Хүүхдийг өөртөө итгэлтэй хүн болгож өсгөхөд туслах 10 зөвлөгөө

Бид хүүхдүүдээ өөртөө итгэлтэй, зориг зүрхтэй, энэрэнгүй сэтгэлтэй нэгэн болоосой гэж хүсдэггүй гэж үү? Хүүхэд бүр өөрсдийн хэмжээнд хэцүү бэрхшээлүүдтэй нүүр тулдаг тул тэдний өөртөө итгэх байдлыг хөгжүүлж чадвал зөвхөн ахуй амьдралаа зохицуулахад нь төдийгүй амжилт бүтээл гаргахад нь тустай байх болно.  

Өөртөө итгэлтэй байдал нь цогц чадамжуудын нэг хэсэг нь юм. Хүүхэд өөртөө итгэлтэй байхын тулд өөрийн ур чадваруудыг зөв, бодитоор үнэлж, хүлээж авдаг болох хэрэгтэй. Энэ нь тухайн хүүхдийн гаргасан амжилтын их багаас илүүтэйгээр таны урамшуулал, хичээл зүтгэлийг нь үнэлсэн урмын үгсээр тэтгэгддэг.   

Ингээд хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх 10 зөвлөгөөг танилцуулж байна.

1. Хүүхдээ хайрла. 

Хэдийгээр маш энгийн сэдэв мэт боловч таны хүүхэддээ зориулж чадах хамгийн чухал зүйл бол эцэг эхийн хайр юм. Эцэг эх болгон өөрийн үр хүүхдээ харамгүй хайрладаг нь мэдээж. Хүүхдүүд хамгийн түрүүнд гэр бүлийн орчноос хайрыг мэдэрч, хүлээн зөвшөөрөгдөж, улмаар найз нөхөд, сургуулийн хамт олон, дугуйлангийн зэрэг бусад хүрээллээсээ уг мэдрэмжийг суралцаж байдаг. Хэрвээ та хүүхдээ үл тоож эсвэл орилж, хашхирах гэх мэтээр эцэг эхчүүдийн гаргадаг зарим алдааг их гаргадаг бол хүүхдээсээ уучлал эрж, хайртай гэдгээ хэлэн, халуунаар тэврэх хэрэгтэй. Учир нь нөхцөл болзолгүй хайрын үр дүнд өөртөө итгэлтэй байдал улам бат бэх болдог юм.

2. Магтах хэрэгтэй цагт нь магт. 

Нэн ялангуяа, бага насны хүүхдүүд өөрийн ололт амжилтаа эцэг эхийнхээ хариу үйлдлээр хэмжих хандлагатай байдаг тул тэдний үйлдлийг сайшааж, эерэг хариу үзүүлж байх нь чухал. Ингэхдээ аль болох бодит байхыг хичээгээрэй. Хэрвээ таны хүүхэд аливаа нэг зүйлийг хийж чадахгүй байх, эсвэл тухайн зүйлд огтхон ч авьяасгүй бол үр дүнг нь хий хоосон магтсанаас түүний гаргасан зүтгэлийг нь үнэлж, сайшаах нь илүү бодитой. Бүх зүйлийг төгс хийх албагүй гэдгийг хүүхэддээ сайтар ойлгуулахын зэрэгцээ зарим зүйлс тогтмол хичээл зүтгэл, давтлага шаарддаг бөгөөд өөрийн хувьд хамгийн сайнаараа хичээж зүтгэсэн бол заавал өндөр үр дүнд хүрэлгүйгээр орхисон ч болно гэдгийг сануулаарай.

3. Хүүхдээ бодитой зорилго тавихад нь тусал. 

Хүүхэд тань хөл бөмбөгөөр хичээллэхээр шийдсэн бол түүнийг ирээдүйд Олимпын тамирчин болно хэмээн зоригжуулахад асуудалгүй. Гэвч дунд сургуулийн шигшээ багт багтаж чадаагүй хэр нь олимпод улсаа төлөөлөх хэмжээний тоглогч болно хэмээн бодсоор байвал илүү бодит зорилго /төрөлх авьяас чадварт суурилсан бол сайн/ тавихад нь таны туслалцаа хэрэгтэй байна гэсэн үг. Хүүхдээ хүрч болохуйц, учир холбогдол сайтай зорилго өөд чиглүүлж, бүтэлгүйтлийн мэдрэмж авахаас сэргийлэх хэрэгтэй. Хэрвээ тухайн зорилго нь урт хугацаанд сунжрах магадлалтай бол үндсэн замаасаа хазайлгүйгээр богино хугацаанд хүрч болох алхмуудыг төлөвлөхөд нь туслаарай.

 

 

4. Өөрийгөө хайрлахад үлгэрлэн дагуул.

