Хүүхдийн сэтгэн бодох болон суралцах чадвар хэрхэн хөгждөг вэ?
  • Хүүхэд мэдрэлийн эсийн түр холбоос бий болгох замаар аливаад суралцдаг бөгөөд үүнийг “мэдрэлийн түр холбоос” гэж нэрлэдэг.
  • Мэдрэлийн түр холбоосуудыг байнга ашиглаж, идэвхжүүлэх тусам улам хүчирхэгждэг. Тиймээс аливаа зүйлийг тасралтгүй давтсанаар, ур чадвар болон тогтдог байна.
  • Хүүхдүүд хөгжлийн өөр өөр үе шатуудыг туулдаг бөгөөд сэтгэн бодох ур чадварт мөн ялгаатайгаар суралцдаг.

Хүүхдүүд өөрсдийн чадвараа хөгжүүлж байгаа нь барилгачин хүн барилга барихтай яг ижилхэн үйлдэл юм. Даацтай барилга барихын тулд суурийг чанартай цутгах ёстой. Хөгжлийн өөр өөр үе шатанд суурийг нь хэрхэн тавьснаас шалтгаалж тухайн барилга хэр чанартай, өнгө үзэмжтэй байх нь шийдэгдэх ба нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү дамжих арга замууд ч тодорхой болох юм.

Энэхүү бичвэрээр хүүхдүүд ур чадварт хэрхэн суралцаж, өөрсдийгөө хөгжүүлдэг тухай түлхүүр ойлголтуудыг багтаахыг хичээлээ. Хэрвээ та хүүхдийнхээ хөгжилд анхаардаг бол түүнд суралцах онцгой арга барилаа олоход нь туслан, зааварчлах стратеги болон арга барилуудыг танилцуулья. 

Тархины мэдээлэл дамжуулах системийг бүтээхүй

Тархины эсүүд яг л нахиалж буй мод шиг харагддаг. Нялх хүүхдүүд орчин тойрны тухай мэдээллийг хүлээж авах үед тэдний тархины эсүүд салбарлаж, өөр хоорондоо холбогдож эхэлдэг байна. Эдгээр мэдрэлийн түр холбоосууд нь яг л цахилгаан дамжуулах систем шиг ажилладаг. Өөрөөр хэлбэл тархины эс (нейрон) болгон бусадтайгаа маш олон холбоос үүсгэх боломжтой.

Дамжуулах гэдэг нь физик утгаараа бие биедээ хүрэлцэх тухай ойлголт биш юм. Харин тэд мэдрэлийн эс хоорондын зайд мэдээлэл дамжуулж “цахилгааны хайрцаг” шиг орон зай үүсгэдэг бөгөөд үүнийг шинжлэх ухаанд синапс гэж нэрлэдэг. Бидний тархи аливаа мэдээллийг хүлээн авч, өөрийн системийг хүчирхэгжүүлэх байдлаар бүтэцлэгдсэн байдаг. 

Мэдрэлийн түр холбоосууд хэрхэн ажилладаг вэ?

Мэдрэлийн түр холбоос нь хэлхээсэн бүтэцтэй. Уг хэлхээсээр хүчдэл дамжих үед хариу урвал үзүүлэх ёстой. Зүйрлэвэл унтраалгыг дарахад гэрэл асдагтай ижилхэн процесс юм. Яг л дөнгөж төрсөн хүүхэд хэрхэн амьсгалахаа мэддэг шиг тархины зарим хэлхээсүүд биднийг төрөхөөс өмнө аль хэдийнэ хөгжсөн байдаг.

Хэлхээс бүр бие биенээсээ үйл ажиллагааны хувьд хараат бус оршдог. Бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд төдий хэмжээний орц шаардана. Энэхүү орц нь унтраалга дарах шиг энгийн биш бөгөөд хүүхдийн бүхий л туршлагаар дамжин бий болдог. Дуу чимээ, хараа, амт, үнэр, мэдрэмж, сэтгэл хөдлөл зэрэг нь мэдрэлийн дамжуулагчдыг чөлөөлж, хэлхээсийг идэвхжүүлэхэд тусална.

