Дуртай зүйлээ хийнгээ сайхан амьдрахад туслах 13 алхам

Та шинэхэн ажилтан эсвэл туршлагатай бизнес эрхлэгч байхаас үл шалтгаалан дургүй ажлаа хийж л байгаа бол сэтгэл зүйн хувьд ямар нэгэн бэрхшээлтэй тулах нь гарцаагүй. Тарах цаг болохыг хүлээнэ, цаг руугаа байн байн ширтсэн өдрүүд дахиад л үргэлжилнэ гэхээс айж, амралтын өдрийн оройг урамгүйхэн өнгөрөөж байна уу? Гэтэл нөгөө талд өөрийн дуртай ажлыг хийснээр таны амьдрал аз жаргалаар бялхаж, ажлын өдрүүдийг асар өндөр бүтээмжтэй өнгөрөөх боломж байдаг. Үнэндээ, таны дуртай ажил зөвхөн мөрөөдөлд тань үлдэх албагүй. Тиймээс доорх 13-н зөвлөгөөг ашиглан дуртай зүйлээ хийж амьдраарай.

1. Мөрөөдлөө дагахын төлөө шийдвэр гарга

Дургүй ажлаа хийж байгаа тохиолдолд хэдийгээр тогтмол төлбөрүүдээ төлөөд байж чадах ч нэг л байрандаа байгаад ямар ч ахиц дэвшил гарахгүй. Нөгөө талд эрхэлж буй ажлаа орхино гэдэг нь үргэлж эрсдэлтэй шийдвэр байдаг тул мөрөөдлийнхөө төлөө тэмцэхгүй байх гол шалтгаан болдог. Гэвч энэхүү шалтгаан нь таныг улам л ажилдаа сэтгэл ханамжгүй нэгэн болгоно.

Яагаад ажлаасаа гарч болохгүй байх шалтгаануудаа хаяад мөрөөддөг ажлаа хийх шалтгаануудыг хайхгүй гэж?

“Та нэг л удаа амьдрах тул харамсах зүйлгүй амьдар” Хүнс судлаач ахлах тогооч Мелисса Эболи өөрийн түүхээ ийн хэлжээ.

Эболи 2016 оны зун ажлаасаа гарч, тогооч болох шийдвэрийг гаргахаас өмнө худалдааны төлөөлөгчөөр 15 жил ажилласан байна. Харин энэхүү ажлаа орхисны дараа тэрээр 90 гаруй үйлчлүүлэгчлийн тэмдэглэлт үйл явдлыг зохион байгуулж, "The Dr. Oz" шоунд уригдах хүртэл амжилт гаргасан томоохон бизнес эрхлэгч болсон юм.

“Та ямар ч карьертай байсан хамаагүй тэндээ байж чадна, харин мөрөөдлийнхөө төлөө зүтгэх боломж олдохгүй байж болно. Олон хүн намайг тэнэг зүйл хийж байна хэмээн буруутгаж байсан ч би сэтгэлийнхээ дуудлагаар явж байна гэдгээ мэдэрч байсан. Хэрвээ чамд ямар нэгэн гал цогтой хүсэл байгаа бол яг одоо нэг оролдлого хийгээд үз, таныг мөрөөдөл өөд тань аяндаа хөтлөөд явах болно.” Хэмээн тэрээр та бидэнд зөвлөжээ.

2. Тухайн зүйлдээ хүрэхийн төлөө цаг гарга

“Танд ямар нэгэн хүсэл эрмэлзлэл төрж, эхлүүлэхээр шийдсэн бол тухайн санаагаа бодит байдал болгоход хэрэгтэй алхмуудыг хийж эхлэх нь хамгийн чухал” гэж Моментумын ерөнхийлөгч Deirdre Maloney хэлжээ.

Тэрээр Business daily-д өгсөн ярилцлагандаа “Санаагаа олсон даруйд шийдвэртэй алхам хийж, төлөвлөгөө гарган, хуваарийн дагуу ажиллах хэрэгтэй. Хэдийгээр маш олон жижиг алхмуудаас бүтсэн ч тухайн төлөвлөгөөг цаасан дээр буулгах хэрэгтэй” гэж дурдсан байна.

