Хүүхдээ өөртөө итгэлтэй болгоход нь туслах 10 зүйл

Хичнээн чадвар байлаа гээд хэрэв өөртөө итгэлгүй бол тэр хүн боломжоо үргэлж алдсаар байдаг. Өөртөө итгэлтэй байх чадварыг хүүхдэдээ багаас нь төлөвшүүлбэл илүү үр дүнтэй байдаг. Хүүхдээ өөртөө итгэлтэй болгохын тулд зарим эцэг эхчүүд хүүхдээ аливаа үйлдэл бүрт нь магтаж байх хэрэгтэй гэж боддог ч үгүй юм байна. Хүүхдээ хоосон магтах нь туслахаасаа хорлох нь их байдаг. 

Энэ нийтлэлээрээ бид хэрхэн зөв аргаар хүүхдэдээ өөртөө итгэлтэй чанарыг суулгах талаар бичлээ.

1. Тэдэнд сонголт хийх боломж өг.

Хүүхдээ энэ нийгэмд хэрэгтэй, өөртөө итгэлтэй хүн болгохын тулд хийж буй зүйл бүхэнд нь хоосон магтахаас илүү үр дүнтэй аргууд байдаг. Үүний тулд эцэг эхчүүд хүүхдэдээ өөрсдийн үзэл бодлоо хэт тулгахаас болгоомжлон тэдэнд өөрсдөө эрсдэл хийх, сонголт хийх, асуудлаа өөрсдөө шийдэх, эхлүүлсэн зүйлээ дуусгах боломжуудыг олгох хэрэгтэй. 

2. Хэт их магтах нь тэдэнд тус болохоосоо илүү гай л болно. 

Өөртөө итгэх итгэл нь эцэг, эхдээ хайрлагдахаас болон өөрсдөө чадваруудаа хөгжүүлэхээс бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөртөө итгэх байдал нь тухайн хийж буй зүйлдээ сайжрах тусам бий болдог тул үүнд цаг болон оролдлого хэрэгтэй байдаг. Тэднийг дэмжихийн тулд эцэг эхчүүд хоосон магтах гээд байдаг ч ингэхгүй байсан нь дээр. 

Хэрэв бид тэднийг "Ёстой сайн байна, гоё болсон байна, гоё зурсан байна" гэх зэргээр хий магтаад байвал тэднийг илүү сайжрах, илүү дайчлах тэмүүллийг нь үгүй болгодог. Гэтэл өөртөө итгэлтэй байдал нь тухайн зүйлийг хийж байж, оролдож байж, алдаж байж, дахин оролдож байж туршлагаар бий болдог зүйл юм байна. 

Магтаад байхаар хүүхэд нэг бол өөрсдийгөө төгс гээд итгэчихдэг, эсвэл үргэлж төгс байх гэж хичээхдээ алдахаас айдаг болгочихдог. Магтсаны улмаас өөртөө өндөр хүлээлттэй болчихдог тул өөрийгөө тийм ч сайн биш гэсэн үнэнг мэдэхээрээ өөртөө итгэх итгэлд нь сөргөөр нөлөөлдөг байна. 

3. Хүүхдэдээ зөв эрсдэл хийх боломж олго.

Хүүхдээ зөв эрсдэл хийхэд нь саад болохоос өөрийгөө татах хэрэгтэй. Тэднийг өөртөө итгэлтэй болгохын тулд тэд аль болох өөрсдөө шийдвэр гаргаж, сонголт хийж байх хэрэгтэй бөгөөд түүндээ ч өөрсдөдөө хариуцлага хүлээж сурах хэрэгтэй юм. Эцэг эхийн гаргадаг гол алдаа нь тэднийг алдаа гаргуулахгүй гээд хэт их оролцоод байдагт байгаа юм.

Гол хэлэх гэсэн санаа нь тэд өөрсдөө оролдож үзэж байж туршлагждаг, туршлагажихын хирээр өөртөө итгэх итгэл бий болдог. 

4. Өөрсдөө сонголт хийх боломж олго.

Тэд өөрсдийн насанд тохирсон сонголт хийх тусам илүү хүчтэй болдог. Ингэснээр өөрсдийнхөө гаргасан шийдвэрийн үр дагаврыг бодож үздэг болно. Жишээ нь: тэд хүйтэн өдөр пальто өмсөх үү, малгай өмсөх үү гэдгээ өөрсдөө шийдвэл дулаан болон хүйтэнд тохирох хувцасны сонголтыг хийхдээ өөрсдөө хариуцлагатай хандаж сурах болно.

