Спортын ямар төрөл танд тохирох вэ?

Та ямар нэгэн спортоор хичээллэхээр шийдээд байна уу? Нас, хүйс, ур чадварыг үл харгалзан тухайн хүн спортоор хичээллэх дуртай л бол өөрт тань яг тохирох спортыг олоход нь туслах үүднээс дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна. 

Хэрвээ та өөрийгөө болон амьдралын хэв маягаа өөрчилж, аливаа дасгал хөдөлгөөнийг туршихыг хүсэж байгаа бол яг одоо спортоор хичээллэх тохироо бүрджээ гэсэн үг. Хэдийгээр та спортлог биш ч гэсэн, энэ өвөл бяцхан зориг гаргаж, өөртөө хэрэгтэй өөрчлөлтүүдийг хийснээр ирээдүйдээ хэрэгтэй хөрөнгө оруулах болно. Мөн чийрэг бие бялдартай болох нь өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлээд зогсохгүй эрүүл мэндийг маш сайн сайжруулдаг гэдгийг санаарай.

Фитнесс бол зөвхөн зааланд очих тухай асуудал биш юм. Фитнесс гэдэгт хөдөлгөөн шаарддаг бүхий л төрлийн үйл ажиллагааг хамруулан авч үзэх нь зөв. Идэвхтэй хөдөлгөөн хийснээр таны бие жигд ачаалал өгөх бөгөөд үүнээс үр дүн хүртэх хамгийн том булчин нь зүрх юм. Ийм л учраас та зүрх болон эрүүл мэнддээ санаа тавьдаг л бол спортыг өөрийн эрхгүй хайрлах болно гэжээ.

Дасгал хөдөлгөөн ямар ач холбогдолтой вэ?

Дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг нэг бүрчлэн бичвэл мэдээж дуусахгүй урт жагсаалт гарна. Тэдгээрээс цухас дурьдахад эрүүл мэнд сайжрах, эрч хүчтэй, сайн сайхан амьдрах, шинэ төрлийн ур чадваруудад суралцах, төрөл бүрийн нийгмийн хэрэгцээгээ хангах гэх мэт.

Үүнээс зөвхөн эрүүл мэндийн ач холбогдлыг нарийвчлан үзвэл, биеийн тамираар хичээллэснээр зүрхний үйл ажиллагаа сайжирч, цусны даралт багасаж, уушгины багтаамж нэмэгдэх бөгөөд цусан дахь хлостеролын түвшин буурснаар бусад өвчний эрсдэл буурдаг байна. Биеийн тамираар хичээллэх нь зуурдын үхлийг 9% бууруулдаг буюу дэлхий даяар 5,3 сая үхлээс сэргийлдэг болохыг тогтоожээ. Хэрвээ хүмүүсийн идэвхгүй, хөдөлгөөнгүй байдлыг 10% багасгавал 533000 золгүй үхлээс сэргийлж чадах бөгөөд 25%-иар бууруулахад энэ тоо 1,3 сая болж өөрчлөгдөх юм байна. 

Мөн спортоор хичээллэснээр олон шинэ хүмүүстэй танилцаж, тэднээс үнэ цэнтэй зүйлсийг суралцах гэх мэт нийгмийн давуу талууд үүсдэг тул өөрийн үнэлэмж нэмэгдэж, амьдралын сайн сайхныг илүү ихээр мэдрэх болно.

Ямар спорт танд тохирох вэ?

Олон төрлийн спортуудаас сонголтоо хийх нь танд төвөгтэй байна уу? Мэдээж хэрэг, бүх спорт өөрийн гэсэн давуу талтай бөгөөд тусгайлсан ур чадваруудыг олгож, цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөх боломжийг өгдөг ч яг өөртөө тохирсныг олж сонгох нь хамгийн чухал. Тиймээс, танд өөрийн хэрэгцээ, хувь хүний онцлогт тохирсон спортыг хэрхэн сонгох талаар танилцуулья.

Хэрвээ та өрсөлдөх дуртайн дээр багийн тоглогч байхыг эрмэлздэг бол доорх спортуудыг сонирхож үзээрэй.