Хүүхдэдээ өөрийгээ хэрхэн хайрлахыг заахын тулд та эхлээд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Энэхүү зан үйлийг сайн үйлс хийсэн үедээ өөрийгөө магтах, шагнах байдлаар үлгэрлэж болно. Та марафонд гүйж барианд орсон, ажил дээрээ тушаал дэвшсэн эсвэл амттай оройн зоог бэлдэж үдэшлэг зохиосон гэх мэт жижиг, томоос үл хамааран ямар нэгэн амжилт гаргасан л бол тэдгээрийг хүүхэдтэйгээ цуг тэмдэглэж сураарай. Ингэхдээ тэдгээр амжилтыг гаргахад танд хамгийн их хэрэг болсон ур чадвар, гаргасан хичээл зүтгэлийн талаар тэдэнтэй ярилцвал маш үр дүнтэй. Харилцан ярианы үед хүүхдийнхээ эзэмшсэн ур чадварын тухай, тэдгээрийг хэрхэн хөгжүүлэх эсвэл хэрхэн ашиглах талаар сануулж, сэдэл өгч байгаарай.

5. Уян хатан чанарт сурга. 

Бүх зүйлд, цаг ямагт амжилт гаргадаг хүн барагтаа л олдохгүй. Амьдралд уналт, бүтэлгүйтэл, ухралт, шүүмжлэл ээлжилдэг. Харин эдгээр зүйлс тохиолдох тоолонд урам хугарч, гутарч байснаас суралцах боломж, туршлага хэмээн хүлээж авсан нь хавьгүй дээр.  Хуучны зүйр үгэнд “Оролдлого, бас дахин оролдлого” гэсэн байдгийг санавал хүүхдийг бага наснаас нь эхлэн аливаад амархан бууж өгөхгүй байх дадалд сургах хэрэгтэй аж. Гэхдээ нөхцөл байдлыг ойлгож, хүүхдийн мэдрэмжийг зөв үнэлэлгүйгээр “гутрах хэрэггүй, урагшаа” эсвэл “цоглог байя” гэх мэт хий хоосон уриалга гаргах нь зохимжгүй. Хүүхдийн мэдрэмжийг ойлгохыг хичээснээр тэд өөрсөддөө итгэлтэй болж, мэдрэмжээ хуваалцахдаа тааламжтай хандах болно. Алдаа, бүтэлгүйтэл бол амьдралын нэг хэсэг бөгөөд ямар ч тохиолдолд тэдгээрийг зохицуулах боломжтой гэдгийг л хүүхэддээ ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ тэр шалгалтандаа тааруу дүн авбал түүнийг учир утгагүй зэмлэж, “Чи хэзээ ч сайн сурагч болж чадахгүй нь ээ” гэх мэт үгсээр урам зоригийг нь бөхөөх хэрэггүй. Харин үүний оронд, дараагийн удаа хэрхэн сайн дүн авах арга зам, алхмуудын талаар ярилцах нь зүйтэй бөгөөд амжилт гаргасан тохиолдолд тэрээр өөрөөрөө бахархаж сурна.

6. Биеэ даасан, эрх чөлөөтэй байдлыг аажмаар нэмэгдүүл. 

Өөртөө итгэлтэй хүүхдүүд аливаа шинэ соргог зүйлсийг ямар нэгэн айдасгүйгээр турших дуртай байдаг. Мэдээж хэрэг, бага насны хүүхдүүдийг хөндлөнгөөс ажиглаж, зааварлаж чиглүүлэх шаардлагатай. Та тухайн нөхцөл байдлыг аюулгүй, тайван эсэхийг шалгасны дараа хүүхэд өөрөө өөрийнхөө төлөө ямарваа нэг оролдлого хийх орон зайг үлдээ. Жишээлбэл: хачиртай талх хэрхэн бэлддэгийг үлгэрчилж үзүүлсний дараа, өөрөө оролцож, үглэж яншилгүйгээр хүүхэд өөрөө бие даан туршиж, хийж үзэх боломжоор ханга. Шинээр хоол хийх, шинэ газраар аялах аль ч тохиолдолд хүүхдүүдийн нээн илрүүлсэн, шинэ санаачлагуудыг дэмжих хэрэгтэй. Өдрийн зугаалга, хотоос гадуур аялах, найз нөхөдтэйгээ амралтаар явах, шинэ хоббитой болох тоолонд таны хүүхдийн мэдлэгийн хүрээ тэлж, шинэ орчинд дасан зохицох, зохицуулах өөрийн ур чадвартаа итгэдэг болно. 

7. Спортоор хичээллэхийг нь дэмж.

