Хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлэхэд туслах 10 зөвлөгөө

Амьдралд нь хэцүү асуудал тулгарлаа гэхэд хүүхэд тань хэрхэн шийдэх нь тэд хэн болж төлөвшихөөс шалтгаалах болно. 

Хэдийгээр хүүхэддээ үнэнч, хариуцлагатай, бусдад тусалдаг товчхондоо зөв хүн байхыг зааж сургах нь хэцүү юм шиг боловч энэ нь эцэг эхчүүдийн хувьд орхигдуулж болохгүй чухал хариуцлага гэдэг нь хэнд ч ойлгомжтой байх. 

Бид энэ тал дээр үнэндээ анхаарал бага хандуулдаг.

Хүүхдээ сайн хүн болгохын тулд хэрэндээ л зааж сургаж байгаа л гэж боддог, гэхдээ энэ нь заах эсэхдээ биш юу зааж байгаадаа л гол нь байгаа юм. Бид үнэхээр хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд шаардлагатай зүйлсийг зааж өгч чадаж байна уу?

Хүүхдүүд хэрхэн суралцдаг вэ?

Тэд эцэг, эхээ юуг, хэрхэн хийж, асуудлыг хэрхэн шийдэж буйг ажиглан амьдралд юу илүү чухал болохыг өөрсдийнхөөрөө дүгнэж, ямагт суралцаж байдаг.

Та тэдэнд юу гэж заахаас үл харгалзан эцэг, эх нь юуг үнэт зүйл гэж үзэж байгаагаас шалтгаалан тэдний өөрсдийн үнэт зүйлс төлөвшдөг байна. 

Өнөөдөр хүүхдийн төлөвшилд эцэг, эхээс гадна найз нөхдийн хүрээлэл ч мөн чухал үүрэгтэй. Учир нь найз нөхдийн хүрээлэл нь ялангуяа өсвөр настнуудын төлөвшилд их нөлөө үзүүлдэг.  

Судалгаагаар эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцах харилцаа сайн байх тусмаа тэдний төлөвшилд эцэг эхчүүдийн сургасан үзэл бодол нөлөө ихтэй байдаг гэжээ. Мөн гэр орон нь дулаан уур амьсгалтай байх тусмаа тэд найз нөхдөө сонгохдоо эцэг эхтэйгээ ойролцоо үзэл бодолтой нэгнийг сонгох магадлал өндөр байдаг гэжээ.

Мэдээллийн сувгаас авах нөлөөлөлд санаа зовоодог.

Мэдээж зурагт бол гол нөлөө үзүүлдэг. Өнөөдөр энэ олон телевизүүд бий болсон үед үнэхээр хүүхдийн төлөвшилд сөргөөр нөлөөлөх талтай болж байна. Телевиз нь садар самуун, хүчирхийлэл зэргийг ямар нэг шүүлтүүргүйгээр гаргадаг болохоор хүүхдийн төлөвшилд сөргөөр нөлөөлдөг байна.

Зурагт, сургууль, шашны байгууллага, кино, ном болон бусад мэдээллийн сувгууд нь бүгд хүүхдийн төлөвшилд нөлөөлдөг хүчин зүйлс юм. Хэдий тийм ч өсвөр настнуудын хувьд хамгийн гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь эцэг, эхчүүд юм. 

Зөв хүн болж төлөвшинө гэхээр та магадгүй олон зүйлс бодох байх, миний бодлоор энэ нь үнэнч шударга байх, бусдад тусалдаг байх тухай юм. Мөн мэдлэг боловсролыг эрхэмлэх, бусадтай хүндэтгэлтэй харьцах, ажилч хичээнгүй, байх тухай юм.  

Бидний ихэнх нь магадгүй дээрх бүгдийг хүүхдүүдэд маань автоматаар суучихна гэж үздэг. 

Хүүхэддээ зөв хүн болгож төлөвшүүлэх талаар заана гэдэг нь бидний үнэт зүйлс юу болох талаар тэдэнтэй аль болох тогтмол ярилцаж, тэдэнд төлөвшүүлэхийг чармайн оролдохыг хэлнэ. 

