Хүүхдэдээ урам зоригтой болоход нь хэрхэн туслах вэ?

Эцэг эхчүүд хүүхдээ цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхгүй байна хэмээн санаа зовохдоо “даалгавраа хийсэн үү?”, “ном унш” гэх зэргээр янших гээд байдаг боловч энэ нь бодит байдал дээр хүүхдэд тань эсрэгээрээ үйлчлэх талтай байдгийг мэдэх үү? Өөрөөр хэлбэл хүүхдээ хэрэгтэй зүйл хийгээсэй гэсэндээ бид буруу аргаар урам зориг, мотивац өгөх гэж оролдсоноос болж хүүхдийн өөрөө хийх хүсэл сонирхлыг нь мохоож болзошгүй.

Хэрэв таны хүүхэд хийх ёстой ажлаа хийхгүй байвал хүүхдийнхээ орон зай руу хэт их орж, шахсанаас илүү түүнийг хариуцлагатай байлгахын тулд бодит амьдрал дээр хэрхдэг талаар, хийх ёстой ажлаа хийхгүй бол “том болоод цалин авахгүй” гэх байдлаар буруу сонголтын үр дагаварыг нь тайлбарлаж өгөх нь илүү үр дүнтэй байдаг.

Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдийнхээ амжилттай байх эсэх нь эцэг эхчүүд биднээс шалтгаалдаг гэж боддог учраас хэт их тэдний хэрэгт оролцдог, тэднийг хяналтандаа байлгахыг оролддог. Харамсалтай нь үүнээс болж хүүхэд таныг сөрөхөд хүргэдэг, эерэгээр хүлээн авсан ч, гол нь хүүхэд өөрсдийн хүслээр хийх, урам зориг авах чадварыг нь мохоодог. Зүй нь хүүхэд тань өөрсдийн хийсэн сонголтоо өөрсдөө хариуцах ёстой гэдгийг багаас нь тэдэнд ойлгуулж байх хэрэгтэй.

Хүүхдэд гэрийн даалгавраа хийх, ямар нэг хоббитой байх, гэрийн ажилд туслах зэрэгт гол нь хүүхэд урам зоригтой байх нь чухал байдаг. Зарим хүүхэд бусадтай харьцуулахад бага урам авдаг. Магадгүй таны хүүхэд юу ч сонирхдоггүй, хоббигүй байж болно, эсвэл бууж өгөөд дахиж оролдож үзэхээс халширч байж ч болох юм. Урам зориггүй байна гэдэг нь ирээдүйд өөрт нь тохирох, амжилттай байх ажил мэргэжлээ сонгоход нь сөргөөр нөлөөлдөгийг эцэг эхчүүд тэр бүр мэддээггүй.

Хэрэв та хүүхдийнхээ гэрийн даалгавраа хийхгүй байх, гэрийн ажилд туслахгүй байх, зан байдлын доголдолтой байх зэргийг нь тоохгүй бол та хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд та хариуцлага, үр дагаварыг нь тэдэнд ойлгуулан зөв чиглүүлж байх хэрэгтэй. Гэрийн даалгавраа хийснийх нь дараа видео тоглоомыг нь өгч байх хэрэгтэй. Хүүхдэд тань дургүй тодорхой ажил байвал тэрээр ямар ажил илүү сайн хийдэг тэр ажлаар нь сольж даалгаж болно. Хүүхэд тань аяга тавга угаах дургүй хэрнээ магадгүй төмс арилгах дуртай байж болох юм. Ийм байдлаар хүүхдээ өөрөөр нь өөрийгөө тодорхойлоход нь туславал маш сайн. Түүнийг амьдралдаа хийх ёстой үндсэн зүйлсийнх нь төлөө хариуцлагатай байх ёстой гэдгийг тэдэнд ойлгуулаарай.

Хүүхдээ урам зоригтой байлгахын тулд хэрхэх талаар 6 зөвлөгөө бэлдлээ.

  1. Тэднийг урам зоригтой болгохын тулд хэт их анхаарахгүй байх.

Хэт их анхаарна гэдэг нь тэднийг хяналтандаа байлгах гээд байдаг талаар дээр дурдсан. Үүнээс болж хүүхэд тань өөрсдийг нь тайван үлдээхийг хүсдэг тул нэг бол таныг эсэргүүцдэг, эсвэл таныг тайвшруулахын тулд л дагаж буй юм шиг жүжиглэхэд хүргэдэг. Үүнээс болж хүүхэд өөрөө урам зоригтойгоор хийх тэр хүслийг нь үгүй хийдэг. Хэт их анхаарал, сэтгэл зовнил хүүхэд болон таны хооронд тэмцэл үүсгэх талтай гэдгийг анхаар.

  1. Урам зориг өгөх.

