Эцэг эхчүүдээс "та хүүхдээ ямар байгаасай гэж хүсдэг вэ"? хэмээн асуувал мэдээж бүгд л аз жаргалтай байгаасай гэж хүсдэг гэх байх.
Үр, хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсэхээс илүү өөр юу чухал байна гэж?
Өнөөдөр хүүхдээ хэрхэн амжилттай болгох талаар хангалттай их зөвлөгөөнүүд байгаа ч тэднийг хэрхэн аз жаргалтай болгох талаар цөөхөн байгаа байхаа.
Аз жаргалтай хүүхэд өөрөө амжилттай нэгэн болох магадлал өндөр байдаг байна.
Аз жаргалтай хүмүүс ажил дээрээ ч тэр, хайр дурлалын асуудалдаа ч тэр аз жаргалгүй хүмүүсээс илүү амжилттай байх нь элбэг байдаг байна. Мөн цалин нь ч өндөр байхаас гадна гэр бүлийн амьдрал нь ч тогтвортой байх нь элбэг байдаг гэжээ.
Тэгэхээр хүүхдээ аз жаргалтай нэгэн болгоход юу гол нөлөө үзүүлдэг вэ?
1. Өөрөө аз жаргалтай байх.
Эцэг эхчүүд өөрсдөө аз жаргалтай байх нь хүүхдүүдэд ч гэсэн нөлөөлдөг байна. Судалгаанаас үзэхэд эцэг эхийн сэтгэл санааны байдал нь хүүхдийн зан байдлын төлөвшилд багагүй нөлөөлдөг гэжээ.
Тэгэхээр бид хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд өөрсдөдөө аль болох цаг гаргаж байх хэрэгтэй болох нь. Судалгаанаас үзэхэд өөр хэн нэгний инээхийг сонсох нь бидний тархинд нөлөөлж өөрсдөө инээж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг гэсэн байх тул найз нөхөдтэйгээ үе үе уулзаж инээлдэж байх нь магадгүй таныг аз жаргалтай болгоод зогсохгүй танай гэр бүлд ч эерэгээр нөлөөлөх нь байна.
2. Хүүхдээ бусадтай зөв харилцахад сургах.
Хүн хоорондын харилцаа чухал болохыг хүн бүр ойлгодог боловч эцэг эхчүүдийн хэд нь хүүхэддээ бусадтай хэрхэн харилцах талаар сургадаг вэ? Бусадтай эелдэг, зөв боловсон харилцах болгонд тэднийг урамшуулж байх нь тэдний цаашдын ирээдүйд нь эергээр нөлөөлөөд зогсохгүй тэднийг илүү сайн хүн болгон төлөвшүүлнэ.
3. Аливаа ажлыг төгс хийх гэхээс илүү оролдлого чухал гэдгийг ойлгуулах.
Хүүхдээ амжилттай байлгах гэж хэт их хүчилдэг эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь сэтгэл санааны хямралд өртөх магадлал өндөр байдаг.
Ямар нэг ажлыг сайн хийлээ, мундаг байлаа хэмээн магтуулдаг байсан ихэнх хүүхдүүдийн хувьд аль болох хялбар даалгавар гүйцэтгэж байхыг илүүд үздэг болж төлөвшдөг байна. Учир нь тэд өөрсдийн сайн, мундаг гэх алдраа ямар нэг /хүндэвтэр даалгавар хийхээр сайн гэх хүндэтгэлээ алдана гэж айх/ байдлаар сэвтүүлэхийг хүсдэггүй тул хүндэвтэр ажил, даалгавар гүйцэтгэхийг хүсдэггүй нэгэн болж төлөвшдөг байна. Нөгөө талд хэрэв хүүхдээ ямар ч ажил, даалгавар өгсөн бай чадах чинээгээрээ оролдох болгонд нь сайшааж, урамшуулж байсан бол хүнд хэцүү даалгавраас ч халшрахгүй нэгэн болж төлөвшдөг байна. Тэд ухаантай харагдах, харагдахгүйгээс үл хамааран өөрсөд нь суралцах боломж олгох хэцүү ямар ч ажлаас халширдаггүй болох болно.
5. Ямар ч асуудалд өөдрөг байхыг сургах.
Сэтгэлээр унамтгай хүүхэдтэй болохыг хүсэх хэн байх билээ. Тэднийг алив асуудлыг эерэг талаас нь хардаг болгоход сурга. Хүүхдүүд аливаа асуудлыг эерэгээр хүлээж авах нь их байдаг ч тэд насанд хүрээд ирэхээрээ эсрэгээр болсон байдаг.