Юуг хийх ёстой, ёсгүйг хэлэх болон бидний хийж буй үйлдэл ихэнхдээ зөрж байдаг болохоор энэ нь эцэг эхчүүдийн хувьд тийм ч амар зүйл биш байдаг. 

Эцэг эхдээ хайрлагдаж өссөн хүүхэд бусдад тусч нэгэн болж төлөвшдөг байна. Тийм болохоор хүүхэддээ их цаг гаргадаг эцэг, эхчүүдийн хувьд хүүхдэдээ амьдралдаа мөрдөж байх үнэт зүйлсийн талаар зөвөөр ойлгуулж, төлөвшүүлэхэд илүү хялбар байдаг байна. 

Амьдралдаа мөрдлөг болговол зохих үнэт зүйлс, гол чанаруудыг дараах байдлаар тодорхойлжээ: ёс суртахуунтай, хүмүүстэй тэгш харилцдаг, бусдыг ойлгодог, хариуцлагатай, үнэнч, бусдад хүндлэлтэй, хүн чанартай, өөрийгөө удирдах чадвартай, манлайлах чадвартай, хайр, халамжтай, амиа боддоггүй байх зэрэг чадваруудыг дурдаж болно. 

Түрүүн хэлсэнчлэн эдгээр чадварууд автоматаар суучихгүй, бид үр хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлэхийн тулд тэдэнд туслаж байх ёстой юм. 

Хэрхэн туслах вэ? 

1. Тэдний ертөнцөд нь тохируулах

Хүүхэд тань юунд итгэдэг, юуг илүү үнэлдэг болохоо танд ярих хүртэл та магадгүй тэднийг сайн ойлгохгүй ч байж мэднэ. 

  - 6 настай хүүхэд тань байрны хүүхэдтэйгээ гадаа тоглохоор тохирчхоод өөр хэн нэгэнтэй хүүхэлдэйн кино хамт үзэхээр болсноор өмнөх хүүхэддээ хэлэлгүй орхичхож болох уу?

  - 10 настай хүү тань үеийнхэн дундаа хөл бөмбөгөөр чадварлаг тоглогч бөгөөд өөр илүү баг түүнийг багтаа тоглохыг санал болгосны дагуу одоогийн багаа хүнд байдалд орхиж болох уу?

  - 14 настай хүүхэд тань шалгалтандаа ангийн хүүхдээ хуулж байгаа талаар хов хүргэж болох уу? 

Иймэрхүү насанд нь тохирох асуудлуудыг хэрхэн шийдэхээс хүүхдийн тань хэн болж өсөх нь төлөвшдөг. Ухаалаг шийд гаргахад нь түүнд байнга туслаж байх нь эцэг эхчүүдийн үүрэг юм. 

2. Та хүүхдэдээ байнга үлгэр дууриалал үзүүлж байдаг тул юу хийж байгаагаа үргэлж хяна. 

Юу гэж хэлэх нь нэг хэрэг, хэрэгжүүлнэ гэдэг өөр хэрэг юм. Хэрэв та хүүхэддээ хөлбөмбөг бол гайхалтай спорт, энэ бол багийн спорт гэж хэлэх атлаа тоглолтонд хэн хожсоныг чухалчилж асуувал тэд хожих нь л юу юунаас илүү чухал юм байна гэж ойлгох болно. 

3. Хүүхдийнхээ бусдыг ойлгодог болоход нь тусла.

Бусдыг ойлгох чадвар нь бусдад тусалдаг болоход нөлөөлдөг гол хүчин зүйл юм. Бусдыг ойлгох чадварт суралцах ганц арга нь тэд өөрсдөө бусдаар туслуулж байж суралцдагаас гадна эцэг, эхчүүдийнхээ бусдад хэрхэн туслаж байгаагаас мөн суралцдаг байна.

4. Эцэг, эхчүүд өөрсдийнх нь эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу болох талаар энэ нь яагаад чухал болох талаар хүүхэдтэйгээ ярилцаж байх.

Яагаад ахмад хүмүүстэй хүндэтгэлтэй харьцах ёстойг, яагаад байгаа орчиндоо хог тарихгүй байх ёстой талаар г.м. зүйлсийн талаар байнга ярилцдаг байх нь тэдний төлөвшилд эерэгээр нөлөөлнө. Мөн өөрсдийнхөө гаргасан зөв зүйтэй шийдвэрүүдийг яагаад ийнхүү шийдсэн талаараа хүүхдүүдтэйгээ байнга ярилцаж байх хэрэгтэй. 

