Хүүхдээ хариуцлагатай хүн болгож өсгөхөд туслах 15 зөвлөгөө

Бид бүгдээрээ л хүүхдээ хариуцлагатай нэгэн болж төлөвшөөсэй гэж хүсдэг. Мөн бид өөрсдөө хариуцлагатай нийгэмд амьдрахыг хүсдэг. 

Хэрхэн тэднийг хариуцлагатай болгон өсгөх вэ? Юун түрүүнд хариуцлагатай байхыг хэрэгжүүлэхэд тийм ч хэцүү зүйл биш гэдгээс эхэлье.  

Бүх хүүхдүүд том хүмүүс юу хийж байна тэр бүгдийг хийх чадвартай байхыг хүсдэг. Учир нь тэд ээж, аав нь зүгээр л хайрлах биш мөн хүндлээсэй гэж хүсдэг. Тэд бусдад хэрэгтэй нэгэн байхыг, өөрийн хувь нэмрээ оруулж байгаагаа мэдрэхийг хүсдэг. 

Тэгэхээр эцэг эхчүүдийн анхаарах зүйл бол тэдэнд хариуцлагатай нэгэн болгоход заах биш, харин тэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хангалттай хүчтэй гэдгийг нь өөрсдөөр нь мэдрүүлэх нь чухал юм. 

Хүүхдээ хариуцлагатай нэгэн болгоход туслах 15 зөвлөгөөг орууллаа. 

Энэ жагсаалт гэхдээ тэднээр хийлгэхийг хүсэх зүйлсийн жагсаалт биш! Харин өөрсдөө хэрэгжүүлэхийг хүсэх зүйлсийн жагсаалт байвал сайн гэдгийг анхаараарай. 

Хийх ёстой гэх байдлаар та хүүхэдтэйгээ хандвал захиргаадах хэлбэртэй тул тэд хүлээж авахдаа тааруухан байна. Жишээ нь: "яг одоо наад тоглоомоо хураа" гэх хандлагаас татгалзах хэрэгтэй. Үүний оронд та түүнд өөрийн амьдралаа хариуцах талын чадваруудыг суралцахад нь туслах ёстой юм. Тэд өөрсдөө энэ хариуцлага хүлээхийг хүсэх, үүнээсээ урамших ёстой юм. 

1. Бид өөрсдийн тарьсан хогоо өөрсдөө цэвэрлэнэ.

Хэрэв тэднийг аягатай зүйлээ асгалаа гээд зэмлэхээс илүү эелдэг хандвал тэд илүү хурдан сурах болно. Аяга тавгаа угаахад нь түүнийг шүүмжлэхгүй байж гэмээ нь тэдэнд ямар нэг байдлаар дарамт болохгүй байх тул тухайн зүйлээ илүү сайн хийхийг чармайх болно. 

Хэрэв таны хүүхэд ууж байсан цайгаа асгавал "Зүгээрээ, хамт хоёулаа цэвэрлэчихье" гэж хэлээд түүнд алчуур өгч, өөрөө үзүүлэх хэрэгтэй. Хэрэв тэр гутлаа хөглүүлээд хаясан байвал гутлыг нь авч өгөн цааш тавихыг сануулан "Бид үргэлж өөрсдийн хөглүүлсэн зүйлсээ хураах ёстой" гэж хэлэх хэрэгтэй. 

Эдгээрийг байнга л хэлж залруулж байх хэрэгтэй. Хэрэв таны хандлага эерэг бөгөөд ууртай биш бол тэд төвөгшөөхгүйгээр суралцана. "Бид хөглүүлсэн зүйлсээ өөрсдөө цэвэрлэнэ, санаа битгий зов би тусалъя, энэ алчуур байна" гэх зэргийг эергээр байнга хэлээд байхаар тэд хэвшил болгодог байна. 

2. Бусдад тусалдаг болгохыг заах.

Бусдад туслах хандлага нь бага байсан ч хамаагүй тухайн тохиолдол бүрт нь урамшуулах хэрэгтэй. Тэд өсөж том болоход тэдний бусдад туслах боломж нь өсөх болно. 