  • Хөл бөмбөг
  • Гар бөмбөг
  • Рейгби
  • Ширээний теннис
  • Сагсан бөмбөг гэх мэт

Эдгээр спортууд нь фитнессийн элементүүдийг агуулдаг учраас танд гайхалтай зохицох болно. Мөн та багаар хамтран ажиллах чадвараа сайжруулахаас гадна тэвчээр, хурд, тэсвэр хатуужил, тэнцвэр, булчингийн хүчин чадал зэргийг эрс нэмэгдүүлэх зэрэг давуу талуудтай.

Хэрвээ та өрсөлдөх дуртай ч, өөртэйгөө ажиллахыг илүүд үздэг бол доорх спортуудаар хичээллэснээр цагийг зугаатай өнгөрөөхийн зэрэгцээ их хэмжээний эрчим хүч шатаах боломжтой.  

  • Усанд сэлэлт
  • Жудо
  • Хөнгөн атлетик
  • Уулын дугуй
  • Хурдны дугуй гэх мэт

Дээрх спортууд нь мөн адил фитнесийн дасгалуудыг агуулдаг тул та өөрийн хурд, тэсвэр хатуужил, хөдөлгөөний чадваруудаа сайжруулах юм.

Харин та эсрэгээрээ удаавтар хэмнэлтэй, өөрийн ур чадварт төвлөрсөн үйл ажиллагаанд дуртай бол доорх спортууд танд илүү тохирно.

  • Байт харваа
  • Mорь унах
  • Усанд сэлэлт

Эдгээр нь тэнцвэр, уян хатан байдал, биеийн ерөнхий хүч чадлыг нэмэгдүүлэх ба зохицуулах чадвар гэх мэт шинэ төрлийн ур чадваруудыг танд суулгаж өгдгөөрөө онцлог. Эцэст нь хэлэхэд, хэрвээ энгийн спортууд таны сонирхлыг татдаггүй бол уламжлалт бус спортууд болох иога, салса, эсвэл бүр хийн дасгалаар хичээллэсэн ч болно.

Хэрхэн спорттой холбогдох вэ?

Аль ч насны, ямар ч түвшний чадвартай хүн хичээллэж болдогоороо спорт бол тэгш оролцоог хамгийн дээд зэргээр хангадаг. Та эхлэн суралцагч, эсвэл бүр туршлагатай тамирчин байсан ч хамаагүй тогтсон хуваарийн дагуу спортоор хичээллэснээр өөрийгөө сэдэлжүүлж, байнгын эрч хүчтэй байх боломжтой болно.

Усанд сэлэлт, гүйлт гэх мэт спортуудаар та өөрийгөө дайчлан ганцаараа хичээллэж болох ч ихэнх хүмүүс аливаа нэг баг, анги, клубт нэгдэж олноороо хичээллэхийг илүүд үздэг.  Нэн ялангуяа, эхлэн суралцагчид анги танхимаар хичээллэн,  мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авснаар сурах арга барилаа олохын зэрэгцээ нийгмээс тусгаарлагдсан мэтээр өөрийгөө мэдрэхгүй байх, бусдаас дэмжлэг авах эсвэл бусдын суралцах үйл явцыг дэмжих зэргээр нийгмийн харилцаагаа сайжруулж болдог.

Нэмж хэлэхэд, та спортын элдэв төхөөрөмж худалдан авч, хөрөнгө оруулалтын зардал гаргахаас өмнө тухайн спортоор хичээллэж, туршиж үзсэнээр өөрийгөө үнэхээр дур сонирхолтой эсэхийг тандан мэдэх боломжтой.  
Нас, зүс, биеийн хэлбэр, урьд нь спортоор хичээллэж байсан эсэхээс үл хамааран та спортын ашиг тусыг ямар нэгэн хэмжээнд мэдэрч л таарна. Нэг зүйлийг батлан хэлэхэд дасгал хөдөлгөөн тогмол хийж, спортоор хичээллэснээр та өөрийн эрүүл оршихуйг бүтээж, эрүүл мэндээ аврах болно.