3. Мөрөөдлөөсөө ашиг, орлого олох боломжийг эрэлхийл

"Minifridge Media" -ийн үүсгэн байгуулагч Andrew David Osborne, 2016 онд борлуулалтын бизнес дэх ажлаа орхин видео үйлчилгээгээр дагнасан өөрийн бизнесээ эхлүүлжээ.

Хэдийгээр энэ нь түүний мөрөөдлийн ажил биш байсан ч мөрөөдөлдөө хүрэхэд нь ихээхэн түлхэц болсон. Өөрийн мөрөөдөл, хүсэл эрмэлзэлийн тухай үргэлж бодон, амьдралаа санхүүгийн ямар нэгэн асуудалгүй залгуулахын зэрэгцээ мөрөөдөлдөө алхам, алхмаар ойртох боломжууд үргэлж байдаг.

Түүний зөвлөснөөр "Та бүхэн хайрцагнаасаа гадуур сэтгэж, байгаа боломжуудаа олж ажиглах юм бол хэдийгээр эхэндээ тодорхой биш байх ч, өөрийн мөрөөдлөө хэрэгжүүлэх орон зай олддог. Миний мөрөөдөл бол Холливудын кино найруулагч болох байсан. Хэрвээ би байгуулагуудын видеонуудаа илүү урлагийн, бүтээлч байдлаар хийж чадах юм бол түүнээсээ аз жаргал, таашаалыг авч чадна гэдгээ мэдэрсэн юм” гэж Осборн нэгэнтээ хэлжээ.

4. Бодит байдалд нийцүүл

Урлагийн дасгалжуулагч Давид Бюх 1992 онд хөгжмийн чигэлээр ажиллахаар маркетерийн ажлаасаа гаржээ. Түүний зөвлөснөөр бол өөрийн дуртай зүйлийг хийх нь утгагүй  хэмээн бодох хэрэггүй. Харин ч ажлаа эрс өөрчлөх нь байж болох зүйл. Гэхдээ бодит байдлыг мөн адил харгалзан үзэх ёстой гэсэн байна.

Дуртай зүйлдээ яг л ажил шиг хандаж, хоёр дахин илүү хүчин зүтгэл гаргавал зохино. Мэдээж та тэрхүү ажилдаа ихээр итгэж байгаа учраас илүү их цаг зарцуулсандаа хэзээ ч харамсахгүй. Маш олон хүмүүс өөрсдийн хүсэл эрмэлзлэлийг дагадаг мөртлөө түүнийгээ биелүүлэхийн тулд энтрепрёнер болж, бүгдийг шинээр эхлүүлж, ямар нэгэн бэлэн зааваргүй замаар алхана гэдгээ ухамсарлаагүй байдаг.  

5. Өөрийгөө дэмжигч хүмүүсээр хүрээлүүл

Компанийн олон нийттэй харилцах албаны ажлаа орхиж, иогийн багш, зохиолчоор ажиллах болсон Сара Дивеллогийн хувьд хүсэл эрмэлзлэлээ дагахын тулд юу хийх хэрэгтэй болохыг сайн мэддэг нэгэн. Түүний бодлоор хамгийн чухал нь өөрийг тань дэмждэг хүмүүсээр хүрээллээ бүрдүүлэхээс эхлэх явдал юм. 

"Учир нь таны хамтран ажиллагсад магадгүй таныг хуучин байранд нь авчирч магадгүй. Зарим хамтран ажиллагсад маань намайг буцаж ирэх хэрэгтэй, хуучин орчноо санах болно хэмээн ятгаж байсан" гэжээ. Дивеллогийн зөвлөснөөр найз нөхдийн дэмжлэг ганцаардлаас холдуулж, илүү зоригтой болгодог.

6. Зөвлөгөө өгөх хүнээ зөв сонго

Өөрийн дуртай ажлаа эхлүүлж байгаа үед тухайн ажлыг, үйл явцыг чиглүүлж, туслаж байх хүнийг олох хэрэгтэй.

"Өөрийн хүрээллээс болон хүрээллээс гадуур таны мөрөөдлийн ажлыг сайн хийж байгаа хүмүүсийг олж холбоо, харилцаа үүсгэ. Тэдэнтэй ойртох, харилцан яриа үүсгэх боломжийг эрэлхийл." гэж "Resume Strategist" зөвлөх компанийг үүсгэн байгуулагч  Алиса Гелбард зөвлөжээ.    

