Хүүхдийнхээ авъяасыг хэрхэн нээн илрүүлэх вэ?

Эцэг эхчүүдийн хамгийн аз жаргалтай хийгээд чухал мөчүүдийн нэг нь үр хүүхдийнхээ авъяас чадварыг нь нээн илрүүлэх явдал юм. Хүүхэд насанд илэрдэг байгалийн гайхалтай өгөгдөл болох уран сэтгэмжийг хөгжүүлэхэд эцэг эхчүүд маш чухал ач холбогдол өгч оролцох хэрэгтэй ч хүүхдийг хэтэрхий шахаж, хүчлэх нь зохимжгүй байдаг.

Хүүхдийг урмаар тэтгэж, зааж чиглүүлэхээс гадна өөрсдийн авъяас чадвараа нээн илрүүлэх боломжийг тэдэнд олгох хэрэгтэй. Хэт их шахаж, хянах тусам таны хүүхэд мухардмал байдалд орж болзошгүй. Тиймээс хүүхдийнхээ авъяасыг гярхай олж харсан эцэг эхчүүдэд зөвлөхөд та бүхэн албадлага, урамшуулал хоёрын тэнцвэрийг барьж, жанжин шугамыг олох нь хамгийн чухал. Ингэхийн тулд хүүхдийн сонирхлын түвшин болон авъяас чадварын хэмжээг зөв тодорхойлох хэрэгтэй байдаг. 

Авъяасыг таниж мэдэх

Хэрвээ таны хүүхэд урлагийн авъяастай бол тэдний сонирхлыг татаж буй зүйлсээр дамжуулан үүнийг илрүүлэх боломжтой. Урлагийн авъяас, байгалийн өгөгдөл сайтай хүүхдүүд ихэвчлэн зурж будах, загвар эсгүүр гаргах, юмхнаар юм хийх гэх мэт бүтээлч даалгавруудыг сонирхдог. Тиймээс тэдний бүтээлч урланд тохирох урлагийн материалуудыг авч өгөөрэй. Мэдээж хэрэг эдгээр бүтээгдэхүүн нь хүүхдийн насанд тохирсон байхаас гадна, элдэв хорт бодис, амьсгалын зам болон бусад эд эрхтэнд аюултай элементүүд агуулаагүй байх шаардлагатай.

Харин хөгжмийн авьяастай хүүхэд дуу чимээ гаргадаг бүхий л төрлийн тоглоом, эд хэрэгслийг сонирхдог. Тэд бага балчир наснаасаа эхлэн хөгжмийн ая эгшгийг ялган таниж сурдаг ба дууны нотыг ч алдалгүй дуулж чаддаг. Олон төрөл жанрын хөгжмийг таниулах замаар тэднийг урамшуулж болно. Энэ нь хөгжмийн авъяастай эсэхээс үл хамааран бүхий л хүүхдэд үр өгөөжтэй арга ба гагцхүү эцэг эхчүүд хүүхдүүдээ хэт шахахгүй байхад л анхаарах хэрэгтэй.

 

 

Мөн таны хүүхэд хачин сонин гэмээр жүжгийн авъяастай ч байж болно. Хошин шогт дуртай, оройн хоолны үеэр хүн бүхнийг инээлгэж, онигоо ярин хөгжилддөг, бүр эсвэл романтик драмын гол дүрд тоглохыг хүсдэг ч байж магадгүй. Бага насны хүүхдүүд этгээд чамин хувцаслаж, театрын жүжигчин мэтээр өөрийгөө төсөөлөн тоглох нь ч бий. Тэдгээр хүүхдүүдэд зориулан өөртөө итгэлтэй байдал, авъяас чадварыг нь хөгжүүлэх хамгийн сайн алхам бол сургуулийн жүжгийн клубт хамруулах явдал юм. 

Харин спортод сонирхолтой хүүхдүүд өдөр бүр л спортын хэрэгслүүдээр оролдож байдаг. Хэрвээ таны хүүхэд бөмбөгөөр тоглох дуртайн дээр спортын тоглолтуудыг шимтэн үздэг бол тэдний хамгийн бүтээлч хөдөлмөр нь биеийн тамир, хөдөлгөөн гэсэн үг юм. Тэднийг спортын амьд тоглолтонд дагуулан явах, биеийн тамирын хэрэгсэл бэлэглэх, эсвэл бүр аль нэг спортын багт тоглуулах гэх зэрэг аргаар сонирхлыг нь амархан илрүүлж болно. Мөн түүнчлэн танай оршин суугаа газрын ойролцоох спортын арга хэмжээ, дугуйлан секцүүдийг судлан мэдэж, тэдэнд санал болгож ч болно. Хамгийн чухал нь хүүхдийн нас, сонирхол, оролцооны түвшин зэрэгт тохирсон байхад анхаараарай.

Авъяасыг хөгжүүлэх

Хүүхдийн гоц авьяасыг хөгжүүлэхийн тулд тухайн чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн багшид хандаж болох юм.  Мэргэшсэн багшид хандаж тусламж авч болох хэдий ч та өөрөө маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Өөрийн үнэт цаг хугацаа болон мөнгөө зарцуулахаас өмнө та хүүхдээ анхааралтай ажиглан, түүний сонирхол хэр хурдан өөрчлөгдөж, хэдий хугацаанд нэгээс нөгөөд шилжиж байгааг тодорхойлоорой. Нэмж хэлэхэд, таны гол зорилго бол хүүхдийнхээ сонирхлыг тэтгэж, авъяасыг илрүүлэх болохоос биш тэдэнд дарамт учруулж, зөвхөн таныг баясгахын тулд хичээл, дугуйлан гэх мэтэд хамруулах явдал ерөөсөө ч биш гэдгийг байнга санах хэрэгтэй.

Таны хүүхэд онцгой авьяастай бөгөөд та улам илүү хөгжүүлэхийг хүсч байвал түүний чадвар, хөгжлийг түвшинд яв цав тохирсон багш олох нь дараагийн зөв алхам байж болох юм. Гэвч нөгөө талд шагналын тавцанд гарч байсан шилдэг тамирчныг олж хүүхэддээ хэрхэн сэлэхийг заалгах нь ямар ч үр дүнгүй, цаг барсан ажил байх ч магадлалтай. Тиймээс та асуудалд бодитоор хандаж, өөрийн боломж бололцоонд нь таарсан, хамгийн гол нь юу хийхээ маш сайн мэддэг багшийг сонгох нь зүйтэй.

Бяцхан үрсийнхээ авьяасыг хөгжүүлэхэд тохиромжтой орчинг бий болгох хамгийн сайн зөвлөгөөг тантай хуваалцъя. Тэднийг урамшуулахын хамт дотоод сэтгэл ханамжаа хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй ба ингэснээр тэд гадны ямар нэгэн нөлөөгөөр сэдэлжих шаардлагагүй болох юм. Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг буруу таньсан эцэг эхийн хэт хяналт, шахалтаас болж нэлээдгүй олон хүүхэд сэтгэлзүйн хувьд дарамт мэдэрдэг байна.

Эцэст нь эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхдийг шахаж шаардахаас илүү ямар нэг болзолгүй хайрлаж, дэмжлэг зөвлөгөө өгөх тусам тэдний авьяас билиг дэлбээлэн цэцэглэх болно.