Зөв ажил, мэргэжлээ олж сонгоход туслах 5 алхам

Сургууль төгсөх мөч хаяанд ирсэн хэдий ч амьдралдаа хийх магадгүй хамгийн чухал сонголтоо, ямар мэргэжил эзэмшихээ хараахан шийдээгүй байгаа юм биш биз дээ? Мэргэжлээ сонгоогүй байж байгаад ээж, аавын хэлснээр аргагүй сонгох болдог тохиолдлууд ахлах ангийнханд байдаг. 

Гэвч хэрэв тухайн ажил, мэргэжилдээ дургүй бол амьдралынхаа турш дургүй зүйлээ хийх хэрэг гардаг. Би ч гэсэн нэг хэсэг дургүй ажлаа хийж байсан бөгөөд тухайн үед NBA-ийн сагсчдыг хараад дуртай спортоороо тоглоод дээрээс нь хангалттай цалин авдагт нь битүүхэн атаархдаг байлаа.

Хэрхэн удаан хугацаанд урам зоригтойгоор хийж чадах зөв ажлаа олох вэ?

Энэ нийтлэлээрээ би дуртай ажлаа хэрхэн олох вэ? Ямар чадвартайгаа хэрхэн мэдэх вэ? зэрэг асуултуудад хариу өгөх болно. 

1. Өөрийн давуу талаа үнэлэх

Ямар ажил хиймээр байгаагаа мэдэхгүй байна гэдэг нь та өөртөө ямар чадваруудтай болохоо мэдэхгүй гэсэн үг биш юм. Өөрийн давуу тал, чадваруудаа илэрхийлсэн жагсаалт бичихээс эхэл. Жишээ нь: Та өөрийгөө тооны хүн биш, зүгээр л алив асуудлыг шийдэхдээ логик ухаан сайтай гэдгээ зөвхөн та л ойлгож чадна.   

Хэрэв сайтар цаг гаргаад судлаад үзвэл та юунд ч сайн байж болно. Бүх л амьдралынхаа туршид тохирохгүй ажил хийж хайран цагаа үрэхгүйн тулд одоо цаг гаргаад судлахаас битгий тээнэгэлзээрэй.

2. Өнгөрснөөсөө суралцах

Өмнө нь ямар нэг байдлаар ажиллаж байсан туршлага бий бол түүндээ үндэслээд дараах асуултуудад хариу өг. Тухайн байгууллагад би юуг хамгийн сайн болон хамгийн муу хийж байсан бэ? Тэнд ажиллаж байх үед юу надад хамгийн хүндрэлтэй байсан бэ? Өнгөрсөн үеэ үнэлснээр магадгүй өмнөх ажилдаа сэтгэл хангалуун биш байсан тэр үеийг танд эргэн санагдуулж болно. Тухайн ажлын сул талуудыг олж харснаар танд илүү тохирох, илүү боломж олгох ажил юу байж болох талаар мэдэж болно. 

3. Юунд дуртайгаа олж илрүүлэх

Та юунд илүү дуртай вэ? 

Магадгүй та олны өмнө ярих, ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах, дизайн гаргах, зураг авах эсвэл мэтгэлцэх гэх зэргээр юунд ч дуртай байж болно. Дуртай зүйлсийнхээ жагсаалтыг гарга. 

Бусад хүмүүсээс тэд ямар ажил хийдэг талаар болон тухайн ажлынхаа юунд нь дуртай болох талаар асуу. Өнөөгийн боловсролын систем математик, биологи гэх зэргээр ерөнхий мэдлэгт анхаардаг болохоор 10 жилийнхний хувьд бодит амьдрал дээрх ажлын талаар бүрэн ойлголт муу байдаг. 

Сонгож болох ажлуудын талаар жагсаалт гаргах: Жишээ нь: Сэтгэл судлалаар суралцах хүсэлтэй хүний хувьд ямар ажлын байрууд байж болох вэ? Сэтгэл судлаач, зах зээл судлаач, хүний нөөцийн ажилтан, зар сурталчилгааны ажилтан, борлуулалтын ажилтан гэх мэт.

Өөрт тань сонирхолтой санагдсан нэг чиглэлийг нь сонгож аваад нарийвчлан судалж үзэх. Тухайн ажлын хүрээнд мэдээллүүд, ажлын байрны тодорхойлолт зэргийг гүүглээс хайж олоод судлах. Тухайн ажил нь хэр эрэлттэй болох талаар, хэр их цалин өгдөг болох талаар, салбартаа хэр их өрсөлдөөнтэй болох зэргийг судлах хэрэгтэй. 

4. Ярилцлага хийх

Дээр хийсэн судалгаандаа үндэслэн сонирхолтой санагдсан ажил дээрээ хэн нэгнээс ярилцлага авах. Тухайн салбарын хүнтэй ярилцсанаар сонирхож буй ажлаа сонгох эсэх шийдвэрт нөлөөлөх чухал ач холбогдолтой юм. 

Зорилго нь: Тухайн ажлын давуу болон сул талуудыг мэдэх боломж олгохоос гадна мөн тухайн ажил хийгээд амжилтанд хүрэхийн тулд хэр хугацаа хэрэгтэй болохыг мэдэж болно. 

Мөн таны хүссэн амьдралын хэв маягийг бүрдүүлж өгч чадах уу гэдэгт хариу өгнө. 

Сонирхож буй ажил болгон дээрээ ярилцлага хийснээр таны сонголтонд нөлөөлж болох хэрэгтэй мэдээллийг өгөх болно. 

5. Ажлаа сонгоод төлөвлөгөө гаргах 

Хангалттай хэмжээний ярилцлага хийсэн бол аль ажил танд илүү урам зориг өгч болох талаар ойлголттой болсон байх ба үүний дараа тухайн салбартаа аль болох олон хүнтэй ярилцах хэрэгтэй. Тэдний хэрхэн амжилтанд хүрснээс суралцаад цаашаа явах хэрэгтэй. 

Тэд өмнө нь энэ замаар аль хэдийн явсан болохоор яавал илүү үр дүнтэй болох талаар болон бусад хэрэгтэй мэдээллүүдийг танд хэлж өгөх болно. 

Ийнхүү судлах явцдаа тухайн ажлаараа аль компанид, ямар албан тушаалд ажиллах гэж байгаагаа төлөвлөсөн байвал сайн.

Өнөөдөр хэн нэгэн дургүй ажлаа хийснээс болж ямар их бүтээлч санаанууд алдагдаж байгаа бол? Хүн бүр хэрэв өөр өөрсдийн хийж чадах, хамгийн сайн ажлуудаа олж чадвал энэ улс орон ямар хурдан хөгжих бол? Танд урам зориг өгч чадах дуртай ажлаа хэрэв олсон бол, та ирээдүйд өөрийн хүслээр 6 цагаас хойш ажил дээрээ суух болно, нэгдэх өдрийг тэсэж ядан хүлээх болно, ирээдүйд амьдралынхаа нэг ч хоногийг ажил хийхгүйгээр өнгөрөөх болно. Танд амжилт хүсье!