Хүүхдийнхээ бусдыг хүндлэхтэй холбоотой зан хандлагыг засах 8 арга

Хүүхэд эхээс төрөхдөө бусдыг хэрхэн хүндлэх талаар хангалттай мэдлэгтэй төрдөггүй тул энэ талаар тэдэнд зааж өгөх хэрэгтэй. Тэд бага байхаасаа л эхлэн өөрсдийн хүслийг илэрхийлэхдээ уйлдаг. Гэвч томрох тусам нь тэдэнд бусдыг хүндлэх хүндлэлийн талаар зааж сургах нь эцэг эхчүүдийн үүрэг юм. Өөрийн хүслээ биелүүлэхийн өөрийнхөөрөө зүтгэх, уйлах, элдэв зан авир гаргах нь бусдыг хүндэлдэггүй болохын үндэс юм. 

Хүүхэд яагаад бусдыг хүндлэхгүй болдог вэ?

Одоо үед хүүхдүүд эцэг эхээ хүндлэхгүй байх, үгийг нь сөрөх, таагүй харьцах зэрэг үзэгдэл их байдаг. 

Миний бодлоор үүнд youtube бичлэг, хөгжим, видео тоглоом зэрэг нь нөлөөлдөг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ бусдыг хэрхэн хүндлэх талаар суургахын тулд багагүй хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй болдог.

Өөр нэг хүчин зүйл бол олон эцэг эхчүүд цаг зав багатайгаасаа болоод хүүхдийнхээ гаргаж буй буруу авир, байдалд нь зохих хариу үйлдэл үзүүлэхгүй, дураар нь тавих орчинг бий болгох гээд байдаг талтай. Эцэг эхчүүд тааламжгүй буюу үл хүндлэх зан авир гаргахад нь тоохгүй өнгөрөөж болохгүй юм. 

Тэгэхээр хэрхэн хүүхдийнхээ гаргаж буй буруу зан байдлыг нь зөв тийш нь өөрчлөх вэ? Үүнд хариу өгөх зорилгоор зөвлөгөө бэлтгэн орууллаа.

1. Хүүхэд тань таны найз биш гэдгийг үргэлж сана

Хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг нь хариуцлагатай хэрэг бөгөөд та түүнд таалагдах эсвэл тэдний талархлыг үргэлж хүлээж байх тухай асуудал биш юм. Тэр таны хүүхэд. Та тэдэнд энэ хорвоод зөв хүн болгон төлөвшүүлэхэд зааж сургах үүрэгтэй юм. 

Хэрэв та хүүхдэдээ аливаа зүйлийг зөвшөөрөх эсэхийн талаар бодож байвал хамгийн түрүүнд өөрөөсөө "Хүүхдийнхээ гаргаж буй аливаа үйлдлийг хөрш чинь ч юм уу эсвэл танихгүй хүн танд гаргахыг зөвшөөрөх үү" гээд нэг асуугаад үзээрэй. Хэрэв хариулт нь "Үгүй" бол хүүхдэдээ тэрхүү үйлдлийг мөн гаргахыг зөвшөөрөхөөс татгалзвал зохино. Хүүхэд тань насанд хүрэхэд та болон таны хүүхдийн хооронд найзархаг байдал бий болж болно. Харин одоо бол та өөрийгөө түүний эцэг эх гэдгээ огт мартаж болохгүй! Та түүний багш нь, та түүний сургагч, дасгалжуулагч нь болохоос найзан дундаа байж хэрхэвч болохгүй.

2. Үйлдэл болгон дээр нь ярилцаж байх

Үл хүндэтгэсэн байдал гаргасан тохиолдолд дуугай өнгөрөөж болохгүй. "Ийм байдалтай байж болохгүй" гэдгийг тайлбарлан ойлгуулах хэрэгтэй.

Хүүхдээ хэрэв бусдыг хүндлэхгүй болж байгааг харсан л бол тэр байдлыг нь засах тал дээр анхаарал хандуулахгүй бол хүүхэд томрох тусам засахад улам л хэцүү болно гэдгийг анхаарах хэрэгтэй. 

3. Эцэг эхчүүд нэг санаатай байх

Хүүхдийн хүмүүжлийн тал дээр эцэг эх хоёр үргэлж нэг талд байх нь их чухал. Эцэг эхийн нэг нь буруу занг нь засах гэж оролдож байхад нөгөө нь тоохгүй буюу зөвшөөрч байгаа байдалтай байж болохгүй. Эцэг эхчүүд хамтдаа суун буруу төлөвшлийн эцсийн үр дагавар нь ямар байх талаар ярилцан хэрэв хүүхэд бидний хэн нэгэнтэй үл хүндэтгэлтэй харьцсан тохиолдолд ямар үйлдэл үзүүлж байхаа хоорондоо ярилцан тохиролцож нэг талд байвал зохино. 

