Хүүхэд рүүгээ орилохгүйгээр хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?

Заримдаа бид их бухимдсан үедээ өөрийн эрхгүй хүүхэд рүүгээ орилдог. Ийм зан байдал нь хүүхдэдээ их уурласан үед, өөрийгөө хянах боломжгүй болсон үед гардаг. Бидний ихэнх нь гэвч чанга дуугаар загинах, шийтгэх нь тэдний өөртөө итгэх байдалд нь сөргөөр нөлөөлдөг, цаашдаа сөрөг зан төлөв тогтоход хүргэдэг гэдгийг сайн мэддэггүй байх. 

Энэ нийтлэл нь хүүхдэ рүүгээ орилохгүйгээр, шийтгэхгүйгээр хэрхэн тэднийг зөв хүмүүжүүлэх аргуудын талаар мэдээлэл өгөх болно. Эхний хэсэгт бид эцэг эхчүүдийн хувьд бид өөрсдөө хэрхэн уураа барьж балансыг зөв тааруулж хүмүүжүүлэх аргуудын талаар дурдах бол, дараагийн хэсэгт хүүхдээ хэрхэн уураа барьдаг, тэвчээртэй болгоход нь туслах аргуудын талаар дурдах болно. 

1. Өөртөө анхаарал тавьдаг байх

Бид орой ажлаасаа ядраад ирэхээрээ ямар ч хүч тэнхээгүй болсон мэт санагдаж хүүхдийнхээ ааш аягийг зохицуулахаас цааргалдаг, тэдэнд уураа гаргадаг. Бид өөрсдийгөө илүү сайн ойлгох тусам асуудлын мөн чанарыг илүү ойлгодог. Өөрийгөө хянаж сурахын тулд бясалгал хийх, дасгал хийх, өөрөө өөртөйгөө ярих зэргээр хүүхэдтэйгээ харилцах бидний харилцаа тэдний төлөвшилд нөлөөлдөг гэдгийг өөртөө ойлгуулах хэрэгтэй. 

2. Өөрийн орон зайгаа хүндлэх

Хэрэв хүүхэд таны орон зайг хэт их эсвэл ойр ойрхон даваад байвал бид өөрсдөө тэдэнд тэгэхийг зөвшөөрдөг болохоор тэгж байгаа хэрэг юм. Бид тэдэнд уурлахаасаа, ойлгуулахаасаа халшираад эсвэл өөрөө сайн хүн болох гээд заримдаа "болохгүй" гэж хэлэлгүй өнгөрөөчихдөг. Тэгээд хуримтлагдсаар гэнэт тэвчээр алддаг. Гэвч бид эцэг эх болохын хувьд тэднийг болохгүй зүйл хийх тухай бүрд нь "болохгүй" гэдгийг нь ойлгуулж байх хэрэгтэй. Хүүхдээ хайрлана гэдэг нь тэд юу л хүснэ тэр бүгдийг нь зөвшөөрөөд бай гэсэн үг биш гэдгийг санаарай. Буруу үйлдэл болгон дээр болохгүй гэдгийг нь хэлж ойлгуулж байх нь ирээдүйд бий болох томоохон зөрчилдөөнөөс сэргийлэх болно. 

3. Насанд нь таарах шаардлага тавих

Бид хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахдаа тэднээс том хүн шиг байхыг хүсдэг. Бага насны хүүхэд жишээ нь ресторанд том хүн шиг удаан хугацаагаар суугаад байж чадахгүй гэдэг нь тодорхой юм. 

Хүүхдээ дагуулж явах нь сайхан ч тэд өөрийнхөөрөө байх эрхтэй гэдгийг санаж байх хэрэгтэй. Тэгэхээр бид тэрхүү үйлдэлд нь санаа зовоод байх шаардлагагүй. 

4. Тайвширч сурах

Нэг ийм арга байдаг юм. Та өөрийн тайван байх үедээ эрхий хуруугаа дунд хуруутайгаа нийлүүлэх эсвэл үүнтэй төстэй үйлдлийг хийж заншаарай. Олон давтаад байхаар та энэ үйлдлээ хийхээрээ тайвширдаг рефлекс суух болно. Хүүхэд тань уурлуулах, тэвчээр алдах гээд байх үед энэ үйлдлээ хийгээд үзээрэй, тайвширах болно. 

