Дуртай зүйлээ л хий! Хүсэл тэмүүллээ тодорхойлж түүгээрээ амьдрах нь

Миний хувьд 15 жилийн турш ашгийн бус байгууллагад менежментийн чиглэлээр ажиллаж, ихэвчлэн хандив босгох, маркетинг хийх зэрэг ажлуудыг хариуцаж байсан юм. Би ажилдаа сайн, хүмүүс ч намайг магтдаг байлаа. Миний ирээдүйн карьерын дүр зураг маш ойлгомжтойн дээр, орлогын байдал ч тун давгүй, бүхий л зардлаа төвөггүй зохицуулахуйц хэмжээнд байв.

Гэхдээ би энэхүү ажилдаа сэтгэл хангалуун биш, нэг үгээр хэлэхэд огтхон ч дурлаагүй байсан юм.

Та бүхэн намайг буруугаар битгий ойлгоорой. Мэдээж хэрэг, ажлын минь уур амьсгал таатай төдийгүй олон гайхалтай хүмүүсээс их ч зүйлийг сурсан. Гэхдээ би, эдгээр хүмүүсийн нүднээс оч бутарч, хийсэн бүтээсэн ажил бүрээрээ бахархаж, ажлын ачааллыг үл харгалзан ханцуй шамлан ордог тэр их хүсэл тэмүүлэлд нь атаархдаг байлаа. Би зөвхөн тэдний нэг болохыг л хүссэн.

Ингээд би хүсэл тэмүүллийнхээ төлөө зүтгэхээр шийдэж, төрийн бус байгууллага дахь “хоёрын хооронд” ажлаа орхисон юм. Байгууллагын харилцааны чиглэлээр хувийн бизнесээ эхлүүлснээс хойш бараг нэг жил өнгөрчээ. Хэдийгээр энэ хугацаанд олон саад бэрхшээлтэй нүүр тулсан ч, өөрийн дуртай ажлаа хийж эхлүүлсэндээ маш тааламжтай буйгаа итгэл дүүрэн хэлж чадна. 

Күнзийн айлдсанаар “Өөрийн дуртай ажлыг сонго. Тэгвэл чи амьдралынхаа нэг ч өдрийг дахин ажил хийж өнгөрөөхгүй” гэсэн сургааль байдаг. Энэ бол маш гайхалтай зөвлөгөө хэдий ч, хэрэгжүүлэхэд тийм ч энгийн биш. Өөрийн дуртай зүйлээ ойлгож, түүнийг амьдалд хэрэгжихүйц ажил эсвэл бизнес болгон хувиргах нь бага зэрэг ярвигтай. Тиймээс та бүхэнд хүсэл эрмэлзлэлээ хэрхэн тодорхойлох тухай төлөвлөгөөг хүргэхийн ялдамд түүнийг өөрийн ажил болгох дөрвөн арга замыг танилцуулж байна. 

1. Хүүхэд ахуй үедээ юу хийх дуртай байснаа санаарай.

Бага насанд бий болсон үнэнхүү хүсэл эрмэлзлэлүүд амьдралын шаардлагаар бөхөж унтарсан байдаг. Тиймээс өөрийн карьерт санаа зовж эхлэхээс өмнөх үедээ та юунд дуртай байснаа дахин нэг бодож үзээрэй. Зохиол бичих, шинжлэх ухааны туршилт хийх аль эсвэл бүр хүмүүсийг асарч тойглох уу? Тухайн зүйлсийн мөн чанар, өөрийн араншинг дахин нэг тольдсоноор жинхэнэ хүсэл эрмэлзлэлээ олох анхны алхмаа хийж байна гэсэн үг. 

2. Амжилтын тэнцэтгэлээсээ мөнгө гэсэн хувьсагчийг хас.