5. Хүүхэд тань зөв шийд гаргасан тохиолдлуудад тухайн үйлдлийг нь тодотгож урамшуулсан үг хэлж байх. 

Жишээ нь: - "Сургууль дээрээ юу болсон талаар надад үнэнээ хэлсэнд чинь аав нь үнэхээр баярлаж байна". - "Чи Болдод илүү тоглоомоосоо өгсөн чинь их сайн хэрэг". 

6. Үглэж яншихаас аль болох татгалзах.

Хүүхдэд ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гээд байхаар тэд хүлээн авахгүй, төвөгшөөх хандлагатай болдог. Мэдээж зэмлэх тохиолдол байх ч энэ нь хэмжээ хязгаартай байх нь зүйтэй. Түүний оронд түүний гаргасан шийдвэрийнх нь талаар яагаад ийм шийд гаргах болсон талаар, цаана нь юу бодож байгаа тухай асуулт асуун өөрийн юу гэж үзэж байгаагаа тулгалгүйгээр илэрхийлэх хэрэгтэй. Тэр мэдээж өөрийн гаргасан шийдвэрийн талаар эргэцүүлж бодох учраас үглэж, яншсанаас илүү ихийг ойлгуулах болно. Мэдээж та түүнийг загинахгүй, залхаахгүй болохоор танд цаашдаа илүү итгэж, ихийг ярьж байх болно.   

7. Мөнгөний үнэ цэнийг зөв ойлгуулах. 

Мөнгийг хариуцлагатай зарцуулахыг сургах нь өнөөгийн хэт их хэрэглээг дэмжсэн нийгэмд амаргүй асуудал юм. Өөрөө хэрхэн зарцуулах талаар үлгэр дуурайлал үзүүлэхээс мэдээж эхлэх хэрэгтэй. Амьдралын эрхэм зорилго нь их мөнгө олох мөн үү? Их сургуулийнх нь төлбөрийг төлсөн учраас хүү, охин тань зуны амралтаараа ажил хийж хувь нэмэр оруулах ёстой юу? гэх зэрэг асуултуудыг байнга сануулж асууж байгаарай.

8. Ном зохиол, киноны гол дүрийн талаар ярилцах.

Аятайхан ном эсвэл кино сонгоод хүүхэдтэйгээ үз/унш. Хүүхэдтэйгээ гол дүрийн гаргасан шийдвэрийг юу гэж бодож байгаа талаар ярилц. Зөв үү буруу юу? Мөн өөрийн амьдралд тулгарсан ёс суртахуунтай холбоотой ямар шийд гаргахад хэцүү байсан талаар болон хэрхэн шийдсэн тухайгаа тэдэнтэй хуваалц. 

9. Спортоор шударга өрсөлдөхийг зааж өгөх.

Зарим хүмүүс төрөлхийн хор, шартай байдаг. Хүүхэддээ аливаа спортод хожсон ч бай, хожигдсон ч бай өрсөлдөгчтэйгөө хүндэтгэлтэй харьцан хожигдсон бол хүлээн зөвшөөрч байх ухаанд сурга. 

10. Аливаа асуудалд ямагт зөв талд нь байх эр зоригтой байх.

Зөв зүйл хийнэ, зөв хүн байна гэдэг нь зүгээр нэг зөв байх тухай асуудал биш юм. Бид зөв зүйл хийсний дараа хэдийгээр тухайн зүйлийг хийхэд хэцүү байсан ч дотоод сэтгэлд маань нэг тийм сайхан мэдрэмж төрдгийг магадгүй та гадарлах байхаа. Бид амьдралдаа байнга л том, жижиг ямар нэг сонголтуудтай тулгарч байдаг. Тэдгээр сонголтуудад бид зөв талд нь зогсож чадах зөв үр тарьж чадвал бидний ирээдүй, үр хүүхдүүдийн маань амьдрал гэрэл гэгээтэй, амьдрах нийгэм нь эрүүл, аюулгүй байх болно.