Хүүхдээ өөртөө итгэлтэй болоход нь туслах 10 зөвлөгөө

Хүүхэд төрсөн цагаасаа л шинэ зүйлс туршиж үзэж, шинэ шинэ чадваруудыг олсоор байдаг ба энэ бүрт өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Өөрийн чадвартаа итгэдэг болох нь цаашдын амьдралд нь юу юунаас илүү чухал зүйл юм.

Энэхүү нийтлэлээрээ эцэг эхчүүд хүүхдэдээ өөртөө итгэлтэй болоход нь хэрхэн туслах талаар зөвлөгөө бэлдлээ.

1. Алдаа гаргахыг зөвшөөр

Хүүхдэдээ хүн бүр алдаа гаргадаг, гэхдээ гол нь алдаанаасаа суралцдаг байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ алдаж болохгүй гээд хэт өндөр шаардлага тавихаар тэд алдаа гаргахаасаа айдаг, шинэ зүйлсийг туршиж үзэхээсээ болгоомжилж, алдаа гаргахгүй л бол болох юм байна гэх байдлаар асуудалд хандах маягтай болдог. Тэдэнд гол нь алдаанаасаа суралцах нь чухал юм шүү гэдгийг ойлгуулаарай.

2. Шинийг туршиж үзэхийг нь дэмжих

Зөвхөн сайн хийж чаддаг зүйл дээрээ л төвлөрөхөөс гадна, шинээр сурч болох чадваруудыг нь ч мөн дэмждэг байвал шинэ чадвар эзэмших бүрт хүүхдэд "ямар ч асуудал тулгарсан болгочих юм байнаа" гэсэн итгэлийг бий болгодог.

3. Цөхөршгүй байдлыг магтах

Бүтэлгүйтэлд бууж өгдөггүй байх, алив саадыг давахын тулд дахин оролддог байх нь амьдралд төлөвшүүлэх хэрэгтэй чадваруудын нэг юм. Бэрхшээл, саад бол тулгарна, гол нь цөхөршгүй байх нь чухал юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй.  

4. Ямар хүсэл, сонирхолтой байгааг нь олоход туслах

Хүүхдээ ямар хүсэл, сонирхолтой байгааг нь тэднээс асууж, олоход нь туслаарай. Төрөлхийн ямар авъяастайг нь хэрэв мэдэж чадвал өөртөө итгэлтэй болоход нь түүнээс илүү тус юу байх билээ. Учир нь хэн ч гэсэн сайн хийж чаддаг зүйлсээ бүрэн итгэлтэйгээр хийх нь ойлгомжтой.

5. Зорилго тавих

Том, жижиг зорилго тавин түүнийгээ хэрэгжүүлэх бүрт хүүхэд өөртөө илүү итгэлтэй болж байдаг. Тэдэнд хүсэл, мөрөөдлөө зорилго болгон тодорхойлоход нь тусладаг байх, ингэхдээ зорилгыг нь бодитой хэрэгжиж болохуйц ажлуудад хувааж, жагсаалт гарган хэрэгжүүлэхэд нь туслаж байгаарай.

6. Оролдлогыг нь урамшуулах

Хүүхдээ ямар нэг хэмжээгээр амжилт гаргах бүрт нь магтаж, урамшуулдаг байх хэрэгтэй. Шинэ чадвар эзэмших нь амаргүй, хугацаа болон хүчин чармайлт хэрэгтэй байдаг тул, үр дүн ямар байхаас үл хамаарч оролдлого бүрт нь хүүхдээрээ бахархаж байгаагаа тэдэнд хэлж байгаарай. Бага насны хүүхэд лего тоглоомоороо байшин барихад ч тэр, өсвөр насны хүүхэд гитараар ая тоглож сурахад ч адилхан магтаалын үгээ битгий харамлаарай.

7. Туслалцаа авах

Хүүхдийнхээ насанд тохирох ажлууд даалгаж, хийлгэж байх нь тэдэнд өөрийгөө "бусдад хэрэгтэй хүн" гэсэн итгэлийг төлөвшүүлж байдаг. Жишээ нь: тоглоом авч өгөхдөө тэднээр өөрсдөөр нь сонгуулах, аяга тавга угаалгах, хоол хийхдээ туслуулах г.м.

8. Төгс төгөлдөр биш зүйлд дасгах

Бүх зүйл төгс төгөлдөр биш гэдгийг хүүхдэдээ аль болох багаас нь ойлгуулбал сайн. Ялангуяа өнөөдөр сошиал орчинд хүмүүс ихэвчлэн амжилттай байгаагаа, аз жаргалтай байгаагаа, хөөрхөн байгаагаа л илүү ихээр пост оруулдагаас бүх зүйл төгс байх ёстой гэх хандлагыг бага болон өсвөр насныханд суулгачих талтай байдаг. Үүнээс болж төгс биш байдалдаа сэтгэл гутрах, өөрийгөө голох зэрэг хандлага үүсч болзошгүй тул төгс биш байх нь хэвийн зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

9. Амжилт руу чиглүүлэх

Тэд хаана илүү амжилт гаргаж болохоор байна? Тэр газар нь хаана байгааг олоход нь хүүхдэдээ туслах, тэрхүү сайн хийж чаддаг зүйл рүү нь чиглүүлж өгснөөр тэд илүү өөртөө итгэлтэй болох болно.

10. Хайрлах

Юу ч болж байсан эцэг эхчүүд хүүхдэдээ хайртай шүү гэдгээ тэдэнд мэдрүүлж байх хэрэгтэй. Ялсан ч, ялагдсан ч, онц сурсан ч, муу сурсан ч, уурлаж байсан ч эцэг эх нь үргэлж хайртай гэдгээ хэлж байгаарай. Энэ нь тэдэнд өөртөө итгэх итгэлийг өгч, зорилгодоо хүрэхэд нь урам зориг өгч байх болно.