Хүүхдийнхээ өөрийгөө хүндлэх үнэлэмжийг өсгөхөд туслах 11 зөвлөгөө

Хүүхдээ учир утгагүй магтах нь сайнаас илүү хортой үр дагавартай. Доорх бичвэрээр хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд нь туслах цогц зөвлөгөөг хүргэж байна.

Өнгөрсөн долоо хоногт миний хүү сургуулийнхаа хөл бөмбөгийн багт тэнцсэн тухай мэдээ дуулгалаа. Би хүүгээрээ тун их бахархаж “Миний хүү маш сайн байна. Чи бол хамгийн шилдэг нь” гэж зогсоо зайгүй магтсан. Бид бие бие рүүгээ байн байн инээмсэглэж, бүх дэлхий яг л бидний төлөө байгаа юм шиг санагдаж байлаа.

Мэдээж хэрэг миний хүүхдүүд ээжээрээ магтуулах зүйл анх удаа хийж байгаа нь энэ биш л дээ. Би бол тэдний хамгийн том хөгжөөн дэмжигч нь байгаа юм. Хүүхдүүдээ гитарын хичээлээ давтахад нь, аяга таваг угаахад тусалсан ч бай тунг нь тохируулж магтаж сурсан нэгэн. Ээжүүдийн үзэж байгаагаар “Хүүхдээ сайн зүйл хийсэн бол түүнийг магтаж, өөрийгөө өндрөөр үнэлдэг болох нөхцөлийг нь бүрдүүлнэ”. Хүүхдээ өөрийгөө хүндэлдэг болгох процесс гэж үүнийг л хэлэх юм. Тиймээс та бүхний урьд нь төдийлөн анзаарч байгаагүй хэдэн зөвлөгөөг өгөхийг хичээлээ.

1. Нэг алхам ухар

Хүүхдийнхээ хийсэн зүйлсийг магтахаас илүү үр өгөөжтэй арга бол тэднийг өрсөлдөх чадвартай нэгэн болоход нь туслах явдал юм. Ингэхийн тулд та нэг алхам ухарч, хүүхдээ алсаас ажиглан аливаа эрсдэл гаргах, сонголт хийх, асуудлыг шийдвэрлэх, мөн нэгэнт эхлүүлсэн зүйлээ дуусгах боломж олгох хэрэгтэй.

2. Хүүхдийг хэт магтах нь буруу. Тунг нь тааруулах хэрэгтэй.

Хүүхэд хайрлагдаж, хамгаалагдаж байгаагаа мэдрэх үед, мөн өөрийнх нь чадамж нэмэгдэж байгаа тохиолдолд өөрийнх нь үнэлэмж дээшилдэг байна. Юун түрүүнд эцэг эхчүүд хоёрхон зүйлийг маш нягт ажиглаж, хүүхдүүдээ магтаалаар услах хэрэгтэй. Нэгдүгээрт, хэрвээ тэдний чадамж нэмэгдэж, ямар нэг зүйлийг илүү сайн хийж сурвал, хоёрдугаарт өөрийн чадамжаа сайжруулахын тулд хичээл зүтгэл гаргаж байгаа тохиолдолд тус тус магтаалын аргыг ашиглах нь зүйтэй. Үнэнийг хэлэхэд хүүхдийг хэтрүүлэн магтах нь хор хүргэхээс өөрцгүй. Ингэснээрээ бид хүүхдүүдийн даван туулах ёстой босгыг багасгадаг. Хэрвээ та хүүхдээ цаг үргэлж маш гайхалтай байна хэмээн магтах юм бол тэд өөрсдийгөө шахаж, идэвхжүүлэхээ болих магадлалтай. Гэтэл өөртөө итгэлтэй байдал нь аливаа зүйлийг хийх тусам, оролдох тусам, унаж босох тусам нэмэгдэж байдаг зүйл юм.

Есөөс нэг хүртлэх насны дөрвөн хүүгийн нэгэн ээж өөрийн туршлага дээрээ үндэслэн хүүхдийг тогтмол, хэт магтсанаар өөрийгөө үнэлэмжийг нь мохоох магадлалтай гэж дүгнэжээ. Хүүхдүүд өөрсдийгөө төгс хэмээн бодох эсвэл цаг ямагт төгс байхын төлөө хичээх гэх мэтээр хүрэх боломжгүй стандартыг бий болгодог. Тодорхойгүй магтаал тэднийг эргэлзүүлэхээс цаашгүй. Хэрвээ миний хүү үсгээ зөв уншихгүй байвал түүний муу байгааг нь эргэлзэлгүй хэлдэг. Ингэснээр тэр зөвхөн өөрийн зөн совинд итгэх боломжгүйгээс гадна магтаал бол ердийн нэг худал үг биш юм гэдгийг ойлгодог гэжээ.

