Хэрхэн хүүхдээ зөв зүйлийн талд зогсох зоригтой болгон төлөвшүүлэх вэ?

Зоригтой байна гэдэг нь ямар нэг зүйлээс айхгүй байхыг хэлэхгүй, зоригтой байна гэдэг нь хэдийгээр айх ч зөв зүйлийн талд зогсох хангалттай зоригтой байхыг хэлэх юм.  

Жишээ нь:

- 2 дугаар ангийн хүүхэд тань хамаатныдаа зочилсон үедээ үнэтэй болор савыг нь хагалчхаад энэ тухайгаа шударгаар хэлж чадах уу?

- 4 дүгээр ангийн хүүхэд тань байрны атаман өөрөөсөө жаахан хүүхэд дээрэлхсний төлөө өмгөөлж чадах уу? 

- 6 дугаар ангийн хүүхэд тань бусад найзууд нь бүгд рэп хөгжим сонсож байхад жаз хөгжим сонирхож энэ тухайгаа тэдэнд ичихгүйгээр хэлж чадах уу? 

- 8 дугаар ангийн хүүхэд тань ангийнх нь бусад хүүхдүүд шалгалтандаа хуулж байхад өөрт нь хуулах боломж байсаар байтал хуулахгүй байж чадах уу? 

Ихэнх эцэг эхчүүд хүүхдийн айдас гэхээр сүнс ч юм уу эсвэл өндрөөс айх тухай л бодох байх. Гэхдээ хүүхдүүдэд байнга тулгарч байдаг ёс суртахуун, хүмүүс хоорондын харилцааны соёлтой холбож ойлговол зүгээр юм. 

Мэдээж 5 настай хүүхэд тань харанхуйгаас айх, эсвэл 7 настай хүүхэд тань морь унахаас айх зэргийг даван туулахад нь эцэг эхчүүд туслах хэрэгтэй нь гарцаагүй.

Та доорх зүйлст анхаарал хандуулах хэрэгтэй:

- Тэднийг ямар нэг үйлдэл хийлгэхээр хэт их хүчлээд хэрэггүй. Тэд ирэх жил морь унаад сурчихсан байна.

- Тэдний сэтгэл зүй ямар байгааг ойлгохыг хичээ. 

- Та дэргэд нь байгаа болохоор айх зүйл байхгүй гэдгийг сайн ойлгуул. 

- Хүүхдээ асуудлаа шийдэхэд нь тусла. 

Ёс суртахуун, хүмүүс хоорондын харилцаан дээр гаргах эр зориг.

Ёс суртахуунтай холбоотой нөхцөл байдалд хүүхдийн тань гаргах үйлдэл нь ихэнхдээ эцэг эхчүүдээс өөрсдөөс нь шалтгаалдаг. Гэхдээ энэ нь "ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй" гэх таны хэрхэн сургамжилснаас ихэнхдээ шалтгаалахгүй. Сургаал нь юу хийх нь зөв, юу хийх нь буруу болохыг, яагаад ингэж хийх нь зөв болохыг ойлгуулах боловч тэдний төлөвшилд гол нөлөө үзүүлэх хүчин зүйл биш юм. 

Судалгаанаас үзэхэд хүмүүс ихэнхдээ юу хийвэл зөв болохыг мэддэг ч тэр дагуу хийдэггүй байна. Ёс суртахуунтай холбоотой хэвшил нь сургахад амаргүй байдаг. Таны хүүхдийн ямар нөхцөл байдалд хэрхэн шийдэж байх нь тухайн хүн нь хэн болохоос шалтгаална. Гэхдээ эцэг эхчүүдийн хувьд энэ зан төлөвшилд нь нөлөөлөх боломжтой, учир нь тэд танаас байнга суралцаж байдаг. 

Хүүхдийн төлөвшилд хэрхэн нөлөөлж болох вэ?

- Худалдагч танд санамсаргүйгээр өгөх ёстойгоосоо их хариулт мөнгө өгсөн тохиолдолд та энэ тухай худалдагчид хэлэх үү?

- Ямарваа нэгэн асуудалд таны буруу байсан тохиолдолд та хүүхэддээ шударгаар хүлээн зөвшөөрч хэлж чадах уу? 

- Хүүхэд тань буруу зүйл хийснээ үнэнээр нь хэлэхэд нь хүүхдээ хэт их зэмлэхгүй байж чадах уу? Эсвэл хэт их зэмлэснээс болоод танд худлаа хэлэх байдал ажиглагдсан уу?

- Хүүхэд тань хамаатныхаасаа эсвэл найзынхаасаа ямар нэг эд зүйлийг нь хэлэлгүй авсан бол яах вэ? Та өөрөө ажил дээрээсээ ямар нэг эд зүйлс гэртээ авчирдаг уу?

- Таны захирал танаар ямар нэгэн буруу зүйл хийлгэх гэвэл та түүнд энэ талаар хэлж чадах уу? 

- Та хүүхдээ тоглоомын төвд тоглуулахдаа бага үнээр тоглуулахын тулд насыг нь худал хэлж байсан уу? 

Энэ бүгдэд та хэрхэн хариулахаас таны хүүхэд хэн болж төлөвших нь харагдах болно. Судалгаанаас үзэхэд хүүхэд үргэлж эцэг, эхчүүдийнхээ ямар нөхцөл байдалд хэрхэн шийдвэр, үйлдэл гаргаж байгаагаас үргэлж суралцаж байдаг гэжээ.

Тэгэхээр хүүхдээ ёс суртахууны хувьд зөв хүн болгож төлөвшүүлэхийн тулд бид өөрсдөө зөв байх ёстой юм. 

Хүүхэд тань таны хүссэн зан төлөвийг гаргахгүй байгаа тохиолдолд хэт их хүчлээд хэрэггүй! Дээр дурдсан зүйлсийн талаар тодорхой ойлголттой, хүүхдийнхээ төлөвшилд санаа тавьдаг эцэг, эх байна гэдэг нь өөрөө хүүхэд тань зөв хүн болж төлөвшихөд ихээхэн туслах болно.  

Эцэст нь хэлэхэд сорилт, бэрхшээлийн өмнө зоригтой байна гэдэг нь огт айдасгүй байхыг хэлэхгүй. Харин тэрхүү айдсыг даван гарч зөв талд зогсох нь чухал гэдгийг ойлгох явдал юм.