Гелбардын зөвлөснөөр тэдний боловсрол, тулгарч буй бэрхшээл саад, хуримтлуулсан туршлага, бий болгосон холбоо харилцаа зэргийн талаар сонирхон асуувал зохимжтой.

Мөн түүнчлэн мөрөөдлийн ажлаа хийнгээ, тэр тухайгаа бусдад нээлттэй зөвлөж, блог хөтөлдөг хүмүүсийн зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагааны дараа илтгэлийнх нь талаар өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцах эсвэл зарим нэг чухал хэсгүүдэд нь санал бодлоо солилцох замаар тэдэнтэй танилцах боломжтой юм.

Харилцан ярианы явцад өөрийн карьерт өөрчлөлт хийхээр шийдсэнээ дурьдаж, тусгайлан цаг авч зөвлөгөө авах боломжтой эсэхийг асууж болно. Үнэндээ хүмүүс таны төсөөлснөөс ч өгөөмөр байдаг тул хэрхэн амжилтанд хүрсэн, ямар туршлага хуримтлуулсан тухайгаа харамгүй зөвлөх болно.

7. Өөртөө төвлөр

Та амьдралынхаа хамгийн том алхамыг хийхээр урагшилж байгаа тул аливаа жижиг саад бэрхшээл, эргэлзээг таягдан хаях хэрэгтэй. Амжилттай байхын тулд таны амжилтанд сөргөөр нөлөөлж болох эргэлзсэн хандлагуудыг үл тоож, өөрийн дуу хоолойгоо сонсож төвлөрөх нь чухал.

Осборны хэлснээр "Таны хийж байгаа зүйлийг гайхалтай хэмээн танд урам зориг өгөх олон хүнтэй та таарах болно. Мөн таныг тэнэг зүйл хийж, цагаа дэмий үрж байна гэх хүмүүс ч таарах болно. Тэдгээр хүмүүс хэн нэгний төлөө ажиллан бэлэн цалин олж байгаа бол та оргүй хоосноос эхэлж байгаа учраас эхний хэдэн жилийг амаргүй өнгөрөөх нь дамжиггүй. Тиймээс та энэ бүхнийг ойлгож, эерэгээр хүлээж авах хүч зоригтой байх хэрэгтэй".

Бусдын амжилтын төлөө биш, өөрийн мөрөөдлийн төлөө ажилласнаар урт хугацаандаа мэдээж хожих болно. 

8. Битгий хүлээ

"Live Wire Media Relations"-ийг үүсгэн байгуулагч, захирал Крисса Зиззосын бодлоор хүмүүс дуртай ажлаа бий болгох гэж хэдий чинээ удаан хүлээнэ, төдий чинээ амжилт муутай байдаг байна. Өөрийн мөрөөдөж байгаа бизнесийг нэн даруй эхлүүл. Учир нь та нас нэмэх тусмаа эрсдэл хүлээх зориг зүрхгүй болно" хэмээн тэрээр зөвлөжээ.

9. Удаанаар эхэл

Мэдээж аливааг хурдан шуурхай эхлүүлэх нь ухаалаг үйлдэл мөн. Гэхдээ энэ нь таныг нуурын хамгийн гүнзгий хэсэг рүү үсэрч ор гэсэн үг биш. Хөлөө усанд дүрэхээс бэрхшээх хэрэггүй. Илүү гүнзгий шумбахын тулд эрэг хэсгээр дасгал хийн чадваруудаа нэмэгдүүл.

Сэм Лаллиберт дэлхийгээр аялаж, блог бичихийн тулд өөрийн эрхэлж байсан ажлаас жилийн өмнө гарчээ.Түүний аялалынхаа талаар хуваалцдаг бичлэг нь илүү сайн болсноор амжилтын гараагаа эхлүүлсэн байна. Түүний зөвлөснөөр эхлэх хэсэгтээ сайн бодож, мөрөөдлийн ажлаа бүтээж эхэл гэжээ. Ажиллаж эхлэхээсээ өмнө хэдий чинээ сайн бодож төлөвлөнө төдий чинээ ажилдаа дурлах бөгөөд явц дундаа хэрэгтэй нөөц, харилцаа холбоо зэргийг бий болгох боломжтой гэжээ.