Хүүхдэд 2 төрлийн хариуцлага байх ёстой. Эхнийх нь өөрсдийгөө хөгжүүлэх бол нөгөө нь гэр бүлдээ оруулах тэдний хувь нэмэр юм. Судалгаагаар хэрэв хүүхэд гэрийнхэндээ тусалдаг бол бусдад ч бас тусалдаг болж төлөвшдөг гэсэн байна. 

Мэдээж нэг өдрийн дотор л тэднийг хөгжүүлчихнэ гэж байхгүй. Насанд нь тохирох байдлаар хөгжүүлэх хэрэгтэй. Гурван настай хүүхдийг тоглоомоо хураахыг, 4 настай хүүхдийг хувцсаа өөрөө эвхэхийг, таван настай хүүхдийг ороо хураахад, 6 настай хүүхдийг ширээгээ цэвэрлэхэд, 7 настай хүүхдийг цэцэг услахад зэргээр жижиг, жижиг үүрэг өгөх байдлаар сургах хэрэгтэй. 

3. Хүүхэд уйтгартай ажил хийх дургүй гэдгийг санаарай.

Хэрэв та хүүхдээ гэр бүлийхэндээ туслах нь хэцүү юм гэсэн бодолтой болгохыг хүсэхгүй байгаа бол уйтгартай ажил хийлгэхээр битгий даалгаарай. Таны зорилго бол тухайн ажлыг хийлгэх явдал биш, харин хүүхдээ бусаддаа тусладаг, хариуцлагатай нэгэн болгон төлөвшүүлэхэд байгаа юм гэдгийг хэзээ ч мартаж болохгүй! Тухайн ажлыг аль болох хөгжилтэй байдлаар хийлгэхийг бод. Тэдэнд дэмжлэг, туслалцаа үзүүл. Тухайн гүйцэтгэж буй ажил нь хэрхэн зугаатай байж болох талаар бод. Жишээ нь: дүүтэй нь уралдуулж болно шүү дээ. 

4. Хэрэв хүүхэд тань би өөрөө хийе гэвэл битгий татгалзаарай.

Бага насны хүүхдүүд аливаа зүйлийг өөрөө хийхийг хүсдэг, энэ тухайгаа "Би өөрөө хийнэ" хэмээн илэрхийлдэг. Энэ үед чи чадахгүй гэлгүйгээр тэднийг дэмжвэл тэд хариуцлагатай нэгэн болоход нь түлхэц болно. Тэгэхээр тухайн нэг ажлыг хүүхдээ хийхээс нь төвөгшөөж өмнүүр орхоосоо өмнө, тэднийг тухайн ажилд хувь нэмрээ оруулан, түүнээсээ сэтгэл ханамж авах боломжийг хэзээ ч алдаж болохгүй. Энэ нь тухайн ажлыг хурдан бөгөөд төгс хийхээс илүү чухал юм шүү. Та мөн тэднийг цаашид ч туслаж байлгахын тулд тэдэнтэй ойр харилцаж, урамшуулж байхаа ч мартаж болохгүй. 

5. Тэдэнд тушаахаас илүү тэднийг бодуулах байдлаар даалгавар өг.

Өглөө хүүхэддээ "Шүдээ угаа, гар нүүрээ угаа" гэж хашгирахын оронд та: "Цэцэрлэгтээ явахаасаа өмнө чиний хийх ёстой гол ажил чинь юу билээ" гэж асуух хэрэгтэй. Гол зорилго нь тэднийг өглөө, болон тэрний дараа юу хийж байх ёстойгоо бодуулдаг хэвшлийг суулгахад оршино.  

6. Тэднийг хийж байх ёстой хэвшил бүхий ажлуудтай болго. 

Энэ нь олон ажлуудаас чухлыг нь сонгож хийж сурахаас гадна унтахаасаа өмнө юу хийх ёстой байх, тоглоомоо хураах, өглөө сургууль, цэцэрлэгтээ явахад бэлэн болох зэрэг чадваруудыг эзэмшүүлнэ. Дараа нь тэд амжилттай суралцах, өөрийгөө арчлах чадваруудыг, эцэст нь хоол хийх, гэрээ цэвэрлэх зэрэг амьдралын энгийн чадваруудыг эзэмших болно.