4. Хүүхдэдээ бусадтай харьцах наад захын хэм хэмжээнүүдийг зааж өгөх

Хүүхдэдээ "Сайн байна уу", "Баярлалаа" зэрэг үгүүдийг хэлж сургах нь их чухал. Хүүхэд анхны ажилдаа ороод наад захын соёлын хэмжүүр болох эдгээр үгүүдийг хэрэглэж сураагүй байвал хүмүүст төрөх анхны сэтгэгдэл нь ямар байх вэ?

Хүнтэй мэндчилж сурах нь наад захын соёл бөгөөд бусдыг хүндлэж байгаагийн гол илэрхийлэл юм. 

5. Хүүхдэдээ зааж сургахдаа тэдэнтэй хүндэтгэлтэй харьцаж байх 

Хүүхэд тань таньтай үл хүндлэх байдлаар харьцвал та эцэг эх хүний хувьд тэр байдлыг нь засах ёстой. Засах гэж байна гээд хашгирч, орилоод байх шаардлагагүй. Орилсноор нөхцөл байдлыг дордуулна уу гэхээс үр дүн байхгүй юм. Түүний оронд тэднийг өөртөө ойртуулан нүд рүү нь харж байгаад аль болох тайван бөгөөд итгэлтэйгээр юу болох, болохгүйг тайлбарлаж өгөх хэрэгтэй. 

6. Ямар зан байдал гаргаж болохгүй гэдгийг нь урьдчилаад тайлбарлаж ойлгуулсан байх

Шаардлага тавихаасаа өмнө тухайн хийж болохгүй үйлдлүүдийг "ингэж болохгүй шүү" гэдэг хязгаарыг буюу хэрэв ингэсэн тохиолдолд ийм үр дагавар гарах болно гэдгийг сайн ойлгуулсан байх хэрэгтэй. Яах ёстойг нь эхлээд хэлж ойлгуулаагүй байж ингэсэнгүй гээд уурлаад байвал зөрчил үүсэх болно. 

7. Ярилцах тохиромжтой үеийг хүлээх

Хүүхэд тань таныг үл хүндлэх араншин гаргасан тэр үе нь яагаад ингэж болохгүй болох талаар ярилцахад тохиромжтой үе биш байж болох юм. Дараа нь буюу тохиромжтой үед тэдний гаргаж буй араншинг яагаад болохгүйг болон тэднийг ямар байгаасай хэмээн хүсэж байгаагаа тайлбарлаж хэлвэл илүү үр дүнтэй байж болно. Түүнийг хэрхэн өөрөөр харилцаж болох байсныг тайлбарлаж хэлэх. Энэ нь эцэг эхийн хувьд хүүхдийнхээ санаа бодлыг, яагаад тийм зан байдал гаргах болсныг нь сонсох боломж бөгөөд яах ёстойг нь тайлбарлаж өгөх боломж юм. 

8. Зөвхөн тэд л ийм зан гаргаж байгаа мэт бодох хэрэггүй

Эцэг эхчүүдийн гаргадаг нэг алдаа бол зөвхөн өөрийнх нь хүүхэд л тиймэрхүү зан байдал гаргаад байгаа юм шиг боддог. Үнэндээ бол таны хамаатны хүүхэд, хажуу айлын хүүхэд гээд бүгд л тиймэрхүү зан байдал гаргаж байгаа. Бүх хүүхэд болон эцэг эхчүүдийн хооронд энэ мэт асуудал үргэлж л гарч байдаг. Таны үүрэг бол тэрхүү зан байдлыг нь хэлж чиглүүлэх юм.

Эцэг эхчүүд тэрхүү үл хүндэтгэх зан байдлыг хэрхэн зохицуулах арга ухаанаа олохгүй тохиолдолд энэ байдлыг зохицуулах нь тэдний чадлаас хэтэрсэн зүйл гэж боддог бөгөөд шийдэхийн тулд нэг бол орилдог, зарим тохиолдолд гар хүрдэг нэг бол огт тоохгүй өнгөрөөдөг. Аль аль нь таны хүүхдэд туслахгүй бөгөөд тэднийг зөв хүмүүжилтэй болгохгүй. 

Хүүхэд тань хэцүү ааш авир гаргаж байгаа бол та байх ёстой хязгаарлалтуудыг хүүхдэдээ ойлгуулахаас эхлэх хэрэгтэй. 

Хэдий хүүхэд эцэг эхийн зүгээс тавьж буй хязгаарлалтуудыг эсэргүүцдэг ч тэдэнтэй ярилцаж, эв зүйгээр тайлбарлаж, ойлгуулснаар тэд анхаарч эхэлдэг бөгөөд эцэг эхчүүдийн хувьд амжилттай хэрэгжүүлэхийг үнэн сэтгэлээсээ хүсч тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргаж байж л үр дүнд хүрдэг. Хүүхдүүд эцэг эхийнхээ хязгаарлалт тавих энэ байдалд одоо баярлахгүй ч гэсэн энэ нь тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэх тухай асуудал болохоор эцэг эхчүүдийн хувьд чухал үүрэг хариуцлага гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй юм.