Хүүхдийнхээ шийдвэр гаргах чадварыг нь хөгжүүлэхэд туслах 5-н зөвлөгөө

Насанд хүрэгчдийн адил хүүхдүүд өдөр тутамдаа маш олон төрлийн шийдвэрийг гаргаж байдаг. Таны хүүхэд ямар араншин гаргах, ямар тоглоомоор тоглох, аль номыг унших, зурагтаар аль хөтөлбөрийг үзэх зэрэг маш олон сонголтуудаас шийдвэр гаргадаг. Тэр ч бүү хэл хүүхэд нас нэмэх тусмаа өөрийн гэр бүл, найз нөхөд, сургуулийн амьдралтай холбоотой илүү том шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болно.

Эдгээр шийдвэрүүд нь түүний сэтгэлзүйн байдал, сэтгэцийн хөгжил төдийгүй харилцаа холбоо тогтоох, амжилт гаргах гэх мэт үйлүүдэд нь нөлөөлдөг байна. Тиймээс хүүхэддээ зөв, сайн шийдвэр гаргаж сурахад нь туславал таны хүүхэд илүү бие даасан, хариуцлагатай, амжилттай нэгэн болж төлөвших юм.

Хүүхдийн шийдвэр гаргах чадвар хэрхэн хөгждөг вэ?

Хүүхдийн шийдвэр гаргах чадвар нь аажмаар хөгждөг ба ойр дотны хүмүүсээс суралцсан үнэ цэнийн тухай ойлголтуудаас хүчтэй хамаардаг байна. Ингэхдээ бусдыг буюу ихэвчлэн эцэг эх, асран хамгаалагчдаа ажиглах, тэдний аливаа үнэ цэнийн тухай ойлголтуудыг хэрхэн хэлэлцэж буйг нь сонсох, шийдвэр гаргах боломжуудыг ашиглан үр дагаврыг нь өөр дээрээ мэдрэх зэрэг тохиолдол бүрт уг хөгжил аажмаар явагдаж байдаг.

Хүүхдийн шийдвэр гаргалтыг хөгжүүлэх гол чадварууд нь:

  • Шийдвэр гаргах хэрэгтэй үеийг тодорхойлох
  • Боломжит хувилбаруудыг олж харах
  • Хувилбаруудыг үнэлэх, тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх стратегийг сонгох, хэрхэн хийх талаар эргэцүүлэх зэрэг юм.

Нөхцөл байдлыг болгоомжтой эргэцүүлсний дараа, шийдвэр гаргах боломжит сонголтуудыг жигнэж үзсэнээр тухайн хүүхэд илүү сайн шийдвэр гаргах болно. Мөн түүнчлэн, тухайн шийдвэрийг гаргахад нөлөө үзүүлэхүйц бусад хүмүүсийн байр суурийг бодолцож үзэх нь зүйтэйг ч ойлгож эхэлнэ.

Ингээд хүүхдийн шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг доорх таван арга замыг танилцуулъя.

Эцэг эх болон асран хамгаалагчид хүүхэдтэйгээ хамтран хэрхэн сайн шийдвэр гаргах арга замуудыг үр бүтээлтэй давтаж, туршсанаар уг чадварт суралцах боломжтой.

1. Хүүхдийг сонголт хийлгэж дадуулах

Хүүхдэд сонголт хийх боломжийг олгосноор хариуцлагаа ухамсарлах түвшинг нэмэгдүүлэхээс гадна шийдвэр гаргах ур чадварыг ч дээшлүүлдэг. Хамгийн чухал нь сонголт зөвхөн тэдний гарт бий гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй ба аль ч сонголтыг хийсэн эцэг эх нь тааламжтай хандана гэж ойлгуулах нь чухал. Эцэг, эхийн зүгээс хүүхдийнхээ хийсэн сонголтыг сонирхож буйгаа илэрхийлэх нь уг шийдвэр төдий чинээ чухал гэсэн сэтгэгдлийг төрүүлэх ба ингэснээр хүүхэд өөрийн шийдвэрт итгэлтэй болдог.