Мэдрэлийн холбоос үүсэх замыг богиносгох

Мэдрэлийн холбоосууд олон удаа ашиглагдах тусмаа бэхэждэг байна. Харин ашиглагдахгүй байгаа хэлхээснүүд цаг хугацааны явцад суларч, алга болдог бөгөөд энэхүү үйл явцыг мэдрэлийн холбоос үүсэх зам богиносож байна гэж ойлгож болно. Бага насны хүүхдүүд хэрэгцээнээсээ илүү мэдрэлийн хэлхээстэй байдаг тул мэдрэлийн холбоос үүсэх замыг богиносгоход ямар нэгэн доголдол үүсэхгүй. Мөн энэхүү процесс нь хүүхэд наснаас идэр нас хүртэл үргэлжилдэг учраас хүүхдийн тархи мэдрэлийн шинэ хэлхээс үүсгэх, хуучин замуудыг шинэчлэхийн төлөө тасралтгүй ажиллахад зориулагдан хангалттай уян хатан байдаг. Үүнийг уян харимхай шинж гэж нэрлэдэг.

Уян харимхай шинж

Уян харимхай шинж нь хүүхдийн суралцах, анхаарал төвлөрүүлэх үйл явцад маш чухал. Тэдний тархи мэдээллийг ялгаатай байдлаар боловсруулдаг тул тархийг үргэлж өндөр үр ашигтай ашиглаж чаддаггүй. Энэхүү зөрүүний улмаас мэдрэлийн холбооснуудыг дахин бий болгох эсвэл бэхжүүлэхэд хэцүү болдог.

Хүүхдэд мэдээллийг боловсруулах олон төрлийн арга зааснаар уян харимхай чанарыг сайжруулж, мэдрэлийн шинэ холбоосууд үүсгэхэд тусладаг байна. Мэдээлэл тойруу замаар дамжиж,илүү хугацаа зарцуулдаг ч гэсэн ирэх ёстой газраа ирдэг.  

Мэдрэхүйгээр дамжуулан суралцахуй

Хүүхдийн мэдрэлийн түр холбоосыг хэрхэн хөгжүүлэх талаар санаа зовох хэрэггүй. Энэ нь дэлхий ертөнцийн талаар танин мэдэж, эрэл хайгуул хийх үед хөгжиж байдаг төрөлхийн процесс юм. Швейцарын сэтгэл зүйч Жон Пиагийн хүүхэд танин мэдэхүйн болон сэтгэн бодох чадвараа хэрхэн хөгжүүлдэг тухай алдартай онол бий. Эхний үе шатанд нялх хүүхдүүд мэдрэхүй буюу харах, сонсох, хүртэх, үнэрлэх, амтлах зэрэг үйлээр дамжуулан мэдрэлийн холбоос үүсгэж эхэлдэг. Тэд амталж, сэгсэрч, шидлэх гэх мэт үйлдүүдийг хийж эхлэх бөгөөд яваандаа өнхрөх, юманд хүрэх гэж тэмүүлэх, мөлхөх, алхах гэх мэт ахисан түвшний үйлдлүүдийг хийдэг.

Дээрх үйлдлүүд мэдрэлийн холбоосыг бий болгож, хөдөлгөөн, хараа, хэлний хөгжил гэх мэт зүйлсийг хянахад тусладаг. Жишээлбэл: нялх хүүхдүүд дуу авиа гаргаж бусдын анхаарлыг өөртөө татаж, өөрт тааламжтай амтлаг зүйлсийг амандаа байлгаж, харахыг хүссэн газар руугаа мөлхөж дөхөх гэх мэт үйлдлүүдийг хийдэг. Эдгээр үйлдлийг хийх болгонд тархины холбоосууд улам хүчтэй болж, давтах тусмаа үйлдэхэд амархан болдог ажээ.

