр суурьтай байгаагүй юм, гэхдээ ийм байдал болсонд бидний буруу" гэх байдлаар. 
  • Хүүхдэдээ болж өнгөрсөн хэрүүл нь зүгээр л бага зэргийн маргаан байсан том асуудал байгаагүй гэх байдлаар тайлбарлах. Бид хоёр бие биеэндээ хайртай хэвээрэй бөгөөд гэр бүлд иймэрхүү зөрчилдөөн заримдаа үүсдэг гэдгийг зөвөөр ойлгуулах.

Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ төлөө хэрүүлтэй уруултай ч хамт байх уу, аль эсвэл салсан нь дээр үү хэмээн боддог. Мэдээж эцэг эх салсан тохиолдолд хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ тэдний хувьд санхүүгийн асуудал үүсэх, хойд эцэг эхтэй таарахгүй байх гэх зэрэг асуудлууд үүсч болно. 

Ихэнх тохиолдолд эцэг эхийн хамт амьдрах тохиолдолд хүүхэд илүү аз жаргалтай байх нь мэдээж. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ ирээдүй, төлөвшлийн төлөө аль болох учир зүйгээ олж хэрүүлээ багасгах талаар хичээх хэрэгтэй бөгөөд үүний тулд мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж бас болох юм.