Хурууны хээ болон биеийн чадвар - ярилцлага

Би дерматоглифик буюу хурууны хээ судлалтай анх Ломоносовын нэрэмжит Москва хотын Улсын Их Сургуулийн Хүн судлалын тэнхимээс зохион байгуулсан лекцэнд суухдаа шинжлэх ухаан талаас нь танилцсан юм. Тэгэхэд хүн судлалын чиглэлээр нэрд гарсан Татьяна Дмитриевна Гладкова хурууны хээ судлалын талаар сонирхолтой лекц уншиж байсан юм.

Тухайн үед буюу 40 орчим жилийн өмнө хурууны хээ судлал нь үндэстэн, угсаатан судлалтай холбоотойгоор судлагдаж байсан бөгөөд олон үндэстнүүдийг хурууны хээгээр нь ялгахад хэрэглэж байсан.

Тэр үед Татьяна Дмитриевна хурууны хээ болон бие бялдрын чадварын талаар судалгаагаа сармагчин дээр хийж эхлүүлсэн. Сухум хот дахь сармагчин тэжээврийн газар бид судалгаа хийсэн юм.

Үүний дараа бид спортын салбарт, улсын шигшээ багтай хамтарч ажилласан. Гол асуудал нь тухайн хүнд ямар спортын төрөл тохирохыг буюу зөв спортын чиглэлийг сонгоход туслах нэгдсэн үзүүлэлт бий болгох асуудал дээр анхаарч ажилласан.  

Бид тухайн үеийн хүүхдүүдийн бэлтгэл, сургуулилтын байдлыг илэрхийлсэн үзүүлэлтүүдийг ашиглаж байсан бөгөөд миний сонирхлыг хурууны хээний үзүүлэлт татаж байлаа. Бид хурууны хээний үзүүлэлтүүдийг өндөр амжилт үзүүлсэн спортын төрлүүд дэх чанарын үзүүлэлтүүдтэй холбож үзэхээр болсон юм.

Тэр үед манай тамирчид ихэнх төрлийн спортуудад өндөр амжилт үзүүлж байсан болохоор тухайн төрлийн спортоос амжилт үзүүлсэн тамирчдыг сонгон судлахад тэрхүү спортын төрөлд амжилт гаргахад нөлөөлөх сэтгэл зүй, бие бялдар, биеийн хэмжээ гэх мэт бусад бүх шинж чанаруудыг илэрхийлсэн үзүүлэлт бүхий загвар бэлэн байлаа.      

Үүний тусламжтайгаар бид олон төрлийн спортын тамирчдын хурууны хээний шинж байдлын талаар гайхалтай мэдээлэлтэй болсон юм. Энэ нь хурууны хээ болон хүний зан чанар, бие бялдрын чадварын үзүүлэлтүүд нь хоорондоо холбоо хамааралтай болох талаар системтэй ойлголттой болох боломжийг олгосон юм.

Тамирчдын хурууны хээний үзүүлэлт нь өсөх тусам эхлээд хурд, хүч шаардсан спорт тэдэнд тохирч, дараа нь тэсвэр хатуужил шаардсан спортын төрлүүд тохирч, дараа дараагийн шатуудад тэнцвэр шаардсан зэргээр спортын төрлүүд харгалзан тохирч байлаа.

Хэдийгээр тамирчныг аль спортын төрөлд тохирохыг сонгоход бие бялдрын чанар нь чухал үзүүлэлт байдаг боловч сэтгэл зүйн онцлог байдал нь мөн чухал байдаг. Жишээ нь флегматик төрлийн хүн хурдны гүйлтээр хичээллэгч гэж төсөөлөхөд бэрх бөгөөд хурдны гүйлтийн тамирчин бол мэдээж холерик эсвэл сангвиник байх нь илүү тохиромжтой.

Генетик тестийн хэрэглэж байгаа програм нь гарын хурууны хээний мэдээллийг унших маш сайн сканертайгаас гадна програм нь өөрөө тухайн хээг боловсруулах сайн мэдээллийн баазтай юм. Энэ нь яагаад чухал байдаг вэ гэхээр өөр 2-3 ижил төрлийн програм байдаг бөгөөд тэдгээр нь 20-35 хувийн алдаа гаргах магадлалтай байдаг бол Генетик тестийн програмын хувьд хурууны хээний мэдээлэл алдаатай байх магадлалыг хамгийн бага болгохоос гадна энэ талын мэдлэгийг өргөн хүрээнд ашиглаж чадсан програм болж чадсан байсан.