Хэлээр дамжуулан суралцахуй

Хоёроос долоон насанд хүүхдийн хэлний хөгжил оргил үедээ хүрдэг бөгөөд олон шинэ үг сурч, илүү төвөгтэй өгүүлбэрүүдийг ойлгож, бага зэрэг уншиж сурдаг байна. Яг энэ үед нь хэл зүйн баялаг орчинд хүүхдээ өсгөхийг зөвлөе. Учир нь илүү олон үг сонсож, янз бүрийн зүйлс бодох тусам мэдрэлийн холбоосууд  хөгждөг байна.

Хүүхдүүд эргэн тойрны юмсыг ашиглан төсөөлмөл байдлаар тоглож болно. Тухайлбал: урт савааг морь болгон тоглох, эсвэл хайрцаг ашиглан пуужин болгох гэх мэт жишээнүүдийг дурдаж болно. Шалтгаалцал, логикийн тухай ойлголт суугаагүй, бусад хүмүүсийг ойлгоход бэлэн биш байдаг тул нийгмийн харилцааны чадварууд энэ насанд бага багаар хөгжиж эхэлдэг. Тэд заримдаа бусдын оронд өөрийгөө тавьж, бусад хүүхдүүдийн сонголт, зан төлөв зэрэгт шүүмжлэлтэй хандаж чаддаг болно.

Логикоор дамжуулан суралцахуй

Долоон наснаас эхлэн дунд сургууль төгсөх хүртэл хүүхдийн логикоор сэтгэх чадвар нэмэгддэг. Энэ үедээ хүүхдүүд аливаа юмсын харилцан хамаарлыг сайтар ойлгох чадамжтай болдог ба ямарваа нэг сэжүүр олсон л бол учир шалтгааныг олохын тулд “бяцхан мөрдөгчид” болж хувирдаг.

Нийгмийн харилцааны хувьд хүүхдүүд бусдын оронд өөрийгөө тавих чадвар нэмэгдэж, аливаа үйлдэл бүр ямар нэгэн үр дүн дагуулдаг гэдгийг ухамсарладаг байна. Сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд нь улам боловсронгуй болдог үе тул хүүхдэд шалтгаан үр дагаврын тухай ойлголтыг суулгахад эцэг эхчүүд сайтар анхаарах хэрэгтэй.  

Шалтгаалцлаар дамжуулан суралцахуй

Өсвөр насанд хүүхдүүд хийсвэрлэл ашиглан цогц байдлаар бодож сурдаг. Нөхцөл бүрт “хэрвээ ингэвэл яах вэ” гэсэн төсөөллөөр хандаж, байж болох үр дүнгүүдийг хийсвэрлэж эхлэнэ. Сургуулийн орчинд бол хүүхдүүд математикийн ярвигтай бодлогуудыг бодож, уран зохиолын дүрүүдийн уялдааг тайлж, зохиолын тавилыг гүн гүнзгий ургуулан бодох чадвартай болсон байдаг.

Нийгмийн харилцааны түвшинд эдгээр шинэ чадварууд нь бусад хүмүүсийн хариу үйлдэл өөр өөрийн туршлага, аливаад хандаж буй өнцгөөс шалтгаалан ялгаатай байдгийг олж харж, хүлээн зөвшөөрөхөд туслана. Харин физик утгаараа жолоо барих мэтийн цогц чадамж буюу олон үйлдлийг нэгэн зэрэг хийх чадвар шаардсан төвөгтэй үйлдлүүдийг хийж сурна. Тархины мэдээлэл дамжуулах систем бүтцийн хувьд илүү ээдрээтэй болж мэдрэлийн холбоосууд өөр хоорондоо сүлжилдсэнээр олон төрлийн ур чадварыг нэгэн зэрэг үйлдэх боломжтой болдог.