Хүүхдээ өөрсдөө урам зориг олж авах байдалд хүргэх хэрэгтэй. Таны үйл, байдал хүүхдэд урам зориг өгөхөөр байна уу? эсвэл тэднийг хяналтандаа байлгах маягтай байна уу? өөрөөсөө асуугаад нэг үзээрэй. Хэрэв та хүүхдээ хэт өөрийнхөөрөө байлгахыг хүсвэл тэднийг мохоох болно гэдгийг ойлгоорой.

  1. Тэднийг өөрсдөө сонголт хийхийг нь зөвшөөр.

Хэрэв тэд буруу сонголт, үйлдэл хийсэн бол түүнээс болж ирэх үр дагаварыг нь аль болох тэднээр өөрсдөөр нь мэдрүүлж түүнээсээ суралцах боломжийг тэдэнд олго. Хэрэв гэрийн даалгавараа хийгээгүйгээс компьютер тоглоомыг нь хурааж авсан бол гэрийн даалгавраа хийснээр буцааж авах боломжийг нь түүнд өгдөг байх хэрэгтэй. Энэ нь та хүүхдэдээ үглээд байхгүйгээр, зөв чигт нь мотивацжуулах нэг арга юм. Эцэг эхчүүдийн нэг анхаарах зүйл бол би юуг тэвчих вэ? Миний гол зарчим юу байх вэ? гэдгийг өөрөөсөө асуудаг байх ёстой.

  1. Хүүхэд тань юу хүсэж байна вэ?

  • Юу таны хүүхдийг урамшуулж байна вэ? Мотивацжуулж байна вэ?
  • Тэд юу хүсэж байна вэ?
  • Тэдний сонирхолыг ил гаргахын тулд эцэг эх юу гэж асуух вэ?
  • Тэдний зорилго юу вэ?

Хүүхдээ тусдаа бие хүн гэж харахын тулд аль болох зайнаас ажиглаарай. Дээрх асуултуудад хариулт авахын тулд түүнтэй ярилцах хэрэгтэй. Дараа нь эцэг эх өөрийнхөө сонсохыг хүссэн зүйлийг л сонсохын тулд биш, хүүхдийнхээ юу хэлэхийг нь анхааралтай сонсоорой. Түүнтэй санал нэг биш байсан ч, хариултад нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

  1. Хүүхдээ зөв зүйл хийх хүслийг нь төрүүлээрэй.

Эцэг эхчүүдэд 2 зам байна гэж бодъё. Эхнийх нь хүүхдээ зөв зүйл хийдэг байгаасай гэж боддог хүмүүс: өглөө эрт босох хэрэгтэй, сургуульдаа явах хэрэгтэй, гэрийн даалгавраа хийх хэрэгтэй, амжилттай байх хэрэгтэй гэх мэт. Хоёр дахь нь эдгээр зүйлсийг өөрийнхөө хүслээр буюу мотивацаар хийлгэдэг байх. Өөрөөр хэлбэл тэд юу сонирхож байна тэр замаар явахад нь зөвөөр нөлөөлнө гэсэн үг. Хэрхэн зөв зүйл хийхийг өөрсдөөр нь хүсүүлэх тухай юм.

Ийм хандлагатай болохын тулд эцэг эхчүүд Гэрийн даалгавраа хийсэн үү гэж асуухын оронд яагаад гэрийн даалгавраа өчигдөр биш, өнөөдөр хийх болов? Би чамайг өчигдөр геометрийн даалгавраа хийлгүй, түүхийн хичээлээ давтсаныг анзаарсан юм. Ялгаа нь юунд байна? Гэх зэргээр асуудаг, хүүхдээ өөрсдөөр нь урам зориг авдаг зүйлээ олоход нь тэдэнд тусладаг, тэднийг судладаг, ойлгодог эцэг эх байхыг хичээгээрэй.

  1. Хүүхдийн тань хандлага таны буруу биш.

Хүүхэд тань ямар нэг зүйлээс урам зориг авахгүй байвал энэ нь таны буруу биш юм, та хэт санаа зовоод хутгалдаад ирэх л юм бол эсэргүүцэлтэй тулгарна, улмаар энэ нь хүүхэд болон таны хооронд сөрөг хана босгох болно. Хэт их санаа зовоод ирэхээр л тэднийг тусдаа хүн гэдгийг нь мартаад бүх зүйлийг нь заах гээд байдаг. Хэрэв та холоос ажиглаж чадвал хүүхдээ хувь хүн гэдэг талаас нь харж чадвал тэднийг илүү сайн ойлгох боломжтой болж, өөрсдийгөө ойлгоход нь туслах болно. Холоос ажиглаад тэд юу илүү сайн хийж байна вэ? Юу тэднийг илүү мотивацжуулж байгааг мэдэх хэрэгтэй.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ аль болох алсаас харж тэд өөрийгөө хэн болохыг, ямар сонирхолтой болохоо олох боломжийг нь тэдэнд өөрсдөд нь олгохын сацуу тэдэнд хэрэгтэй үед нь тусладаг байх хэрэгтэй.