Сэтгэл өөдрөг хүмүүсийг судлаж үзэхэд:
- Тэд сургууль дээрээ ч, ажил дээрээ ч илүү амжилттай байдаг.
- Тэд илүү эрүүл байдаг бөгөөд мөн илүү урт наслах хандлагатай байдаг.
- Гэр бүлийн амьдралдаа илүү сэтгэл ханамжтай байдаг.
- Хүүхэддээ бусдын байгаа байдлыг мэдэрч, ойлгодог болгоход сургах.
Хэрэв хүүхэд тань аливаа асуудалд зөвхөн өөрийнхөө л сэтгэл хөдлөл, байдлыг тэргүүн ээлжинд тавьдаг болж төлөвшвөл үргэлж л намайг бодсонгүй хэмээн бусдад гомдоллодог нэгэн болно. Хэн нэгэнтэй сөргөлдлөө гэхэд бусдыг аль болох ойлгодог, тэдний оронд өөрийгөө тавих чадварыг эзэмшүүлэх нь чухал юм. Асуудал тулгарахад хүүхдээ яг юу мэдэрч байгаагаа өөрсдөө ойлгоход нь тусла, тэдэнд энэ мэдрэмж нь тийм ч хэцүү зүйл биш болохыг танин мэдэх боломж олго.
6. Зөв зүйлийг зуршил болгох.
Аливаа зүйлийг зуршил болговол амархан сурчихдаг. Хүүхэддээ хэрхэн аз жаргалтай байх зуршлыг төлөвшүүлэх вэ?
Зуршил болгоход саад болох бодлыг үгүй хийж байх. Жишээ нь: гар утсаар тоглоом тоглохгүй гэчихээд тоглох гээд байвал тухайн хүслээ дарах.
Тухайн зөв зүйлийг зуршил болгохын тулд гэрийнхэндээ, найз нартаа гээд аль болох олон хүмүүст энэ тухайгаа зарлах. Жишээ нь: би өнөөдрөөс эхлээд өглөө бүр 7 цагт босч дасгал хийнэ. Ингэснээр "би тухайн зүйлийг амласан учраас заавал хэрэгжүүлэх ёстой" гэх бодол нь түлхэц өгнө.
Тухайн хугацаанд нэг л зуршлыг төлөвлөх. Хүүхдүүдийн хувьд хэт олон зуршлыг бий болгохоор төлөвлөх нь хэцүү байх нь мэдээж. Шинэ зорилго тавихын өмнө өмнөх зорилгоо заавал хэрэгжүүлсэн байх.
Шууд үр дүнд хүрнэ гэдэг мэдээж амаргүй байх болно. Цаг хэрэгтэй. Хүндрэл гарах боловч тууштай үргэлжлүүлэх нь чухал.
7. Сахилга баттай байх.
Ирээдүйд аз жаргалтай нэгэн байхад нь хүүхдүүдийн хувьд сахилга бат юу юунаас илүү чухал хүчин зүйл юм.
Ямар нэг болохгүй гэдгий нь мэдэж байгаа ч хийхийг хүсдэг тэр зүйлийг тэвчиж чаддаг хүүхдүүд илүү их амжилттай, аз жаргалтай болдог гэсэн судалгааны үр дүн байдаг байна.
Сургуулийн өмнөх насныхны хувьд чихэр идэх ч юмуу тиймэрхүү дуртай зүйлээ хийхээс тэвчиж чадах чадвар нь тухай хүүхдийг алсдаа амжилт гаргахад, том болохоороо бусадтай харилцах тал дээр амжилттай байхад нь нөлөөлдөг байна. Учир нь хувийн сахилга бат нь аливаа зүйлийг тэвчээртэй суралцах чадварт нь нөлөөлж байдаг. Мөн хувийн сахилга бат сайн хүүхэд өөрт нь тулгарч болох аливаа бэрхшээлээс үүсэх сэтгэлзүйн байдлыг илүү сайн давдаг болоод зогсохгүй нийгмийн хариуцлага ч бас өндөр байх хандлагатай байдаг байна. Өөрөөр хэлбэл хувийн сахилга бат нь сургууль дээр амжилт гаргахад нь туслах ба энэ нь хоолны ширээнд зөв суух, олон нийтийн ажилд идэвхтэй байх зэрэг хандлагуудаар илэрдэг байна.
Хувийн сахилга бат сайн байхыг хүүхэддээ төлөвшүүлэх арга нь юу байх вэ? Хийж болохгүй байх тэр зүйлийг хэчнээн хийхийг хүсэх ч тэр хүслээ даван гарч чаддаг болгоход хүүхэддээ тусла.
