Хийх дуртай ажлаа олох 6 арга

Зарим хүмүүс өөрийн дуртай ажлаа олоод хийнэ гэхээр чухам юу болохыг мэдэхгүй учир жаахан түвэгтэй санагддаг байж магадгүй юм. 

Та магадгүй одоо хийж буй ажлаа шаргуу сайн хийдэг нэгэн ч байж болно. Гэхдээ хичнээн сайн хийдэг байлаа гээд ажилдаа дуртай биш бол ажлаасаа авах сэтгэл ханамж өндөр биш л байх болно.   

Хэрэв та дуртай ажлаа олж хийх хүсэлтэй ч хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол энэ 6 арга магадгүй тус болох юм. 

1. Эхлүүлэх

Хэрэв та "би өлсөөгүй" гэх хандлагатайгаар зоогийн газар орвол идэх хүсэл нээх их төрөхгүй л болов уу. Нэг бол орчин нь таалагдахгүй эсвэл цэс нь таалагдахгүй гэх шалтгаанаар гараад явчих байх. Дуртай ажлаа хайхад үүнтэй яг адил зарчим үйлчилнэ. Дуртай ажлаа олох нь "хэцүү байна" гэж үзвэл эсвэл "би олж чадахгүй" хэмээн эргэлзвэл та боломжоо олж харахгүй хоцорно. Хэрэв та тийм ажил байгаа гэдэгт итгэхгүй бол хэрхэн олох билээ? 

Урам зоригтойгоор хийж чадах тэр ажлаа олоод бусдыг нь түүндээ уялдуул. 

Найзууд болон гэрийнхнээс тань хэд нь өөрийн зүрх сэтгэлээ сонсож ажиллаж байна вэ? Хэрэв их биш бол энэ хүрээллээ ихэсгэх хэрэгтэй. Хийж буй ажлаасаа урам зориг авдаг хүмүүсээс урам зориг авна гэдэг нь ихээхэн зориг өгдөг юм. 

2. Олох

Хэрэв танд урам зориг өгөх тэр ажил юу вэ? гэдгийг мэдэж байвал яг одооноос хэрхэн эхлүүлэх талаар бодох хэрэгтэй. Юу гэдгийг нь хэрэв хараахан мэдэхгүй бол магадгүй та өөрийн амьдралаа эргэж нэг харвал зарим нэг туршлагуудаасаа олж харж болох юм.

Ингэхдээ танд урам зориг өгөх гол хүчин зүйл нь юу вэ гэдгийг олох хэрэгтэй. Жишээ нь: Миний зун хийдэг дуртай ажил нь өсвөр наснынханд Англи хэлний хичээл заах юм. Миний хувьд гол хүчин зүйл нь англи хэл үү? эсвэл залуу хүмүүс үү? гэдгийг олох хэрэгтэй болж байна. Аль нь надад илүү урам зориг өгч байна вэ? Сайтар бодоод үзэхээр би хэсэг бүлэг хүмүүст тэдэнд хэрэгтэй байх тэр зүйлийг заах нь надад илүү их урам зориг өгч байсан. Энэ нь одоогийн миний хийж байгаа ажил бөгөөд, гэхдээ өсвөр насныхан хэрэв байхгүй байсан бол энэ нь зүгээр л уйтгартай дүрмүүд байх байсан юм. Хамгийн гол нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлүүдийг жагсаан бичих хэрэгтэй.    

3. Нэгтгэх

Гол хүчин зүйлүүд бүхий жагсаалтаа харахаар эхлээд тэдгээр нь хоорондоо ямар ч холбоогүй юм шиг санагдах болно. Жишээ нь: та Франц улс, кофе, дүн шинжилгээ хийх, манлайлагч байх зэрэг хүчин зүйлүүдэд дуртай гэж бодъё. Үүнээс хэрхэн дуртай ажлаа бий болгож болох вэ?  

Одоо дээр дурдагдсан хүчин зүйлсээс илүү цааш харах хэрэгтэй. Энэ бүгдийг нэгтгэсэн тэр зүйлийг бодож олох хэрэгтэй.  