2. Тухайн өдөрт гаргасан шийдвэрийн тухай ярилцах

Эцэг, эхчүүд өөрсдийн шийдвэр гаргах үйл явцдаа хүүхдийг татан оролцуулах хэрэгтэй. Жишээлбэл: “Ээж нь эрүүл, эрч хүчтэй байх үүднээс спортоор хичээллэх үү эсвэл бүжгэнд явсан дээр үү” гэж хүүхдээсээ асууж болох юм. Хувилбарууд тус бүрийн давуу болон сул талуудыг хамтдаа ярилцсанаар таны хүүхэд аливаа хувилбаруудыг бүрэн хэмжээнд үнэлэх чадварт бага багаар суралцана.

3. Шийдвэр гаргах үе шатуудын дагуу ажиллахыг нь дэмжих

Аливаа шийдвэрийн тухай бодох чадвараа хөгжүүлэхийг нь дэмжихийн зэрэгцээ тэдэнд шийдвэр гаргах үе шатуудын тухай доорх байдлаар ойлгуулж, тэдгээрийг хэрхэн зөв ашиглахыг зааж, чиглүүлэх хэрэгтэй.

  • Шийдвэр гаргах үеийг тодорхойлох
  • Хувилбаруудыг бодолцох
  • Хувилбаруудыг үнэлж, хамгийн боломжит хувилбарыг сонгох
  • Сонголтоо хэрэгжүүлэх, үйл явцыг шалгаж, дүгнэх

4. Бодлоготой шийдвэрүүдийг дэмжих үүднээс асуулт асуух

Тухайн хувилбарыг хэрхэн сонгосон талаар сонирхон, нээлттэй асуултууд асууж заншвал таны хүүхэд сонголтуудыг үнэлж, тэдгээрээс гарч болох үр дагавруудыг урьдчилан  харах чадвартай болно. Жишээ болгож зарим асуултуудаас дурьдвал “Тухайн сонголтын юу нь чамд таалагдсан бэ?” “Энэ хувилбарыг хамгийн сайн нь гэж үзэхэд юу чамд юу нөлөөлсөн бэ?” “Бүгдээрээ энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?” гэх мэт.

5. Хүрч болохуйц зорилго тавихыг нь дэмжих 

Хүүхдийг өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд бодож, төлөвлөх үйл ажиллагааг нь сайтар дэмжих хэрэгтэй. Ингэснээр шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх гэсэн хоёр үйлдлийн уялдаа холбоог ойлгож эхэлдэг. Гэхдээ тухайн зорилго нь хүрч болохуйц байхаас гадна хүүхдийг сэдэлжүүлдэг байвал зохино. Нэмж хэлэхэд, зорилгодоо хүрэх үе шатууд тодорхой, энгийн байхаас гадна хүүхэд өөрөө зохион байгуулж, удирдах хэмжээний жижиг ажлуудаас бүтсэн байх хэрэгтэй.

Зорилгодоо хүрэх алхам хийж, дэвшил гаргасны дараа тухай бүрт нь хүүхдийг магтах, шагнах гэх мэт урамшууллын аргатай байхыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. Мэдээж ямар зорилго тавих нь тухайн хүүхдээс шалгаалах боловч зарим ухаалаг зорилгуудаас та бүхэнд танилцуулбал шатар тоглох, усад сэлж сурах гэх мэтээр өөртөө шинэ чадвар бий болгох эсвэл төгөлдөр хуураар нэг аяыг шинээр тоглож сурах, спортын чадвараа сайжруулах гэх мэт сургуулийн болон бусад үйл ажиллагаатай холбоотойгоор өөрийн чадваруудаа ахиулах зорилгууд байж болно. Мөн хүссэн зүйлээ худалдан авахын тулд мөнгөө хадгалж, цуглуулах гэх зэрэг хэмжигдэхүйц жижиг зорилнуудыг ч тавьж болох юм.