Хэрвээ мөнгө “асуудал биш” байсан бол та юу хийх байсан бэ? Дэлхий ертөнцөөр аялах уу? Бүхий л цагаа хүүхдүүдтэйгээ өнгөрөөх үү? Эсвэл бүр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах сайн үйлсийн аян өрнүүлэх байсан уу? Мэдээж мөнгийг үл тоож болохгүй ч гэлээ, санхүүгийн дарамт таны сонголтуудыг залуурдаж байх нь бас буруу юм. Эцсийн дүндээ таны дуртай ажил бол санхүүгийн аюулгүй байдлаа хангах нэг хүчин зүйл гэдэг нь маргашгүй үнэн. Гэвч та өөрийн ажлын гол сэдлийг санхүүгийн аюулгүй байдлаа хангах явдал хэмээн үздэг бол дуртай зүйлсээ хийж чадалгүй, амьдралаа үрсээр байж магадгүй юм.   

3. Найз нөхдийн санал бодлыг асуу.

Заримдаа таныг юу хамгийн аз жаргалтай болгодогийг өөр хэн нэгнээс сонсох нь зүйтэй байдаг. Тиймээс өөрийг тань хамгийн сайн мэдэх хүмүүсээс “Би хэзээ илүү аз жаргалтай харагддаг вэ?” “Би юуг хамгийн урам зоригтой хийдэг вэ?” зэрэг асуултуудыг асууж, хариуг нь анхааралтай сонсож байгаарай. Таныг үнэхээр алмайруулсан хариултууд өгөх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

4. Их сургуулийн хичээлийн хөтөлбөрүүдийг нягталж үз.

Өөртөө тусгай цаг гарган ямар төрлийн хичээлийн хөтөлбөрүүд таны сонирхлыг татаж байгааг ажигла. Та бүгдийг нь судлах боломжтой байсан бол аль хөтөлбөрийг сонгох байсан бэ? Мөн та аль хичээлийг зааж чадна гэж өөртөө итгэж байна вэ? Аль хичээлүүд таныг айлгаж эсвэл бүр сонирхолгүй болгож байна? гэх мэт асуултуудад хариулж, боломжуудыг жигнэж үзэх нь өөрийн дуртай зүйлс болон сонирхдог сэдвүүдийг нээн илрүүлэхэд тань тусална.

5. Таны мэргэжлийн оргилд хүрсэн нэгнийг тодорхойл

Хувийн хүрээлэл дэх эсвэл бусдаар дамжуулан таньж мэддэг болсон бүхий л хүмүүс дундаас хэний карьераар замналыг хамгийн ихээр хүсч байна вэ? Таны шүдний эмчээс эхлээд Опра хүртэл үргэлжлэх энэхүү жагсаалтаас өөрт үлгэр жишээ болох хэн нэгнийг сонгоод, түүнтэй ойртож, карьераа хэрхэн бүтээсэн тухай нь суралцаарай. Хэрвээ ойртож, холбоо тогтоох боломжгүй бол түүний ажил амьдралын талаар олж чадах бүхий л мэдээлэл буюу намтар, ярилцлага, нийтлэл, ном гэх мэт зүйлсийг уншихыг зөвлөж байна.

6. Өөрийн дуртай бөгөөд сайн хийж чаддаг зүйлсээ л бод. 

Энэхүү дасгалыг хийсний дараа, та юу суралцсанаа бодож үзээрэй. Тэгээд өөрийн хүсдэг ба сайн хийдэг зүйлдээ төвлөр. Амьтан сургах, бялуу хийх, оригами нугалах гэх мэт юу ч байсан бүгдийг нь тэмдэглэж ав. Үүний дараа жагсаалтаа илүү нарийвчилж, хамгийн чухал гэсэн гурваас дөрвөн зүйлийг шигших хэрэгтэй. Энэхүү жагсаалтыг өөртөө ойр байлгаж, байн байн нягталж үзэхээс гадна ажлаа солихоор шийдсэн үедээ хамгийн чухал гэж үзсэн сонголтыг дараагийн цэг болгон төлөвлөөрэй.