Охид, хөвгүүд ялгаагүй, спортоор хичээллэснээр өөртөө итгэх итгэлээ бэхжүүлдэг. Тэд спортоор дамжуулан “аливаа зүйлийг уйгагүй оролдсоны үр дүнд амжилт үзүүлж, зорилгодоо хүрдэг” гэсэн зарчмыг сайтар ойлгодог. Бусад давуу талуудыг дурьдвал: тэд өөрсдийн хүчтэй талуудыг нээн илрүүлэхийн хажуугаар, дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрч, ялагдалтай нүүр тулж, найз нөхдийн хүрээллээ тэлж, багаар хамтран ажиллахад суралцдаг. Өөртөө итгэлтэй байдлыг нь хурцалж өгдөг өөр нэгэн хүчин зүйл бол эрүүл, өв тэгш биетэй болсноор өөрийн бие махбодоо хүндэлж хайрлаж сурах юм. Таны хүүхэд спортоор хичээллэдэггүй байсан ч дээрх асуудлыг сайтар анхаарах хэрэгтэй бөгөөд ялангуяа хүүхдүүд таргалалтанд нэрвэгдэж байгаа өнөө үед бие бялдарын хөгжил нэн тэргүүнд тавигдана. Бүжиг, дугуйн клуб, ууланд авирах, тулааны урлаг гэх мэт олон сонголтуудаас хүүхдийнхээ биеийн онцлогт тохирсон идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллүүлээрэй. 

8. Хүүхдийн хүсэл эрмэлзлэлийг дэмжих. 

Хүн болгонд сайн чаддаг зүйл байдгийн адилаар таны хүүхэд өөрийн авьяас, дуртай зүйлсээ аль болох эрт илрүүлбэл сайн. Хэдий таны сонирхолтой нийцэхгүй байсан ч, эцэг эхийн хувиар хүүхдийнхээ сонирхдог зүйлийг дэмжиж, хүндлэх хэрэгтэй. Таны хүүхэд өөрийн хүсэл эрмэлзлэлээ тодорхойлох явцдаа ямар нэгэн амжилт гаргасан бол түүнийг магтаж, урамшуул. Хэрвээ тэр хөгжмийн хамтлагт гитар тоглох авьяастай бол сургууль болон бусад хариуцлагатай ажлуудтай давхцахгүй тохиолдолд уг сонирхлыг нь заавал дэмжээрэй. Таны гадарлаж байгаачлан энэ нь өсвөр насны хүүхэддээ эх захгүй эрх чөлөө олгож, шөнөжин клуб хэсэж, эмх замбараагүй амьдрахыг хүлээж зөвшөөр гэсэн үг яавч биш бөгөөд энэ тухай дараагийн хэсэгт ярилцах болно.

9. Тодорхой дүрэм хэрэгжүүлж, тууштай бай. 

Хүүхдүүд аливаа зүйлийг хэн хариуцаж, тэднээс юу хүлээж байгааг мэдэж байгаа үедээ өөртөө хамгийн итгэлтэй байдаг. Хэрвээ та тодорхой дүрэм тавьж, түүнийгээ тууштай хэрэгжүүлдэг бол хэдий хатуу, чанга санагдлаа ч хүүхэд юуг хийж болох, юуг хийхгүй байх талаар итгэлтэй байж чадна. Гэр бүл бүр өөр өөрийн дүрэм журамтай бөгөөд хүүхдийн наснаас хамаарч өөрчлөгддөг. Уг дүрэм ямар байхаас үл хамааран, танай гэр бүлд юу чухал вэ гэдгийг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Дүрмийг ойлгож, мөрдөж байх нь хүүхдэд аюулгүй байдлыг мэдрүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. Хүүхэд нас нэмэх тусмаа гэр бүлийн хүрээн дэх дүрэм журамд оролцоотой болж, хариуцлагатай хандаж эхэлдэг. Гэхдээ та бол хүүхдийнхээ найз нөхөр биш эцэг эх нь гэдгээ байнга ухамсарлах хэрэгтэй. Хэзээ нэг өдөр хүүхэд тань өөрт нь ирэх дарамтыг мэдрэх үедээ “Үгүй, би чадахгүй” гэж хэлэх үндэслэл, өөртөө итгэх итгэлтэй байгаадаа баярлах болно.  

10. Харилцааны чадварт сурга. 

Бүхий л төрлийн харилцаандаа итгэлтэй байх нь хүүхдийн өөртөө итгэлтэй байдлын гол түлхүүр юм. Хамгийн анхдагч, чухал харилцаа бол эх үрийн хайр байдаг. Таны хүүхдийн нийгмийн хүрээлэл тэлэхийн хэрээр түүний үйлдлүүд бусад хүмүүст хэрхэн нөлөөлж буйг олж харах чадварт сургах шаардлагатайн дээр, хэн нэгний үйлдэл эргээд түүнд нөлөөлж буй үед өөртөө итгэх итгэлээ алдалгүйгээр хэрхэн хэвээр нь үргэлжлүүлэхийг зааж өгч, дасгалжуулах хэрэгтэй. Эцэг эхийн хувиар бүхий л нөхцөл байдлыг засч залруулах нь таны үүрэг ердөө ч биш. Харин оронд нь тэдэнд харилцааны ямар ч бэрхшээл, уналт босолтыг дааж, зохицуулж чадахуйц хайр энэрэл дүүрэн, өрөвч нинжин сэтгэлтэй, цог золбоотой, өөртөө итгэлтэй байхыг зааж өгөөрэй.