8. Тоглох цагийг нь их байлгах.
Бид бясалгах буюу өөрсдийнхөө яг одоо юу мэдэрч байгааг сонсох нь бидэнд тайвшрал өгдөг талаар зөндөө уншдаг. Хүүхдүүдээ харин үүнийг хийлгэнэ гэдэг тийм ч амар зүйл биш байх нь мэдээж хэрэг юм. Гэхдээ хүүхдүүд өөрийнхөөрөө тоглож байхдаа яг тухайн цагийг аз жаргалтайгаар өнгөрөөж байдаг тул энэ нь тэдэнд ямар ч бясалгалаас илүү үр дүнтэйгээр нөлөөлж байдаг байна. Гэвч өнөөдөр хүүхдүүдийн ямар нэг төлөвлөгөөгүйгээр, өөрсдийнхөөрөө тоглох нь улам л багассаар байна.
Тоглох нь зүгээр нэг хийх юмгүйдээ сэлгүүцэж байгаа хэрэг биш юм. Энэ нь тэдэнд өсөж том болох танин мэдэхэд ихээхэн тустай байдаг.
Судлаачид үзэхдээ хүүхдүүдийн тоглох нь буурах нь хүүхдийн танин мэдэхүйн болон сэтгэл санаагаа илэрхийлэх байдлын хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэсэн байна. Мөн хүүхдүүдийн тоглохыг нь дэмжиж өөрөө аль болох тоглож байвал энэ нь тэдний оюун ухаанд нь, бусадтай харилцах харилцаанд нь эерэгээр нөлөөлөөд зогсохгүй тэднийг багаар ажиллах, бусадтай аливаа асуудлыг тохиролцох, санаа бодлоо хуваалцах, зөрчилдөөнийг шийдэх зэрэг чадавруудыг төлөвшүүлдэг гэсэн байна.
Тэдэнтэй тоглоход цагаа битгий харамла.
9. Хүүхдүүдийнхээ орчинг аз жаргалтай болго.
Бид өөрсдийн хүрээлэн байгаа орчноосоо их хамааралтай байдаг.
Хүүхдийнхээ амьдрах орчныг эрүүл зөв, аз жаргалтай байлгах үр дүнтэй хийгээд хамгийн энгийн арга юу вэ?
Зурагт аль болох бага үзэх.
Судалгаагаар зурагт үзэхгүй байх болон аз жаргалтай байх нь хоорондоо хамааралтай болохыг нотолжээ. Илүү их аз жаргалтай хүмүүс аз жаргалгүй хүмүүстэй харьцуулахад зурагт бага үздэг гэсэн байна. Зурагт хүмүүсийг аз жаргалгүй болгоод байна уу, эсвэл аз жаргалгүй хүмүүс зурагт илүү их үзээд байна уу гэдгийг яг хэлж мэдэхгүй ч зурагтаас өөр хүүхдийг аз жаргалтай болгох олон зүйлс байдаг гэдгийг бид мэднэ. Хэрэв таны хүүхэд зурагт их үзэж байгаа бол тэрхүү аз жаргалтай болгох хүчин зүйлсийг хийхгүй байна л гэсэн үг юм.
10. Оройн хоолоо хамтдаа идэж хэвших.
Энэ нь чухал гэдгийг шинжлэх ухаан батлаад байгаа. Энэ энгийн дүрэм нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй мөн тэднийг аз жаргалтай нэгэн болгодог байна.
Судалгаанаас үзэхэд эцэг эхтэйгээ оройн хоол тогтмол иддэг хүүхэд нь сэтгэлзүйн хувьд тогтвортой байхаас гадна мөн архи, тамхи зэргийг хэрэглэх магадлал бага байдаг гэсэн байна. Мөн хичээл номондоо сайн суралцдаг, илүүдэл жинд өртөх магадлал бага байдаг гэсэн байна.
Энэ нь эцэг эхчүүдэд оройн хоолны үеэр хичээл сургуулийнх нь талаар ярилцах боломжийг олгодог байна.
Ихэнх эцэг эхчүүдийн хувьд ажил дээрээ амжилттай, ашиг орлоготой байх тал дээр ихээхэн анхаардаг боловч ар гэрийн амьдралдаа бага анхаарал хандуулах гээд байдаг. Үр хүүхэд маань хэн болж өсөх нь эцэг эхчүүдийн хувьд тэргүүн ээлжинд тавих чухал зүйл байх ёстой юм.