Нэмж хэлэхэд, хүүхдийг хамгийн шилдэг нь, хамгийн ухаантай нь, мөн хамгийн авьяастай нь хэмээн магтсанаар унаж босох үед нь маш том саад бэлдэж байгаагаа эцэг эхчүүд ойлгодоггүй. Тэд өөрийн замбараагүй сараачсан хар зургийг Пикассогийн бүтээлүүдтэй андуурах хэмжээний эготой хүнийг бэлдэж байна гэсэн үг. Эрт орой хэзээ нэгэн цагт хүүхэд бодит байдалтай нүүр тулах үед илүү ихээр сэтгэлээр унах нь гарцаагүй.

3. Хүүхдийг эрүүл эрсдэл хийхийг зөвшөөр

“Таны хүүхэд эрүүл байдлаар ямар нэгэн эрсдэл хүлээж байгаа бол та өөрийгөө хүчлээд ч хамаагүй тухайн асуудалд оролцохгүй байхыг хичээ” гэж 8-н настай хүүгийн нэгэн ээж зөвлөжээ. Хүүхдэд сонголт хийж, хариуцлагаа хүлээх боломжийг байнга олговол өөртөө итгэлтэй болж өсөхөд нь тустай. Эцэг эхчүүд хүүхдээ аливаа уналт бүтэлгүйтлээс аврах гэж оролддог нь тийм ч сайн зүйл биш ажээ.

Түүний хүү хоёр настай байхдаа, нэгэн гэр бүлийн үдэшлэгийн үеэр бүтэн сав дүүрэн жүржийн ундаа барин, өрөөний нэг захаас алхаж ирээд, шилэнд юүлэх гэж оролдсон байна. Яг энэ мөчийг ээж нь хараад амьсгаагаа дарж ядан, юу ч хийхгүй зогсож байлаа. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдалд хүүдээ туслахын оронд өөрөө туршиж үзэх боломжийг нь олгосон байна. Мэдээж хэрэг хүү нь ундааг шалаар нэг цацаж орхисон нь ойлгомжтой. Хамгийн гайхалтай нь хүүхэд нь алдаагаа өөрөө ойлгож, үйлчлэгч дуудан шалны алчуур хүссэн бөгөөд яг л насанд хүрсэн хүн шиг өөрийн үүсгэсэн асуудлаа өөрөө шийдсэн юм.

4. Хүүхдэд өөрийн гэсэн сонголт хийхийг нь зөвшөөр

Хүүхэд өөрийн насанд тохирсон зүйлсээс сонголт хийх үедээ эрх мэдлийг мэдэрдэг. Хоёрхон настай хүүхэд байсан ч шийдвэр гаргаж, түүнийхээ үр дүнг маш сайн тооцоолон бодож чадна. Дээр дурдсан ээжийн хувьд хүүхэддээ цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцсаа сонгох эрхийг олгодог. Өвлийн хүйтэн цаг агаарт зузаан цув, малгай, ороолт заавал өмсөх ёстой гэдгийг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Халуун хүйтний ялгааг ойлгосон л бол тэд сонголтоо зөв хийж, түүнийхээ хариуцлагыг  хүлээж чадна гэдэгт тэр итгэдэг ажээ.

5. Тэднээс гэрийн ажилд туслалцаа хүс

Хүүхдийг өөртөө итгэлтэй болгохын тулд тэдэнд чадвараа харуулах боломж олгохын зэрэгцээ тэдний туслалцаа, хувь нэмэр нь маш үнэ цэнэтэй гэдгийг мэдрүүлэх нь чухал. Хамгийн энгийн жишээ дурдахад тэднээр хоол хийхэд туслуулах, хоолны ширээг бэлдүүлэх гэх мэт насанд нь тохирсон оролцоог бий болгох хэрэгтэй юм.

6. Өөрсдийн хүсэл сонирхлыг дагах бололцоо олго

Өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг бас нэгэн үр дүнтэй арга бол хүүхдүүдийнхээ сонирхож байгаа үйл ажиллагааг дэмжих, нэн ялангуяа тухайн зүйлээ дуусан дуустал бүрэн гүйцэтгэж буй эсэхэд нь хяналт тавьж, урамшуулах явдал юм. Тухайн үйл ажиллагаа юу байх нь тийм ч чухал биш. Тэр ч байтугай видео тоглоомын нэг үеийг давах, усанд сэлэлтээр амжилт гаргах гээд юу ч байж болно. Хамгийн гол нь тэд эхлэсэн зүйлээ дуусгаснаар аливаа юмыг бүрэн гүйцэтгэсний дараа төрөх ялалтын мэдрэмжийг авах болно.  

7. Хүүхэд бүтэлгүйтэж, өөртэйгээ тэмцэлдэх үед хэрхэх вэ?

Гимнастикийн багаасаа хасагдах эсвэл үржүүлэхийн хүрдээ цээжилж чадахгүй байх үедээ таны хүүхдийн өөрийн үнэлэмж шаланд тултлаа буувал яах вэ?

8. Иймхэн зүйлийн төлөө шаналахаа боль

Маш олон эцэг эхчүүд яг эсрэгээр нь хийдэг. Тэд аливаа ялагдал, бүтэлгүйтэл хүүхдийн өөрийн үнэлэмжийг бууруулдаг гэж үздэг. Гэвч яг үнэндээ эдгээр нь өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх алтан боломжууд юм.