5. Гэр орны ажилд туслуулах.

Өөртөө итгэх итгэлийг хүүхдэдээ багаас нь суулгахын тулд тэдний тус нэмэр хэрэгтэй гэдгийг тэднээр өөрсдөөр нь мэдрүүлэх хэрэгтэй юм. Үүний тулд тэднийг хоол хийх, ширээ засах, тоос арчих, ороо хураах зэрэг ойр зуурын ажилд туслахыг хүсч байх хэрэгтэй.

6. Тэд өөрсдийн сонирхлоо илэрхийлж байхыг нь дэмжиж байх. 

Өөр бас итгэл бий болгох чухал хүчин зүйл бол тэдний сонирхсон зүйлээ хийхэд нь үргэлж дэмжих хэрэгтэй. Харин тэд эхлүүлсэн зүйлээ дуусгаж байгаа эсэхэд нь хяналт тавих хэрэгтэй. Энэ нь юу ч байж болно усанд сэлж сурах, видео тоглоомын шатыг дуусгах гээд. Гол нь тэд төгсгөлд нь амжилттай даван туулсан гэсэн мэдрэмжийг мэдрэх явдал юм.

7. Хүүхдээ бүтэлгүйтвэл яах вэ? 

Эцэг эхчүүд бодохдоо бэрхшээл болон бүтэлгүйтэл нь хүүхдэд нь хүндээр тусч улмаар өөртөө итгэх итгэлд нь сөргөөр нөлөөлнө гэж боддог. Гэвч энэ нь итгэл бий болгоход туслах боломж юм. 

8. Таны хүүхдээ гэх хайрт ямар нэг нөхцөл шаардаагүй гэдгийг тэдэнд ойлгуулах. 

Тэднийг алдсан ч бай, буруу шийдвэр гаргасан ч бай тэдэнд хайртай гэдгээн мэдрүүлж байх хэрэгтэй. 

9. Хүүхдийн тань зорилго нь тэдний чадвар, насанд нь тохирохоор байх.

Жишээ нь: хүүхэд тань сагсны дугуйланд орохоор боллоо гэхэд өндөр чадварлаг хүүхдүүдтэй дугуйланд оруулснаас илүү анхан шатны тохирох түвшний дугуйланд оруулах хэрэгтэй, ном уншиж сурч байгаа бол тэдний төвшинд нь тохирох энгийн, амархан уншиж дөнгөх ном өгч, амжилттай хэрэгжүүлж, өөрөөрөө бахархах боломжийг олгож байхад анхаарах ёстой юм. 

10. Тохирох урамшуулал, магтаал.

Магтаал нь сөргөөр нөлөөлдөг ч зөв ашиглавал энэ нь үр дүнтэй. 

Өөрөөр хэлбэл тэднийг хий хоосон магтах биш, бодитой хэрэгжүүлсэн зүйлд нь тодорхой магтвал үр дүнтэй. Жишээ нь: сагсны тэмцээнийх нь дараа зүгээр л "сайн тоглолоо" хэмээн хоосон магтах биш, харин "багийн гишүүндээ яг хэрэгтэй үед нь дамжуулалт өгсөн чинь их сайн байсан" гэх байдлаар бодитой зүйлд нь магтаж байвал илүү үр дүнтэй урамшуулал болдог байна. 

 

Хүүхдээ өөртөө итгэлтэй болгоход анхаарах зүйлс:

Онцгой мэдрэмж. Хүүхдийнхээ бусдаас ялгаатай авьяас, чадвараа олж илрүүлэхэд нь тэдэнд туслах нь эцэг эхчүүдийн гол үүрэг юм. 

Зорилго тавих. Хүүхдэдээ хэрхэн зорилго тавин түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөхийг зааж өгөх хэрэгтэй. Амжилттай хэрэгжүүлэхэд нь туслах бололцоогоор хангаж байх тал дээр анхаар. 

Өөрсдөө бие даан хэрэгжүүлэх боломж олго. Тэд зорилгынхоо төлөө бэрхшээл, эрсдэл туулан өөрсдөө оролдож үзэх боломжийг олго.