Спортын сэтгэл зүйч нь хэдий сүүлд бий болсон мэргэжил боловч сүүлийн үед нэлээд эрэлттэй ажил болоод байна. Тэд тамирчдыг тэмцээнд ороход нь зоригжуулж сэтгэл зүйн хувьд бэлэн байдалд байлгах үүргийг гүйцэтгэснээр ялалтанд хүргэдэг. Ихэнхдээ тэдний нэр нь дурдагддаггүй бөгөөд жирийн сэтгэл зүйчдээс юугаараа ялгаатай вэ?
Спортын сэтгэл зүйчид тамирчид болон дасгалжуулагчдыг тусгай аргаар сургаж, бэлтгэл болон тэмцээний үед үүсэх төрөл бүрийн сэтгэл санааны хямралаас сэргийлэх, гарахад нь тусладаг. Тамирчдад тулгарах дасгалжуулагч солигдох, бэртэл авах зэрэг тохиолдлуудад хүнд байдлаас гарахад нь туслаж, урам зориг өгөхөөс гадна тэдэнд тэмцээний дараа нөхөн сэргээлт өгөх, тамирчдын хувийн зан чанартай холбоотой аливаа асуудлуудыг шийдвэрлэх зэрэг үүргүүдтэй байдаг.
Спортын сэтгэл зүйчид өөртөө итгэлтэй байх, тактикийн арга ухаан зэрэг гол чадваруудыг эзэмшсэн байвал зохилтой бөгөөд тамирчдад тулгарах аливаа асуудлуудыг ойлгож шийдэх, туслалцаа үзүүлж байх нь спортод их чухал.
Тамирчдын хувьд сэтгэл зүйн бэлтгэл нь биеийн хүчний бэлтгэлээс дутуугүй чухал асуудал байдаг. Олимп дэлхийн аваргад амжилт үзүүлж байгаа улс орнуудын хувьд сэтгэл зүйн асуудалд чамгүй их анхаарал хандуулдаг.
Түүнчлэн спортын сэтгэл зүйчид тамирчдад тохирох спортын төрөл, байрлалыг сонгохдоо сүүлийн үеийн технологи болох Genetic test-ийг өргөн хэрэглэх болж ямар спортын төрөлд илүү амжилт үзүүлэхийг алдаа мадаггүй тодорхойлдог болоод байна. Ийнхүү тухайн тамирчин сайн хийж чадах зүйлээрээ хичээллэснээр сэтгэл зүйн хувьд давуу талыг бий болгож үр дүнгээ өгч эхлээд байна.