5. Цагийг хамт өнгөрөөх

Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулдаг байх нь хүүхдийн хувьд гол хэрэгцээ нь юм. Тэд өөрсдийгөө хувь хүн гэдгээн эцэг эхдээ уурлах байдлаар илэрхийлдэг бөгөөд өөрт нь анхаарал тавиасай гэдгийг хэлэхийг оролдож байгаагаа хэрэг юм. Тэд эцэг эхдээ хайрлагдахыг хүсдэг. Хүүхдэдээ цаг гаргадаг байх хэрэгтэй, ингэхдээ зөвхөн биеэрээ хажууд нь байгаад зогсохгүй сэтгэлээрээ ч бас хажууд нь байх хэрэгтэй. Хайрлагдаж байгаагаа мэдэрснээр тэдний уурлах нь багасна. 

6. Хөгжих боломжоор хангах 

Аюулгүй байх, эцэг эхийнхээ хайр халамжийг авах зэрэг хэрэгцээгээ хангасан хүүхэд гадаад ертөнцтэй танилцахыг хүсдэг. Танилцах явцдаа хүрээлэн байгаа шинэ зүйлстэй танилцан өөрсдийнхөөрөө танин мэдэж юм юмыг сонирхдог. Түүнийг нь зөв чиглүүлснээр тэдний цаашдын бүтээлч хандлагад нь эерэгээр нөлөөлөх болно. 

Хүүхэд хөгжихөд нь боломж олгох үүднээс тэдэнд хангалттай орон зай өгөх хэрэгтэй ба энэ нь хүүхдийн наснаас нь шалтгаалан жил ирэх тусам өсөж байдаг. Энэхүү чөлөөтэй хөгжих үед нь бид аль болох саад бололгүйг хичээн хэрхэн хөгжихийг нь зайнаас хараад чиглүүлээд сууж байх хэрэгтэй.

7. Хүүхдэдээ ойлгуулах 

Хүүхэд тань ямар ч зан гаргаж байсан түүнийг хүүхэд гэдгийг нь мартаж болохгүй. Хүүхэд зан байдлыг нь хэт их зэмлээд байх хэрэггүй, харин бид тэр зан байдлыг хүлээн зөвшөөрч: "Би чамайг байнга чихэр, амттан идмээр байгааг чинь ойлгож байна, би ч гэсэн дуртай, гэхдээ одоо жаахан шүдээ бодох хэрэгтэй" гээд хэлчих хэрэгтэй. Тэд тухайн үед татгалзаж болно учир нь тэд хүүхэд шүүдээ. Гэсэн ч тэд бяцхан оюундаа эргэцүүлэн ойлгон өөрийнхөөрөө зүтгэдэг байдлаа багасгах болно. 

8. Хугацаа өгөх

Хүүхдээсээ ямар нэг зүйл хийлгэхээр шаардахад гэнэтийн шаардлага нь эсэргүүцэлтэй тулгарах нь их байдаг. Ялангуяа мэдрэмтгий хүүхдэд. Хэрэв бид тэдэнд хангалттай хугацаа өгвөл үр дүнтэй байдаг. Жишээ нь унтах цагны хувьд: "Дахиад 10 минут тоглож болно, түүний дараа харин орондоо орно шүү" гээд 5 минут тутам сануулаад байвал илүү үр дүнтэй байх болно. 

9. Хүндэтгэлтэй харьцах

Хүүхдүүд маань биеэр жижиг ч гэсэн тэд байнга биднээс суралцаж байдаг. Үүнд нь бидний туслалцаа үргэлж хэрэгтэй байх бөгөөд тэд аливаа зүйлийг ойлгох чадвартай бие даасан хүн гэдгийг битгий мартаарай. Тийм болохоор тэдэнтэй ярилцахдаа өөрийгөө эцэг эх гэдэг өнгцөөс биш, захирах, албадах өнгө аясаар биш аль болох энгийн хүнтэй ярьж байгаа мэт хүндлэн харилцаж байх хэрэгтэй болно.