7. Бусадтай хэрхэн зөв боловсон харьцах талаар заах хэрэгтэй.

Хэрэв охин чинь дүүгээ гомдоосон бол түүнийг уучил гуйлгахаар хэт хүчлээд хэрэггүй. Энэ нь тус болохгүй. Түүнийхээ оронд яагаад гомдоох болсон шалтгааныг нь болон түүнд ямар мэдрэмж төрж байгааг нь олж мэдэн, түүнд тусламаар байгаагаа хэлэх хэрэгтэй. Үүний дараа охиноо тайвширсны дараа дүүтэйгээ сайндахын тулд юу хийж чадахыг нь асуу. Тэр магадгүй уучлал гуйх болно. 

Гэхдээ хэн нэгэнд буулт хийх нь хэцүү юм шиг мэдрэмж төрдөг болохоор уучлал гуйж байгаагаа арай өөрөөр илэрхийлж болно. Жишээ нь: ямар нэг зүйл хийхэд нь туслах, эсвэл тэврэх байдлаар ч илэрхийлж болно. Ингэснээр хүүхэддээ бусдыг гомдоох нь өөрийн үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулах бөгөөд сэтгэлийг нь сэвтүүлсэн бол засах ёстой гэдгийг ойлгуулах болно. Гэхдээ уучлал гуйх үйлдлийг албадахгүй байснаар л тэд дараа нь тийм тохиолдол гарахад дургүйцэхгүйгээр уучлал гуйж байх болно. 

8. Хүүхдээ ямар нэг зүйл эвдэлсэн бол төлдөг болгох.

Хэрэв хүүхэд номын сангийн ном алга болгосон, айлын цонх хагалсан зэрэг тохиолдлуудад төлбөр хийхэд өөрсдөөс нь хувь нэмэр оруулж сургавал тэд ийм тохиолдол дахиж гаргахгүйн тулд хичээх болно. 

 9. Хэцүү байдалд орсон тохиолдолд зугтахгүй байх.

Ямар нэгэн тулгарсан асуудлыг шийдэхэд бэлэн байлга. Ингэхдээ түүний айдас болон мэдрэмжтэйгээ ажиллахад нь тусал. Уучлал гуйх байдлаар асуудлаа шийдэх ёстой бол тэр боломжийг нь олго. Ингэснээр түүнд ямар нэг хэцүү асуудал тулгарахад бууж өгдөггүй, асуудлыг өөрөө шийддэг нэгэн болгож төлөвшүүлэх учиртай. 

10. Хариуцлагатай байхыг зааж өгөх. 

Тухайн асуудлыг хэрхэн шийдэж байгааг өөрийн биеэр үлгэрлэн үзүүл. Хэдийгээр ямар нэг хог бариад машин хүртэл явах нь танд хэцүү байж болох ч гудамжинд хог хаяж болохгүй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн ойлгуулах хэрэгтэй. Хүүхэддээ хэлсэн зүйлсээ хэрэв өөрөө биелүүлэхгүй байвал, жишээ нь: хогоо орцондоо хаяад байвал тэд яагаад таны болохгүй гэсэн зүйлд хариуцлага хүлээнэ гэж?

11. Хүүхдэдээ чи хариуцлагагүй гэж хэзээ ч битгий хэл.

Бид хүүхдээ хэн гэж харна тэд тийм байх гээд байдаг тал бий. Тэрний оронд тэдэнд хариуцлагатай байхад яах хэрэгтэйг зааж өг. Жишээ нь: Хэрэв тэрээр байнга эд, юмсаа гээдэг бол найзынхаасаа, сургуулиасаа, биеийн тамирын заалнаас гээд аль нэг газраас гарахдаа зогсож бүх зүйл нь бүрэн байгаа эсэхийг шалгаж байхыг зааж өгөх хэрэгтэй. 