Хэрэгжүүлж эхлэх нь

Өөрийн хийх дуртай зүйл, хүсэл эрмэлзлэлийн талаар тодорхой ойлголттой болсон ч түүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл шаардана. Тэгэхээр уг өөрчлөлтийг харьцангуй хялбар байдлаар өрнүүлэхэд тань туслах дөрвөн алхмыг дор танилцуулъя.

 

1. Мэргэжлийн карьер зөвлөхүүдэд ханд

Карьер зөвлөхүүдийн хамгийн чухал ажлуудын нэг бол үйлчлүүлэгчдийн юу хүсч байгааг тодорхойлж, хэрхэн сэтгэл ханамжтай ажиллаж, амьдрах талаар ойлголттой болоход нь туслах явдал юм. Хүнийг хамгийн дуртай зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, чанартай хийж гүйцэтгэхэд туслах олон арван аргачлал тэдэнд бий. Мөн түүнчлэн дуртай зүйлд тань тохирох ажлыг санал болгох, зааварчлах эсвэл олж илрүүлэхэд тань туслах бүрэн чадамжтай гэдэгт итгэж болно. Тиймээс тэдэнд хандсанаар хуримтлуулсан туршлага, нөөцийг нь өөртөө давуу тал болгон ашиглах боломж үүсэх юм.

2. Цахим сүлжээг хөшүүрэг болгон ашигла.

Дэлхий нийт урьд хожид үзэгдээгүй өндөр хамаарлаар цахим сүлжээнд холбогдох болжээ. Нэгэнт та өөрийн хийх дуртай ажлаа олсон бол Twitter, Facebook, Linkedin зэрэг олон нийтийн сүлжээг сайтар ашиглан, өөртэйгээ ижил хүсэл тэмүүлэл бүхий хүрээлэлтэй болоорой. Тэдний блогийг уншиж, санал сэтгэгдлээ хуваалцсанаар тухайн ажлыг хийх нь чухам ямар үйл явц болохыг тандан мэдэж болно.

3. Мөнгөө хадгалж эхэл

Та өөрийн дуртай зүйлсийг хийж, шинэ замаар алхахыг хүссэн цагаасаа эхлэн мөнгөө хуримтлуулж эхлээрэй. Аль болох их хэмжээгээр шүү. Та банкинд хэдийн чинээ их хадгаламжтай байна, санхүүгийн асуудлууд таны шийдвэрт төдий чинээ бага нөлөөлнө. Ингэснээр та ажлаасаа гарч, дуртай зүйлдээ өөрийгөө бүрэн зориулахаар шийдсэн үедээ харьцангуй бага айдас мэдрэх болно.   

4. Зүгээр л яг одоо хийж эхэл.

Эцэст нь хэлэхэд, та туршиж үзэхээс нааш юу хүсч мөрөөдөж байгаагаа жинхэнэ утгаар нь ойлгохгүй. Хийж эхлэх хүртэл таны хүсэл эрмэзлэл таамаглал төдий хэвээрээ л байна. Тиймээс өөрт шаардлагатай мэдлэгт суралцах үүднээс шинэ хичээлд бүртгүүлэх, эсвэл шууд энтрепренёр болох гэх мэт ямар ч жижиг алхам байсан хамаагүй ханцуйгаа шамлан бушуухан ор. Аливааг туршиж үзэх хүртлээ бүрэн гүйцэт ойлгоно гэж саналтгүй.

Би өөрийн хүсэл эрмэлзлэлийг олсон. Түүндээ ч үнэхээр талархалтай байна. Дээрх зөвлөгөөнүүд өөрийн сонгосон замаар алхаж яваа надад одоо ч ач холбогдолтой хэвээр байгаа. Учир нь хийж буй ажил минь миний дуртай зүйлсээр дүүрч байх нь хамгийн чухал. Миний хүсэл эрмэлзлэл бодит биеллээ олсны дараа дахин нэг ч өдрийг ажлын төлөө зарцуулахгүй гэдэгтээ итгэлтэй байна.