9. Хүүхдээ ямар ч болзолгүй хайрладаг гэдгээ тодорхой ойлгуул

Хүүхэд хэдий бүтэлгүйтэж, муу шийдвэрүүд гаргасан байлаа ч эцэг эх нь тэднийг ямар ч тохиолдолд хайрласаар байх болно гэдгийг ойлгуулах нь чухал. Хэрвээ та үргэлж гүйцэтгэлийн араас хөөцөлдөх юм бол таны хүүхэд зөвхөн онц дүн өрөөстэй дүнгийн хуудас, эсвэл жүжгийн гол дүр болж амжилт гаргасны төлөө л хайрлагдаж байна гэж буруугаар ойлгох болно.

10. Хүүхдийнхээ зорилгыг өөрийнх нь чадамжийн түвшинд нийцсэн эсэхийг нягтал

Дээрх өгүүлбэрийн утга нь таны хүүхэд хамгийн сүүлд сонгогдсон тамирчин байснаас багийн од тамирчин мэт өөрийгөө мэдрэх боломжуудаар хангах тухай асуудал юм. Барын сүүл байснаас муурны толгой байсан дээр ч гэдэг хэлц бий. Нэгэн ээж чухал сургамж авчээ. Түүний хүү уншиж чадахгүй байгаадаа ихээхэн эмзэглэж, бараг бууж өгчхөөд байв. Энэ тохиолдолд түүний түвшингээс арай доогуур, уншихад амархан “Шидэт модон гэр” хэмээх цуврал номыг худалдан авч, түүнд бэлэглэсэн байна. Хүү нь хоёр хоногт тухайн номыг уншиж дуусгасан бөгөөд өөрийнхөө энэхүү амжилтаар бахархсанаар тухайн үед уншиж чадахгүй байсан цувралуудаа төвөггүй унших болсон байна. Үүний дараагаар хүүгийн хичээлээ давтах нь хэрхэн үр өгөөжөө өгч байгааг ярилцан, түүний тууштай байдлыг магтсан бөгөөд энэ нь хүүхдийн өөрийн үнэлэмжийг улам бат бэх болгосон байна.

11. Зохистой, зөв магтаал хэрэгтэй.

Заримдаа магтаалыг хэтрүүлж, буруу ашиглах тохиолдол байдаг ч магтаал бол яах аргагүй өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг хамгийн үнэ цэнэтэй арга хэрэгсэл юм.

Нэгэн хөгжмийн багш сурагчиддаа магтаалаар дүүрэн алдрын хайрцагтай болох даалгавар өгчээ. Сурагчид өөрсдийн нэрийг сонины хуудас, сайшаалын бичиг зэргээс олж харах болгондоо тэдгээр материалуудаа алдрын хайрцагандаа хийж хадгалдаг байв. Тэд бүтэлгүйтэлтэй нүүр тулж, сэтгэлээр унах үедээ өөрийн хайрцгаасаа магтаалуудыг сугалан авч уншдаг бөгөөд ингэснээр өөрийн тухай сайн зүйлсийг бодож, сэтгэлээр унахаа зогсоодог байна. Алдрын хайрцаг гэх энэхүү арга маш амжилттай хэрэгжиж байсны учир нь хүүхэд бүрт өөрийн гэсэн онцлог бий гэдгийг мэдрүүлж, хичээх л юм бол амжилтанд хүрнэ гэдэгт итгүүлсэнд оршино. Аль болох хичээл зүтгэлийг үнэлэхэд чиглэсэн магтаалууд илүү үр дүнтэй бөгөөд “Чи өнөөдөр хөлбөмбөг маш сайн тоглолоо” гэж хэлэхийн оронд багийн хамтрагчдаа оновчтой дамжуулсан үйлдэл чинь мундаг байлаа хэмээн магтууштай.  

Өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь

Хэн нэгнийг аялдан дагалдалгүй, өөрийнхөөрөө аашлах дуртай хүүхдүүдэд зориулан гаргасан өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

Онцгой гэдгээ мэдэр. Хүүхдээ өөрийнхөө онцгой чадвар, авьяасыг нээн илрүүлэхэд нь тусалж, өөрийн давуу талаа үнэлж чаддаг болгоорой. Гэвч онцгой байна гэдэг нь хэн нэгнээс хавь илүү гэсэн үг ерөөсөө ч биш гэдгийг сануулах нь зүйтэй.

Зорилго тавь. Та хүүхэддээ өөрийн хүрсэн амжилт, гүйцэтгэлээрээ бахархаж сурах, мөн ямар нэг зорилго тавьсан бол түүндээ хүрэхийн төлөө тэмцэхийг зааж сургах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл амжилт гаргах боломжоор нь ханга.

Турш бас дахин турш. Шинэ зүйлийг туршиж, аливаа сорилт, эрсдлүүдтэй нүүр тулах боломжийг хүүхэдээ өгч, тэднийг урамшуул гэж зөвлөе.