12. Цагийн хуваарь хийх дадлыг зааж өгөх.

21-р зуунд, өнөөгийн завгүй нийгэмд хүүхдүүд багаасаа цагийн хуваарь хийж сурахгүй бол ирээдүйд хийх ёстой ажлуудаа цаг тухайд нь амжуулж чадахгүй л болов уу. Дунд сургуулиас нь эхлээд амралтын өдрүүдийнх нь цагийн хуваарийг өөрсдөөр нь гаргуулах байдлаар энэ дадлыг суулга. Цаас аваад цагуудыг нь зүүн талд нь жагсаагаад амралтын өдрүүдэд юу хиймээр байгааг нь бичүүл. Төгөлдөр хуурын дугуйландаа явах, найзтайгаа уулзах, дэлгүүр явах, аавтайгаа мөхөөлдсөнд явах, хөгжим сонсох гэх зэргээр. Тэд төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгахаараа бүх зүйл тийм ч хэцүү биш болохыг ойлгох болно. Хамгийн гол нь тэдэнд цагаа зөв зохион байгуулдаг, үүрэг хариуцлагаа зөв ухамсарладаг болгоход нь туслах болно. 

13. Мөнгөний үнэ цэнийг ойлгуулах.

Энэ нь тэдэнд бодит амьдрал дээр жинхэнэ хариуцлага гэж юу болохыг ойлгуулах болно. Мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх болно. 8 настай хүүхдээрээ машинаа угаалгах, хашаан дахь зэрлэгийг зулгаалгах зэрэг ажлуудыг даалгаад тохирох хөлсийг өг. Нас нь ахиад ирэхээр нь цас цэвэрлүүлэх, хөрш айлын хүүхэд харуулах, зуны амралтаар нь ажил хийлгэх зэрэг ажлуудыг даалгаж болно. Ингэснээр амьдрал дээр ажил хийх нь ямар хариуцлагатай болохыг болон мөнгөний үнэ цэнийг ойлгуулах болно. 

14. Буруушаан зэмлэхээ урьтал болгохгүй байх.

Бид хэн нэгнийг шууд л буруутган зэмлэх гээд байдаг талтай. Ингэснээр тухайн асуудлыг дахин давтагдахаас сэргийлнэ гэж үздэг. Гэвч бодит байдал дээр хэн нэгнийг буруушаан зэмлэх нь тухайн хүнийг хамгаалах төлөвт шилжүүлдэг, өөрчлөгдөхийг хүсэхээс илүү тэднийг болгоомжлох төлөвт оруулдаг байна. Үүнээс болж худал хэлэх шалтгаан болдог. Хүүхдээ зэмлэхэд тэд өөрсдийнх нь буруу биш байх шалтгаануудыг хайж эхэлдэг. Энэ тохиолдолд хариуцлагыг өөр дээрээ авах биш, аль болох холдуулдаг хандлага суудаг бөгөөд тухайн ямар нэг асуудал гаргах явдал нь ч давтагдах талтай байдаг. 

Дараагийн удаа хүүхдээ зэмлэхээсээ өмнө өөрөөс нь шалтгаалах ямар хариуцлага байгааг ойлгуулахыг хичээ. Энэ нь түүнийг өөрийн хариуцлагаа ухамсарлах боломжийг олгоно. 

15. Тэд бол хувь хүн гэдгийн сана.

Хүүхдээ хувь хүн гэдгийг нь санаж тэдний хүсэл, сонирхлыг нь хүндэтгэж тэднийг хөтөлбөл илүү үр дүнтэй байх нь. Судалгаагаар ямар ч нөхцөлд хариуцлагатай байдаг хүмүүс нь бусадтай харьцуулахад илүү амжилттай байдаг гэжээ. Бид хүүхдээ хариуцлагатай нэгэн болгон төлөвшүүлэх нь чухал гэдгийг мэддэг боловч хэрхэн хариуцлагатай болгохоо тэр бүр мэддэггүй. Дээр дурдсан зөвлөгөөг дагавал илүү үр дүнтэй байх болов уу.