Иодын дутагдал нь хүүхдийн IQ-г 10-15% бууруулдаг.

Иод нь тархины хөгжил, биеийн өсөлт, нөхөн төлжилт, бодисын солилцоо, бамбай булчирхайн дааврын солилцоонд чухал нөлөөтэй эрдэс бодис юм. Жирэмсэн үед  иодын хэмжээ хангалттай байх нь хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжилд эерэгээр нөлөөлж, оюуны чадамж (IQ)-ийг 10-15 хувь нэмэгдүүлдэг гэнэ.  Эрүүл саруул, хэвийн оюун ухаантай хүүхэд төрүүлж чадах уу, үгүй юу гэдэг нь бамбай булчирхайн үйл ажиллагаа буюу иодын хэмжээнээс шууд шалтгаална гэдгийг мэргэжлийн эмч нар сануулсаар байна.

Дэлхийн хүн амын 30 хувь нь, Монгол улсын газар нутгийн 80 гаруй хувь нь иодын дутагдалтай бүсэд хамрагддаг аж.

 

2017 онд хийгдсэн "Хоол тэжээлийн үндэсний V судалгаа "-аар иодын дутагдал нь нярай, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд өндөр тархалттай байгаа нь тогтоогдсон. Жирэмсэн үеийн иодын дутал нь ургийн тархи саажих, мэдрэлийн системийн хөгжил удаашрах, ургийн жин буурах, ураг зулбах, цаашлаад хүүхдийн оюуны хөгжил хоцрогдох,  хэл ярианы гажиг үүсгэх зэрэг хүндрэлүүдийг бий болгодог.

Иодыг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан авах боловч манай улсын нийт хүн амын хувьд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ багатай тул илүү өртөмтгий хэвээр байсаар байна.

Бидний жирэмсэн үедээ уудаг нэмэлт бэлдмэлүүд болох Элевит, Прегнант зэрэг нэмэгдлүүд нь иод агуулаагүй байдаг байна.

Монгол Улсад жирэмсэн эмэгтэйчүүдийн иодын хангамж дутмаг байгаа тул ургийн хөгжил, эхийн сүүгээр хооллодог нялх хүүхдэд иод дутлын шалтгаантай эргэшгүй эмгэг өөрчлөлт үүсэх эрсдэл оршсоор байна. Эрүүл хүн хоногт 100 микрограмм, жирэмсэн эмэгтэй 150-200 микрограмм иод хэрэглэх ёстой. Гэхдээ иод хэрэгтэй гээд хэмжээг нь хэтрүүлвэл хордлого үүсгэх аюултай.  Танд иодын илүүдэл/дутагдал байгаа эсэхээ шинжилгээгээр тодорхойлуулсны дараагаар нэмэлтээр хэрэглээрэй.

 

Эх сурвалж

  1. World Health Organization
  2. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн, Хоол судлалын төв,  "Хоол тэжээлийн үндэсний V судалгаа’’