Жишээ нь: Бизнес эрхлэгчдэд брэндээ зөв үгээр илэрхийлэхэд нь тусладаг нэгэн гэж үзье. Магадгүй тэрээр хэрэглэгчид болох боломжтой хүмүүсийнх нь сонирхлыг татах кофе шопуудын зургуудыг Pinterest профайлдаа оруулж болно. Түүнд урам зориг өгдөг бүх хүчин зүйлсүүд үндсэндээ тэнд цугларна. Мэдээж олон сонирхолтой зургаараа өөрийн харилцагч болох магадлалтай хүмүүсийг тэндээсээ олох боломжтой болно.

4. Хобби болон ашиг 

Хэрэв ямар нэг ажил сонирхлыг тань ихэд татаж түүндээ дурлавал тэр зүйл таны зүрх сэтгэлийг эзэмддэг юм. Гэхдээ та өөрөөсөө нэг асуулт асуух хэрэгтэй болно. Хэн үүнээс үр ашиг хүртэж, хэн төлөх вэ? 

Хэрэв та нийгэмд тус хүргэнгээ түүнээсээ орлого олохыг хүсэж байгаа бол энэ нь ашиг өгөх боломжтой эсэхийг болон үүний тулд юу хийх хэрэгтэй болохыг бодитойгоор үнэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь та тэрхүү ажлаа хийхдээ дуртай байх эсэхээ сайтар бодоорой. 

Жишээ нь: Цэцгээ зураг зурах дуртай. Тэрээр зураг зурах хоббигоо ашигтай бизнес болгохоор зорьжээ. Түүний авьяасыг сонирхох, худалдан авах хүсэлтэй гол зах зээл нь вэб сайтдаа болон бүтээгдэхүүн дээрээ зураг оруулах хэрэгтэй байгаа бизнес эрхлэгчид болж таарсан. Гэхдээ хэрэгжүүлэхийн тулд Цэцгээд онлайн орчны програмууд дээр ажиллаж сурах чадвар хэрэгтэй болсон. 

Таны дуртай хийх ажлыг хэнд хэрэгтэй болохыг олж мэдээд тэдэнд яаж, хаана, хэзээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж болохыг тэдэнтэй ярилцаж үзвэл яг яах хэрэгтэй байгаагаа ойлгох болно. 

5. Зориглох

Та дуртай зүйлээ хийхээр оролдох үед танд зарим нэг талаар эргэлзээ төрөх болно. Бидэнд тухайн зүйлийг хийхэд амжилттай болох эсэхэд эргэлзээ болон айдас үргэлж байдаг. 

Хэрэв та тэрхүү эргэлзээ айдсыг даван туулж чадахгүй бол таны төлөвлөгөө зүгээр л цаасан дээр үлдэх болно. Түүний оронд айдсаа даван туулж, танд илүү боломж бий болгох дотоод дуу хоолойгоо сонсоод нэг үзээрэй. Болохгүй, бүтэхгүй гэсэн үзэлдээ автаж мөрөөдлөө хөсөр орхиж байсан бүтэлгүй дурсамжаа эргэн сана, мөн өөрийн зүрх, сэтгэлээ дагасны улмаас жижиг ч гэсэн амжилттай хэрэгжүүлж чадсан өмнөх туршлагаа эргээд нэг сана. Хожим хойно би тэгэхэд үзээд алддаг байжээ гэж харамсахгүйн тулд оролдоод үзэх хэрэгтэй. 

6. Ая тухтай байдалдаа баяртай гэж хэл

Амьдралдаа би "хийгээд үз тэгээд үр шим нь ирнэ" гэх зарчим баримталдаг. Хуучнаа баяртай гэхгүйгээр шинэ зүйл ирэхгүй юм байна гэдгийг мөн ойлгосон. Одоогийн ажлаа орхиод хүсэл мөрөөдлийнхөө дагуу ажиллаж эхэлнэ гэдэг хэдий амаргүй ч ирээдүйнхээ төлөө, өөрөө өөртөө хариуцлага хүлээх, дуртай зүйлээ хийх амьдралынхаа төлөө эрсдэл гаргаад үзэхгүй гэж үү? Ямар эрсдэл тулгарч болохыг тооцоол. 

Хорвоо дэлхийд тэр дундаа манай улсад хийх ажил их болохоор таны хүсэл, зорилго юунаас ч илүү хэрэгтэй. Энэхүү нийтлэл маань хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхэд тань жаахан ч гэсэн тусална гэдэгт найдаж байна. Дуртай ажлаа эхлүүлсэн л бол дотоод дуу хоолой тань аяндаа таныг зөв тийш нь хөтлөх болно итгээрэй.