Хүүхдээ эелдэг боловсон болгон төлөвшүүлэхэд туслах 5 зөвлөгөө

Эелдэг зан ааштай хүмүүс үргэлж л бусдын хайр, хүндлэлийг авч байдаг. Гэвч бид өнөөдөр энэ тал дээр төдийлөн сайн биш байх тал ажиглагддаг. Эелдэг боловсон зан чанарыг хүүхэд байхаас нь эхлэн төлөвшүүлэх хэрэгтэй бөгөөд хэрэгтэй үед "сайн байна уу", "баярлалаа" гэх зэрэг үгсийг хэлчихдэг, эелдэг боловсон зантай хүүхэд эцэг, эхийнхээ хайрыг татаад зогсохгүй багш нар нь ч ам сайтай байдаг. 

Хүүхдэдээ эелдэг боловсон чанарыг төлөвшүүлэх нь тийм ч амар ажил биш бөгөөд эцэг, эхчүүдээс багагүй хүч хөдөлмөр шаарддаг. 

Хүүхдээ эелдэг нэгэн болгон төлөвшүүлэхэд туслах 5 зөвлөгөө:

1. Эелдэг боловсон зан төлөв гаргах бүрт нь сайшааж байх.

Жишээлбэл: "Баярлалаа гэж хэлсэн чинь сайн байна" гэх байдлаар хэлж болох юм. Өсвөр насны хүүхдүүдийг гэхдээ гадны хүний дэргэд магтвал тэднийг эвгүй байдалд оруулдаг тул ганцаараа байхад нь жишээ нь дэлгүүрийн ажилтантай хэрхэн эелдэг харьцаж байсныг нь тодотгох байдлаар дэмжих хэрэгтэй. 

2. Өөрөө үлгэрлэн үзүүлэх.

Хүүхдээ ямар байлгахыг хүсэж байна түүнээ бий болгохын тулд гол нь өөрөө сайн үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй. Таныг бусад хүмүүстэй хэрхэн эелдэг, зөв харьцаж байгааг хүүхэд тань хараад хүссэн хүсээгүй танаас суралцах болно. Тэгэхээр хань ижилтэйгээ эсвэл ойрын хамаатантайгаа хэрхэн харьцаж байгаадаа анхаарах хэрэгтэй. Учир нь бид ойр дотны хүмүүстэйгээ харьцах тал дээрээ ихэвчлэн анхаарал сулрах гээд байдаг шүү дээ. 

Дэлгүүрт дугаарлаж байхдаа ч, эмчид хандаж байхдаа ч бусадтай хэрхэн харьцаж байгааг хүүхдүүд тань ажиглаж байх болно гэдгийг сана. 

Тийм болохоор уурласан үедээ асуудлыг хэрхэн шийдэж байгаадаа анхаарал хандуулахад илүүдэхгүй юм. Хэн нэгэнд уурласан үедээ та дуугаа өндөрсгөдөг үү? Хэн нэгэн шударга бус үйлдэл үзүүлэхэд нь та муу үгс хэрэглэдэг үү? 

3. Өмнө нь тохиолдож байгаагүй нөхцөл байдалд хэрхэх талаар ярилцах.

Тухайн нөхцөл байдалд хэрхэхийг ярилцаж байх нь өмнө нь тохиолдож байгаагүй нөхцөл байдал тулгарахад хэрхвэл дээр болохыг ойлгуулахад тустай юм. 

Жишээ нь 5 настай хүүхэд тань найзуудаа төрсөн өдөртөө уриад бэлгээ задлах үед хэрхэн талархсанаа илэрхийлэхийг болон бэлэг нь таалагдаагүй тохиолдолд яахыг өмнө нь ярилцан ойлгуулах хэрэгтэй. 

Хүүхэдтэйгээ суугаад " ... хэрэв ингэсэн тохиолдолд чи яах байсан бэ" хэмээн асуугаад юу гэж хариулахыг нь эхлээд сонсох, дараа нь хүүхдэдээ хэрхэн эелдэг, хүндэтгэлтэй байдлаар тухайн нөхцөл байдалд хандах ёстойг ойлгуулах хэрэгтэй. 

4. Тайлбарлах. 

Хүүхдэдээ тухайн гаргасан зан байдал нь яагаад бүдүүлэг, эелдэг биш болохыг өмнө нь тайлбарласан байвал тухайн нөхцөл байдал тулгарахад яавал зөв болохыг эргэн санахдаа илүү байдаг. Хэт олон үгээр эсвэл хэт зааварчлах өнгө аястай хэлээд хэрэггүй, түүний оронд зүгээр л тиймэрхүү зан байдал гаргах нь таагүй байдаг шалтгааныг нь хэлээд өгчих. 

Жишээ нь: хүүхэд тань амандаа юм идэнгээ амаа ангайвал, "Хүмүүс хооллож байхдаа идэж байгаа зүйлийг чинь аман дотор байгааг харах дургүй байдаг" гэж хэлэх нь зүйтэй. Дуугаа өндөрсгөлгүйгээр зүгээр л шалтгааныг нь хэлбэл энэ нь хүүхдэд яагаад бусад хүмүүс тухайн хийж буй зүйлд нь таагүй байхыг ойлгуулах болно. 

5. Нас насанд тохируулах.

Хүүхдээ хэр эелдэг болж байгаа тал дээр хүлээлт үүсгэхдээ насанд нь тохирсон байдлаар хандах хэрэгтэй. Бага насны хүүхдэд "баярлалаа", "уучлаарай" гэх зэрэг үгсийг хэлүүлж сургахад анхаарлаа хандуулах бол өсвөр насныханд илүү хүндрүүлсэн харилцааны чадваруудыг суулгахад анхаарах хэрэгтэй.