10. Мэргэжлийн хичээлд хамрагд

Igniting Business компанийн үүсгэн байгуулагч Бэн Сэйдэл “Хэн нэгэн өөрийн карьераа өөрчлөхөөр шийдэж, хүсэл эрмэлзлэлээ дагахаар болсон бол эхлээд салбарын мэргэжилтнүүдийн бэлтгэсэн зарим нэг курс, хичээлүүдэд хамрагдаж үзэхийг зөвлөе. Ингэснээр тухайн салбар танд тохирох эсэхийг шийдэхэд хялбар байх болно гэжээ. Өөрийн авьяас чадвараар дэнчин тавихийн тулд мэргэжлийн хичээл, сургалтанд хөрөнгө оруулахад гэмгүй.

11. Бардам зангаа хойш тавь

Яан Гловац бол Jana Public Relations компанийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч бөгөөд карьераа цоо шинээр эхлүүлэх талаар нэлээдгүй туршлага хуримтлуулсан нэгэн юм.

Тэрээр: "Миний та бүхэнд өгч чадах гол зөвлөгөө бол бардам зангаа хая” хэмээн Гловац нэгэнтээ хэлжээ. Хэдийгээр тэрбээр үл хөдлөх болон санхүүгийн салбарт ажилладаг байсан ч олон нийттэй харилцах ажилд зориулагдсан хүн гэдгээ ямагт мэдэрдэг байлаа. Тиймээс Гловац их сургуульд дахин суралцахаар шийдэн, өөрөөсөө олон дүү коллежийн оюутнуудын хамтаар суралцаж эхэлжээ.

“Би тэднээс бага зэрэг ахмад ч гэлээ, бидний туршлага яг адилхан хязгаарлагдмал байлаа. Би илүү даруу байж, маш олон зүйлийг сурч, хэрэгжүүлэх хэрэгтэйг ойлгохоор барахгүй өөрөөсөө олон дүү хүмүүсээс ч суралцах боломжтойг ухаарсан юм" гэж Гловац дурссан байдаг.

Хэрвээ та аливаа нэг албан тушаал дээр байгаа бол тухайн ажлын хүрээнд танд оногдож буй зорилго, төсөл, даалгаврууд зэргээс өөрийгөө дээгүүр тавих хэрэггүй ажээ.

12. Шийдвэрээ бататгах арга замуудыг ол

Шинэ карьер эсвэл бизнесийг эхлүүлэх шийдвэр гаргах нь магадгүй хамгийн хэцүү байдаг. Яагаад гэвэл өөрийн сонголтондоо үнэнч байх нь маш чухал гэж зохиолч Халона Блак үзжээ.

"Би анх боловсролын талаар зөвлөгөө өгөх бизнесээ эхлүүлж байхдаа өөрийгөө хийж чадна гэдэгт итгэл бага байсан. Тиймээс би эхлээд туршиж үзэхээр шийдэж, нэрийн хуудсаа хэвлүүлж, блог бичиж эхэлсэн” хэмээсэн байна.

Блог хөтөлснөөр зорилгодоо итгэхэд нь түүнд тусласан бөгөөд тун удалгүй бизнес нь цэцэглэсэн юм.

13. Тэвчээртэй бай

Тереза Роерийн хувьд АНУ-ын агаарын цэргийн хүчинд мэс заслын сувилагчаар ажиллаж, эмчилгээний багийг удирдаж байсан бөгөөд үүний дараагаар өөрийн гэсэн жижиг бизнесээ эхлүүлж, амьдралаа зоригтой өөрчилсөн нэгэн билээ. Мөрөөдлийн ажлыг олох гол үндэс нь судалгаа хийж, өөрийн зорилгынхоо төлөө урагшлах явдал юм хэмээн тэрээр зөвлөдөг.

"Та маш олон саад бэрхшээлтэй учирч, алдаа уналтаар дүүрэн байх болно. Гэвч энэ бүхэнд толгой гудайж болохгүй. Маш хурдан эргэн босох хэрэгтэй гэж Роер хэлжээ.