Хүүхдээ хичээлийн эхний өдөрт хэрхэн бэлдэх вэ?

Зугаатай зуны улирал дуусч сургууль, хичээл эхлэх хугацаа дөхөж байна. Хичээлийн эхний өдөр гэдэг хүүхдүүдийн хувьд эрдэм номын талаар анхны сэтгэгдэл төрүүлэх өдөр, амьдралд нь тохиох нэлээд чухал үйл явдал учраас эцэг эхчүүдийн хувьд урьдаас сайн бэлтгэлтэй байх нь зүйтэй юм. 

Энэ талаар зөвлөгөө бэлдлээ:

1. Хичээл эхлэх өдрөөс өмнө сургууль дээр очих. Ихэнх сургуулийн хувьд нээлтээс нь өмнө очиж бүртгүүлдэг. Ингэхдээ хүүхдээ дагуулж очин анги нь хаана байгааг болон 00-ийн өрөө, цайны газар зэрэг нь хаана байгааг урьдчилаад танилцуулчихвал зүгээр. 

2. Багштай нь уулзах. Болж өгвөл хичээл эхлэхээс өмнө хүүхдээ багштай нь танилцуулчихвал хүүхдийг тань хичээлийн эхний өдөр таньдаг царай угтаж авах тул түүнд илүү таатай байх болно.   

3. Сургуулийн дүрэм журамтай танилцах. Сургуулийн дүрэмтэй холбоотой ямар нэг асуулт байгаа бол асууж тодруулах хэрэгтэйгээс гадна мөн хүүхдэдээ сайтар хэлж ойлгуулбал зүгээр. 

4. Хичээлийн хэрэгслээ цуг бэлдэх. Хичээлийн хэрэгслээ цуг явж бэлдэх нь хүүхдэд туршлага болохоос гадна хүүхэд тань өөрөө хичээлийн хэрэгслүүдээ сонговол ядаж дуртай өнгө нь байх болохоор хэрэглэхдээ ч урамтай байх болно. 

5. Хуваарийг нь урьдчилаад авах. Энэ нь хүүхэдтэйгээ хичээл дээрээ юу хийх талаар нь урьдчилаад ярилцах боломжийг олгох бөгөөд ингэхдээ хүүхдэдээ өдөр тутам хийдэг зүйлтэй нь холбож тайлбарлавал хүүхэд тань илүү ойр байх болно.

6. Сайн зохион байгуулалттай байх. Гараа сайн бол бариа сайн гэдэг, эхнээсээ л эцэг эх болон хүүхэд аль аль нь сайн зохион байгуулалттайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлбэл зүгээр. Мэдээж үүнд эцэг эхийн туслалцаа дэмжлэг их үүрэгтэй байх нь мэдээж. Хамтдаа хэрэгслүүдээ бэлдэх, хамтдаа форм хувцсаа бэлдэх, өглөө аль болох эрт босон өглөөний цай ундаа бэлдэх хэрэгтэй. Өглөө оройтож босоод хам хум цай уусан болоод хичээлдээ очсон хүүхдэд өлссөнөөс болж хичээлээ ойлгоход нь сөргөөр нөлөөлнө гэдгийг анхаарах хэрэгтэй. 

7. Ярилцаж санаа зовохоос сэргийлэх. Хүүхэдтэйгээ хичээлийн эхний өдрөөс өмнө сургуулийн талаар, сургуульд сурах нь яагаад хэрэгтэй болох талаар болон шинэ найзуудтай болох тухай сайтар ярилцах нь тэднийг илүү итгэлтэй болгоно. Хүүхдэдээ сургуульд сурахын ач холбогдлын талаар болон тэд юуг илүү сонирхож болох талаар ярьж эргэлзээг нь арилгах хэрэгтэй. 

Анхаарах зүйлс:

  • Таны хүүхэд сургуульд орохдоо хүндээр бие засахдаа 00-ын өрөөг бие даан ашиглаж сурсан байх хэрэгтэй. Сураагүй бол одоо сургахад арай оройтоогүй байна. 
  • Хичээлийн шинэ жилийн эхний өдрийн зураг авахаа битгий мартаарай. Том болоод сургуульд анх ингэж орж байлаа гээд үзэх зураггүй бол ямар байх вэ? 
  • Дүрэмт хувцас өмсдөг бол хувцасан дээр нь тэмдэг тавих нь өөр хүүхэдтэй хольж солихоос болон алга болохоос сэргийлнэ. 
  • Хүүхэд тань нэрээ бичиж сурсан бол өөрийнхөө хэрэглэж буй зүйлс дээрээ нэрээ бичиж заншуулаарай. 
  • Хүүхдэдээ тэд уурласан үедээ хэрхэн уураа барьж сурах талаар зааж өгөхөөс гадна мөн дарамталдаг хүүхдээс хэрхэн сэргийлж болох талаар зөвлөгөө өгвөл зүгээр.